Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Батчулууны Хуягбаатар. Тэрбээр 2013 оноос эхлэн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Схд-ийн ждү-ийг дэмжих төвийн мэргэжилтнээс эхлээд тус дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга хүртэл мерит зарчмаар дэвшин ажиллаж байна.
-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Өглөө 7 цагийн ажилдаа бэлэн байхын тулд 5 цагт босдог. Зарим тохиолдолд хот тохижилтын ажилтай танилцах, хороодоор явж бүтээн байгуулалтын явцыг харах гээд 05.30-тай уралдан ажилдаа гардаг. Ажилдаа явах замдаа цахим шуудангуудаа шалгахаас эхлээд хаана юу хийхээр байна вэ гэдгийг ажиглаж доголдолтой байгаа зүйлийг холбогдох албаныханд чиглэл өгөх, газар дээр нь биечлэн ажиллах, дүүргийн шуурхай хурал удирдан явуулах, арга хэмжээ, төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтууд бүтээн байгуулалтуудад хяналт тавих, иргэдтэй уулзах, үндсэн мэдээллүүдтэй танилцсаны дараа багаараа ажлын явцын биелэлтээ эргэж харах гээд ажлын нэг өдөр өнгөрдөг дөө.
-Таны ажлын арга барил юу вэ?
-Аливаа шийдвэр гаргалтад цаг алдахыг хүсдэггүй. Зөвлөлдөх ёстой албаныхантайгаа зөвлөлдөөд, хурдтай бөгөөд оновчтой шийдвэр гаргах нь миний ажлын гол арга барил. Мөн баг хамт олондоо шаардлагатай эрх мэдлийг нь олгож, ажиллах нөхцөл, боломжоор бүрэн хангахыг эрмэлздэг.
-Таны ажлын онцлог, баримталдаг гол зарчим юу вэ?
-Дүүргийн Иргэдийн хурлын дарга бол асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргахад анхаарч ажилладаг байсан бол Засаг дарга бүхэл бүтэн 350 мянган хүн амтай өрх айлын аж ахуй, гал тогоог удирдан зохион байгуулдагаараа онцлогтой. Иргэдийн амьдрах орчноос эхлээд дэд бүтэц, эрүүл мэнд, сургууль цэцэрлэгийн хүртээмж, аюулгүй байдал, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх гээд маш олон ажлыг оновчтой удирдан зохион байгуулахад анхаарч байна. Нөгөөтэйгүүр дүүргийн дарга бол дүүргээ хэрхэн аюулгүй болгох вэ, үер ус, галын аюулаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэх мэт асуудалд бодлогын түвшинд анхаарч ажилладагаараа онцлогтой. Тэр ч утгаараа аливаа ажлыг гал унтрааж аргацаах бус бүтээмжтэй асуудлыг сууриар нь шийдэж ажиллахыг зорьдог.
-Дарга гэх таны тодорхойлолт?
Дарга гэдэг бол захирах бус асуудлыг харж гажуудлыг засах, ажлыг урагшлуулах хүн юм. Тэр ч утгаараа иргэндээ хүрч ажиллахыг хичээдэг. Миний хувьд иргэдийг хүлээж авах өдөр гэж тусгай цаг гаргахгүйгээр бүхий л өдөрт боломжоороо хүлээн авч, асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж байна. Дүүргийн Засаг даргын ажлыг аваад 2 сар болж буй бөгөөд 43 хорооны ажилтай биечлэн танилцаж ажиллалаа. Иргэндээ ойр ажиллах нь хүн төвтэй шийдвэр гарахад тусалдаг.
-Яг та одоо юун дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
-Улс, нийслэл, дүүргийн санхүүжилтээр өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудад хяналт тавьж, Засаг даргын хэмжээнд шийдэж болохуйц ажлуудыг урагшлуулахад төвлөрч байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахад анхааран ажиллаж байна.
-Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
-Сайн төлөвлөлт бол гарцаагүй цаг хэмнэх хамгийн шилдэг арга. Мөн харилцааны ур чадвар, тогтмол мэдээллийн урсгал чухал гэж үздэг. Ганц ажлын ард гарахын тулд маш олон хүний хүч хөдөлмөр шингэдэг. Тиймээс дөрвөн аймагтай тэнцэхүйц хүн амтай дүүргийг удирдахад баг хамт олны хамтын ажиллагаа хамгийн чухал.
-Та эрч хүчээ хэрхэн сэлбэдэг вэ?
-Хүн байгалийн амьтан. Тийм болохоор байгалиас эрч хүчээ сэлбэдэг. Цаг зав гарвал аль болох ууланд алхахыг хичээдэг.
-Таны хэлэх дуртай үг?
-Хүн “Жанжин шугамаа л алдахгүй явбал болно доо” гэдэг үгийг хэлэх дуртай. Ер нь хүн өөрийн гэсэн үнэт зүйлтэй, түүндээ тууштай, ямар ч үед холбирч хөрвөдөггүй л байх нь чухал.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна