ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө

Х.Есү
2024/09/04

Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч В.В.Путинд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа.

Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Энэ удаагийн айлчлал Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн үдлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.61
    2024/09/04

    харанхуйгаар ирж харанхуйд буцлаа даа муу харх чинь

    Хариулах