Засгийн газар 2030 он гэхэд Сэргээгдэх эрчим хүчний (СЭХ) эзлэх хувийг улсын нийт эрчим хүчний хүчин чадлын 30%-д хүргэх зорилтыг дэвшүүлсэн билээ. Өнөөдөр болсон чуулганы хуралдаанаар Засгийн газаас боловсруулсан "Монгол Улсыг 2025 онд хөгжүүлэх төлөвлөгөө"-г хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Ипотекийн зээлийн тогтолцоог одоо байгаагаас нь илүү хөгжүүлэх талаар ямар ажил хийнэ гэж тусгасан бэ. Амины орон сууцанд зээл олгох, эрчим хүчний тархмал эх үүсвэрт зээл олгох гэх мэт тодорхой төлөвлөгөө байгаа юу" гэж асуув.
Гишүүний асуултад ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх "Яг одоогийн байдлаар хэрэглээгээ бүрэн сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн 50 орчим өрх байгаа. Бид бас сэргээгдэх эрчим хүч рүү шилжих хүсэлтэй иргэдтэй ч уулзаж байсан. Тэд ерөнхийдөө шилжилт хийхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байна аа гэсэн зовлон л хэлдэг юм.
Бидний хувьд, иргэн өөрөө хүсвэл хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдэх эрхийг нь өгсөн. Мөн өөрийн эх үүсвэрээр үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээ төвийн эрчим хүчний системд нийлүүлэх эрхийг нь нээж өгсөн байгаа" гэж хариуллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна