Улстөрчдийн "Төрийн алба дахь "гар, хөл"-ийг тасдъя"

Х.Батсайхан
2024/09/09

-Улстөрчид хулгай хийхээ больсон гэдийг төрийн албыг цомхотгож байж л харуулна-

Ардчилсан нам эрх барьж байх үед Засгийн газраас “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” хэмээх сүржин нэртэй тогтоол гарч, төсвийн албан хаагчдын зүрхэнд шар ус хуруулж байснаа жилийн дараа гэнэт шийдвэрээсээ буцаж, орон тоо цомхотгохын оронд цалин нэмэхгүй байхаар болж билээ.

Энэ нь үнэндээ ажилгүй болох төрийн албан хаагчдаа бодсон гэхээсээ илүү эвсэлд багтсан намуудын “шахаас”-ны хүмүүсийг авч үлдэх санаатай үйлдэл байсан юм. Тиймээс 40 хэдхэн албан тушаалтнуудыг “Цомхотгосон” гэж сүржин зарласан мөртлөө орон тоогоо улам нэмж, төрийн данхагар толгойгоо улам данхайлгасан байдаг.

2024 оны сонгуулиар байгуулагдсан МАН, АН, ХҮН эвслийн Засгийн газар “Төрийн албыг цомхон болгох” амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлэх ёстой.

Харин үүний тулд төрийн албыг цэвэр “төрийн алба” болгох шаардлага байна. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагад улс төрийн намын томлгоогоор ажилтан шахдаг байдлыг үгүй болгох ёстой. Улс төрийн намууд “Ажилд оруулна” гэдэг амлалтаа байхгүй болгож байж төрийн алба цэвэршинэ.      

Одоо яадаг вэ гэвэл, төрийн албаны ажилтнууд төрийн алба хаагч, улс төрийн шахаа гэсэн хоёр статустай. Төрийн алба хаагчдаа ТАЗ, улс төрийн томилгоотой хүмүүсээ улс төрчид нь мэддэг. Улс төрийн томилгоотой нөхдүүдэд ТАЗ хариуцлага тооцох боломжгүй. Үүнийг нь улстөрчид андахгүй, хүссэн хүнээ томилж, халж сольдог. Төрийн хулгай, төсвийн хулгай гэдгийг чухам ийм томилгоогоор очсон нөхдүүд хийдэг. Хийлгэдэг гэх ч юм уу.

Тиймээс төрийн албыг жинхэнэ төрийн алба болгоё гэвэл энэ асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй байна.

220,000-ыг 150,000 болгох биш, нийт хүн амын 6.8 хувь байгааг 4 хувь болгох биш. Тэдэн дунд “хулгайч” шургуулах замыг хаах нь л эхний ээлжинд хийх ажил болоод байна.   

Төрийн алба шинэ боловсон хүчнээр сэлбэгдэх нь буруу биш. Хамгийн гол нь төрийн алба нийтээрээ чанаржих ёстой. Гэтэл зарим байгууллага чадвар муутай ажилчдынхаа ажлыг хийлгэхийн тулд чадварлаг залуусыг авч, гүйцэтгэх ёстой үүргээс нь гадна өөр олон ажлаа хийлгэн дарамталдаг байдал хавтгайрсан байна. Даргын өгсөн үүрэг даалгаврыг доод ажилтнуудад дамжуулж хэлдэг, ажилтнуудын гүйцэтгэсэн ажлыг авч, "Би даргад танилцуулчихъя" гэдэг хурган дарганцарууд төрийн албыг муухай харагдуулж байна. 

Хэдэн жилийн өмнө “Яам болгонд нэг аймаар авгай байдаг” гэсэн нийтлэл гарч, анхаарал татаж байсан. “Миний дүү энийг хийгээд өгөөч”, “Миний дүү тэрийг хийгээд өгөөч, шагнана шүү” гэх маягаар ажлаа бусдаар хийлгэдэг, компьютерийн наад захын мэдлэггүй авгайчууд бусдын хөдөлмөрийг шулж мөлжөөд сурчихсан байдаг талаар өгүүлсэн энэ нийтлэлийн үнэ цэнэ одоо ч буураагүй байна.

“Болдог бол халчихмаар байна, даанч тэр даргын хүн. Өөрөө талхнаасаа салчих гээд байна” гэж ярьж байгаа дарга нар захаас аван тааралдана. Бид өөрсдөө ямар гээч улс бий болгоо вэ. Өнөөдөр төрийн албаны хамаг ажлыг чадварлаг цөөхөн хүн хийж, олонх нь давхар хувийн бизнес эрхэлсэн шиг сулдаа ганхаж явдаг болсон байна. Ажлын хажуугаар давхар бизнес эрхэлж болох ч эхлээд ажилдаа эзэн болох ёстой шүү дээ.  

Асуудлын гол учир чадваргүй хүнээр дарга тавьдаг тогтолцооноос л болж байна. Мэддэг, чаддаг хүнээр дарга тавьбал шаардлагаа хэнд ч тавиад чадваргүй хүмүүсийг халж солиод явж чадна. Чадваргүй, хөгийн бэртэгчингүүдээр дарга тавьж, тэд нь өөрөөсөө дор хүмүүсийг ажилд авдгаас болж төрийн алба хүчгүйдэж байна.

Өнөөдөр нэг байгууллагад жинхэнэ мэргэшсэн, аль ч төрийн үед байж л байдаг хүмүүс 80 хувь байхад мэргэжлийн бус, байнга солигддог, даргын татаасны буюу 1-2 жилийн настай “нүүдлийн шувууд” баттай 20 хувийг эзэлж байна.

Төсвийн байгууллагад орон тоо дур мэдэн нэмж, тодорхой хийсэн ажилгүй нөхдүүдэд сул цалин олгодог, үр хүүхэд, төрөл саднаа хоосон орон тоон дээр ажилуулсан нэрээр дансны аргаар мөнгө цохидог явдал байсаар байгааг АТГ-д шалгагдсан хэргүүдээс харагддаг. Гэвч нийтээр нь шалгаж, таслан зогсоох талаар довитой ажил явагдаагүй.   

Зай бөглөж байгаа хүн төрд ямар  нэмэргүй.  Мэргэжлийн бус хүн тул тэртэй, тэргүй ажил хийдэггүй. Магадгүй тэр хүн өөр газар, дуртай ажлаа хийгээд явсан бол илүү амжилт ч гаргаж, улс орондоо ч өөртөө ч тус нэмэр болж болох шүү дээ. Гэтэл төрийн албанд шигдэн өөрийгөө ч бусдыг ч хохироож байгаа юм. Төсвийн албан хаагчдад зарцуулж байгаа нийт цалингийн багаа л 20 хувь нь ийм бэртэгчингүүдэд зарцуулагдаж байна гэхээр үнэхээр харамсмаар. 

Сэтгүүл зүйд материалын усыг шахах гэдэг хэлц бий. Нийтлэлээс утга санааг бүдэгрүүлсэн, сунжруулж хүчгүйдүүлсэн хэрэггүй үг, өгүүлбэрийг нь авч хаяхыг ингэж хэлдэг. Хэрэггүй үг, өгүүлбэр хасагдсанаар сонины зай талбай хэмнэгдэхээс  нийтлэлийн утга төгөлдөржиж, хүч нь нэмэгдэн уншигчийн сэтгэл илүү тод, хүчтэй буух боломжтой болдог. Уншигчийн цагийг ч хэмнэдэг. Тэгвэл төрийн албан хаагчийг цөөлж,  цомхон, чадварлаг бүтэцийг бий болгох нь ижил нөлөө үзүүлнэ. Гол нь энэ ажлыг маш оновчтойгоор, эзнийг нь олж, аажмаар хийх ёстой юм.   

Хувийн хэвшилд ажиллаж хөдөлмөрлөж байгаа ямар ч хүн ажилдаа эзэн болж чаддаг. Чадваргүй, хэрэггүй хүнийг хэн ч сул цалинжуулахыг хүсэхгүй шүү дээ. Харин төрийн байгууллагад байдал эсрэгээрээ. Ширээний ард мануухай болж суудаг ийм нөхдүүд олшрохын хэрээр улсаас асар их хөрөнгө үргүй урсан гарч байгаад хэн ч дуугарахгүй байна.

Нийслэл, дүүргийн хэмжээнд, яам агентлагийн хэмжээнд гамшиг болж байгаа энэ асуудлыг хөндөж гаргах цаг нь болжээ. Амьгүй албатуудыг илрүүлэн гаргаж ирж, төрийн албанд бугшсан идээ бээр, усыг нь шахъя.





Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.161
    2024/09/09

    Яг үнэн, Монгол төрийг ийм бэртэгчингүүд муухай харагдуулж байна. Эднээс хурдан салах хэрэгтэй. Ингэж байж төр эрүүлжинэ.

    Хариулах