УИХ-д "Шинэ хоршоо", "Цагаан алт", "Хүнсний аюулгүй байдлын" ажлын хэсэг ажиллаж эхэлсэн гэв
Монгол орны бэлчээрийн үндэсний VII форум “Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ Хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн эко системийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах” сэдвээр өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан чуулганд оролцлоо.
Өнгөрсөн хавар нүүрлэсэн зудын улмаас их хэмжээний мал сүргээ алдаж хэдэн их наядаар тоологдох хохирол амссан гашуун сургамжийг давтуулахгүйн тулд УИХ-аас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаад байна. Бэлчээрийн зохист байдлыг хадгалах, цаг агаар, бусад хүчин зүйлийн нөлөөнөөс сэргийлж уламжлалт мал аж ахуйг хадгалж, нүүдэлчин соёлоо хамгаалж үлдэх шинэ бодлого баримтлах шаардлагатай бид тулгараад байна. Тиймээс УИХ-ын даргын зүгээс “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг анх санаачлан хэрэгжүүлж байсан юм.
Малчин өрхийн дундаж зардал орлогоосоо 500 гаруй мянган төгрөгөөр их байна. Байгалийн гамшигт үзэгдэл, бэлчээрийн талхагдалт, хүрэлцээгүй байдал малчин өрхийн амьжиргаанд нөлөөлж байгаа тул “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлсэн талаараа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцлов. Хоршоонд нэгдсэн малчин арилжааны банкнаас 3-5 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах боломжтой болсон нь малчдад бизнес эрхлэх боломжийг нээсэн юм. Малчид хотондоо үйлдвэрлэл эрхэлж, нэмүү өртөг шингэсэн үнээр бүтээгдэхүүнээ худалдан, дундаж орлоготой чинээлэг малчин өрхийн тоо нэмэгдэх учиртай. Тиймээс цаашид “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимтэй хэрэгжүүлж, уг хөдөлгөөнөөр дамжуулан уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг бий болгоно гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Ингэснээр малын зохистой харьцаа бий болж, бэлчээрийн доройтол багасна гэж тооцоолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна