Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

Х.Есү
2024/09/25

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Тус тогтоолоор,

-“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах,

-Мөн тогтоолын нэгдүгээр хавсралтад заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарч байгаа хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа.

Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордыг ашиглаж байгаа хуулийн этгээдийн хувьцааны төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар хэлэлцээ хийж, үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралд даалгав.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд стратегийн орд газрыг эргэлтэд оруулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх, тэдэнд тэгш, шударга хүртээх эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлага зайлшгүй үүсээд байна. Дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна