Бодлогоор өрсөлддөг 15 хоттой нийслэлд та амьдарна

Х.Есү
2024/10/02

“20 минутын хот” гэх үзэл санаанд тулгуурлан хөгжлөө төлөвлөж байна. Олон улсын сайн жишгээс үл хоцрон, энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН Улаанбаатар хотод засаг, захиргааны бүрэн шинэчлэл хийж, 14 хотоос бүрдсэн нийслэлтэй болох мөрийн хөтөлбөр дэвшүүлж буйг та мэдсэн үү.

Манай дүүргийн хувьд Сонгинохайрхан, Баянхошуу, Толгойт, Өнөр гэсэн дөрвөн хотод хуваагдана. Орон зайн хувьд хотын үйлчилгээг тань руу улам ойртуулах бодлого баримталж байгаа. Эдгээр хотоос иргэн төр болон нийгмийн үйлчилгээг 20 минут дотор авах нөхцөл бүрдүүлэх юм.
Нийслэлийн хэмжээнд хороодыг нэгтгэж 42 нэгж байгуулахаар төлөвлөсөн. Тэднийг дүүрэгтэй адилтгаж ойлгож болно. Хот болон дүүргийн Засаг дарга нар нь төсвийн болон аж ахуйн бүх асуудлаа өөрсдөө хариуцна. Хот, дүүргийн удирдлагууд нь ч иргэдээсээ сонгогдоно. Тиймээс иргэд амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаа шуурхай шийдвэрлэхэд оролцох боломж бүрдэх юм.
Жишээ нь Баянхошуу, Толгойт хотын амьдрах орчныг сайжруулах бодлого хэрэгжүүлэхийн тулд дэд төв байгуулахаас эхлээд хөрөнгө оруулалтыг татах шаардлага гарна. Үүнийг тус хотынхон бие даан шийдвэрлэнэ гэсэн үг.
Шинэ хотуудын төлөвлөлт ямар байхыг төсөөлж үзье. Газрыг нь дахин төлөвлөх боломжтой учраас Баянхошуу, Толгойтод тав хүртэлх давхрын хорооллуудтай байх боломжтой. Өнөр хотын хувьд үйлчилгээний болон оффисын барилгуудтайгаар төлөвлөж болно. Ийнхүү ирээдүйд хот бүр өөр өөрийн өнгө төрхтэйгөөр хөгжих учраас 14 хотын хооронд хөгжлийн бодлогын өрсөлдөөн үүсэх нь гарцаагүй.
Жишээлбэл, одоо хотын татвар хоёр хувь байгаа. Магадгүй нэг хот нь татвараа тэглэж, хөрөнгө оруулалт татан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа хөгжүүлэх боломжтой.
“20 минутын хот” зорилтын хамгийн чухал үзэл санаа цаг хэмнэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Иргэн та бүх төрлийн үйлчилгээг амьдран суугаа хотоосоо авах боломж бүрдэнэ.
Нийслэлд Монгол Улсын хүн амын 60 хувь амьдарч, төр захиргааны байгууллагын 90 хувь төвлөрөн үйл ажиллагаа явуулж байна. Төвлөрөл, түгжрэл нь Улаанбаатарын бодит зовлон. Нийслэлийг 14 хотод хувааснаар төвлөрөл задарч, түгжрэл буурна.
Төсөв, хөрөнгө оруулалтын бие даасан эрх мэдэлтэй 14 Хотын захирагч иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллах болно. Харин цаашид нийслэл хотын удирдлага нийтийн тээвэр, зам, гүүр, инженерийн байгууламж гэсэн асуудлаа хариуцаж ажиллана.
Ийнхүү “Шинэ Улаанбаатарын төлөө” уриатайгаар сонгуульд оролцож буй манай нам “20 минутын хот” мөрийн хөтөлбөр дэвшүүлээд байна. Шинэ Улаанбаатарын төлөөх таны сонголт мэргэн байг.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна