Сонгуулийн ерөнхий хорооноос Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хангах талаар зарим намын төлөөлөлд өнөөдөр (2024.09.20) сургалт, мэдээлэл хийлээ.
Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн нам үйл ажиллагаа, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангах, гишүүдээ сургаж бэлтгэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих зэрэг үүрэг хүлээсэн. Хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шаардлага хангаагүй бол идэвхгүйд тооцох, санхүүжилтийг зогсоох зэрэг хариуцлагыг ч хуульд тодорхой заасан. Түүнчлэн улс төрийн намд төрөөс үзүүлэх шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэхээр хуульчилсан.
Хуулийн хэрэгжилтийг хангахад намуудад дэмжлэг үзүүлэх, мэдээлэл солилцох зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн, Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа нар зарим улс төрийн намын төлөөлөлд мэдээлэл өгч, санал солилцлоо.
Улс төрийн намын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах бөгөөд албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний хаягаа Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэхээр хуульчилсан. Цахим хуудастаа байршуулах баримт бичиг, мэдээллийг Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтад тодорхой тусгасан. Сонгуулийн ерөнхий хороо намын цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, цахим хуудаст байршуулсан баримт бичиг, мэдээллийг өөрийн цахим хуудаст байршуулж, тухай бүр шинэчлэх учраас цахим хуудас дахь мэдээллийн бүрдлийг хангахыг Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн зөвлөв.
Нам дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилж, өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлэхээр хуульчилсан. Намын дүрэм, хөтөлбөрийг батлахдаа гишүүдийнхээ оролцоог хангах болон дотоод зохион байгуулалтаа хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх Бодлогын судалгааны байгууллага ажиллуулах зэрэг хууль хэрэгжүүлэх зөвлөмжийг тэрбээр өгсөн юм.
Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намд уулзалтын танхим, хурлын заал, бусад танхимыг жилд нэг удаа үнэ төлбөргүй ашиглуулах болон хөтөлбөр, үйл ажиллагааны талаарх нэвтрүүлгийг олон нийтийн радио, телевизээс гаргасан хуваарийн дагуу 30 минутаар улирал тутам үнэ төлбөргүй нэвтрүүлэх шууд бус дэмжлэгийг төрөөс үзүүлэхээр хуульд заасан. Шууд бус дэмжлэг авах тухай хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх талаар мөн зөвлөмж өгч, санал солилцлоо.
Түүнчлэн нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан намд Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар нийт сонгогчийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг хуваарилах замаар төрийн санхүүжилт олгохоор хуульд заасан. Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь нам, эвслийн санхүүгийн тайланг хянасны дараа дээрх санхүүжилтийн хэмжээг эцэслэн тогтоож, олгох юм. Хуульд заасан тооцооллын дагуу нам, эвсэлд олгож болох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг төлөвлөж Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны есдүгээр сарын 09-ны өдрийн хуралдаанаар “Төрийн санхүүжилтийн хэмжээ тогтоох тухай” тогтоол баталсан. Нам, эвсэлд сонгуулийн дараах жилд олгохоор төлөвлөж буй төрийн санхүүжилтийн мэдээллийг Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа намуудын төлөөлөлд өгч, санхүүгийн тайлан, санхүүжилт авах хүсэлтийн маягт бөглөх зөвлөмж өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна