Сүүний фермүүдэд үхрийн үүлдэр угсааг тодорхой болгох чиглэл өгөв
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Төв аймгийн Батсүмбэр, Сүмбэр, Дархан-Уул аймагт ажиллаж төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулж ажиллалаа.
Батсүмбэр сумын “Үдлэг Бургалтайн шим” фермийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хадлан тэжээл бэлтгэх, тарих гарц шийдлийн талаар аймгийн Засаг дарга, мал аж ахуйн мэргэжилтнүүдтэй уулзаж, ойрын хугацаанд сүүний чиглэлийн үхрийн үүлдэр угсааг төрөлжүүлж, нэгдсэн тоо гарган зохиомол хээлтүүлэгт боловсон хүчнээ бэлтгэхийг үүрэг чиглэл болголоо. “Үдлэг бургалтайн шим” хоршоонд нийт 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээний сүүг “Сүү” ХХК-д нийлүүлж байна.
Сүүний фермийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь өвс, тэжээлийн үнэ их байгаагаас үхрээ стандартын дагуу тэжээж чадахгүй байна. Иймд малчдад тариан талбайг нэмж олгон шим тэжээл сайтай тариалан эрхлэх боломжийг олгож өгөхийг хүсч байна. Түүнчлэн Батсүмбэр сум нь цахилгааны хүчдэл муугаас цахилгаан саалтуур, сүү хөргүүрийн төхөөрөмжөө ажиллуулах боломжгүй болж, өөрсдөө цахилгааны өсгөгч авч сүүгээ хөргөн компаниудад нийлүүлж байгаа талаар хэлсэн.
Цаашлаад сүүний урамшууллыг 09 дүгээр сараас 06 дугаар сар хүртэл олговол хаврын хатуу цагт өвс тэжээлээ бэлтгэхэд бодит дэмжлэг болно. Иймд салбарын яам тооцоо судалгаа хийж үзэх хүсэлтийг тавьж байлаа.
Мах, сүүний чиглэлийн үхрийн гол тэжээл нь эрдэнэшиш
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр яамны мэргэжилтнүүдийн хамт Төв аймгийн Сүмбэр суманд 80 га талбайд эрдэнэшиш тарьсан хөдөө аж ахуй судлаач, доктрант З.Чулуунцэцэгийн тариалангийн талбайтай танилцав. Эрдэнэшиш нь 66 хувийн цардуул, эслэг, уураг агуулдаг ургамал учраас мах, сүүний чиглэлийн үхэрт маш сайн тэжээл болдог гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарласан. З.Чулуунцэцэгийн хувьд өөрийн төрж өссөн Сүмбэр сумандаа эрдэнэшиш тариалж малын тэжээлийн зориулалттай дарш бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Эрдэнэшишийн даршаа Сүү ХХК-д нийлүүлж, мөн амтат чипс, дарс эсгэж байгаа талаар танилцуулав. Эрдэнэшишийн даршны борлуулалтын үнэ бусад тэжээлээс 1 дахин бага, ашиг шимийн хувьд 3 дахин их байгааг судлаачид онцолж байна.
Газар тариалангийн тоног төхөөрөмжийн судалгаа гаргах чиглэл өглөө
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Дархан-Уул аймагт газар тариалангийн техникийн 30 гаруй дилер аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид техникийн шинэчлэл болон ургац хураалтад шаардлагатай техникийн сэлбэг хэрэгслээр хангаж ажиллах талаар санал солилцож уулзлаа.
Аж ахуйн нэгжийн төлөөллүүд салбарын сайд, мэргэжилтнүүдээс асуулт асууж чөлөөтэй ярилцлаа. Төвийн бүсийг хөдөө аж ахуйн эрчимжсэн бүс нутаг болгон хөгжүүлэхэд тоног төхөөрөмж шаардлагатай. Иймд дилер компаниудын хувьд НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг тавьж байсан.”Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчид өвс, тэжээл тариалж эхэлсэн. Иймд малчдад хадлангийн тоног төхөөрөмжийг 50 хувийн хөнгөлөлтөд хамруулж өгөхийг хүслээ. Бага хүүтэй урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх саналыг олон дилер аж ахуйн нэгж гаргасан.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр дилер аж ахуйн нэгжүүд зохион байгуулалтад орж, зөвлөл байгуулаад тариалан, хөдөө аж ахуйн салбарт ямар хүчин чадалтай хэдэн тооны тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар тооцоолол гаргахыг хүсэн эргэж уулзахаар боллоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна