Б.Сэмжидмаа: Багшид оруулсан хөрөнгө оруулалт сарын дотор өрх гэрт, жилийн дотор улс оронд үр өгөөжөө өгдөг

Х.Есү
2024/10/04

Олон улсын багш нарын баярын өдрийг тохиолдуулан НИТХ-ын сонгуулийн 1-р тойрог, Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Баяртулгын Сэмжидмаатай ярилцлаа.

-Өнөөдөр багш нарын баярын өдөр тохиож байна. Таныг боловсролыг дэмжин ажилладгийг маш олон хүмүүс мэднэ. Энэ талаар ярилцлагаа эхлүүлье.

- Миний бие өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийнхээ ИТХ-ын даргаар ажиллах хугацаанд боловсролын салбар, тэр дундаа багш нарт чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлсэн байна.

Тухайлбал, багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, БНСУ, Япон улсад 126 багшийг 100 хувийн тэтгэлгээр сургасан. Мөн Баянгол дүүргийнхээ 21 сургалтын менежерийг БНСУ-д туршлага судлах, гадаадаас багш, мэргэжилтнүүдийг урьж 500 багшид PPL хөтөлбөрийн сургалтыг явуулж, хүүхэд, багш нарынхаа сурч, хөгжих боломжийг нэмэгдүүлж чадсан. Энэ бүхэн улсаас нэг ч төсөв зардал гаргалгүйгээр гадна, дотны төсөл хөтөлбөрийн тусламжтайгаар хэрэгжүүлснээрээ онцлог. Дүүргийнхээ бүх багш нарыг компьютержуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бүх талаар санаачлан дэмжин ажилласан байна.

Боловсрол, эрүүл мэндэд оруулсан хөрөнгө оруулалт сарын дотор өрх гэрт, жилийн дотор улсад үр өгөөжөө өгдөг гэж боддог. Тиймээс энэ чиглэлд аль болох их хөрөнгө оруулалт хийхийг хичээж ажилладаг. Багшаа дэмжиж байж, хүүхдийн боловсролын чанар, хүртээмжийн асуудал яригдана.

-Баянгол дүүрэгт бүх хороо цэцэрлэг, сургуультай болсон гэсэн. Одоо гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль танай дүүрэгт бий юу?

-Баянгол дүүрэг маань 34 хороотой. Бид өнгөрсөн хугацаанд хүүхдүүдээ гурван ээлжээр хичээллэдэг байдлыг халахын төлөө хичээж ажиллалаа. Үр дүнд нь 276 тэрбум төгрөгийг тусгуулж, 13 сургууль, 13 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Өнөөдөр манай хороонд гурван ээлжээр хичээллэдэг ганцхан 141-р сургууль байна. Нарны хороололд байрладаг сургууль. Учир нь төлөвлөтийн алдаанаас үүдэн тус сургууль ачааллаа дийлэхгүй байгаа. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэхээр улсын төсөвт шинэ сургуулийн төсвийг суулгасан байгаа. Манай дүүрэгт 2 ч бага сургуулийн цогцолбор ашиглалтад орох гээд барилгын ажил ид өрнөж байна.

Цэцэрлэгийн хувьд өмнө нь хүрэлцээ муутай хүнд байсан. Харин өнгөрсөн дөрвөн жилд улс, нийслэл, дүүргийн төсвөөр бид цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдсэн. Үүнийг дагаад багш нарын ажлын ачаалал харьцангуй багасаж, хүртээмж нь нэмэгдсэн.

Бид хүүхдийн төлөө, багшийн төлөө, боловсролын салбарт бүх чадлаараа хөрөнгө оруулалтуудыг хийсэн нь дээрх шийдвэрүүдээс харагдана.

-Баянгол дүүрэг хүүхдийн аюулгүй байдлыг хангахад сургуулиудыг камержуулж эхэлсэн юм байна. Энэ ажлыг мөн таныг санаачлан хийсэн гэдэг?

Дүүргийн ИТХ-ын дарга Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөө бас ахалдаг. Сургуулийн орчинд хүүхэд гэмтдэг тохиолдол их байгааг хараад үүнийг зогсоох алхамууд хийе гэж бодсон. Ингээд дүүргийнхээ эрсдэл бүхий 8 сургуулийг дугаар илрүүлэгчтэй камержуулах ажлууд хийгдсэн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орчны зохицуулалтууд мөн хийгдсэн. Үр дүнд нь 2024 онд дүүргийн хэмжээнд сургууль орчимд хүүхэд эндсэн тохиолдол нэг ч гараагүй байна. Баянгол дүүрэгтээ камержуулалтын дэд төвийг байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл Баянгол бүрэн камержсан ногоон дүүрэг болох зорилт тавьсан.

Мөрийн хөтөлбөрт багш, боловсролын хүртээмж рүү чиглэсэн ямар бодитой ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

Зарим нэг хүмүүс хүүхдийн төлөө МАН-аас төсөв суулгахгүй байна гэж ярьдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. БШУЯ-нд тавигдаж буй төсөв тэр чигтээ хүүхдийн төлөө, тэдний боловсрол, хүртээмж, хүмүүжил, төлөвшлийн төлөө зориулж буй төсөв.

МАН-аас ГОЛ нь мөрийн хөтөлбөртөө нийслэлийн 52 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барих, ЕБС-ийн анги дүүргэлтийг стандартад ойртуулан, багшийн ачааллыг бууруулах, урмшууллын зохицуулалтыг хийхээр тусгасан. Сургууль бүр Шүдний кабинеттай болж, хүүхдийн хөгжлийн төв, хүүхэд өнжүүлэх төвүүдийг шинээр барьж байгуулна гэж тодорхой тусгасан.

Энэ бүхнээс харахад Монгол Ардын нам шиг маш тодорхой хийх ажлуудаа заасан нам ховор байна лээ. Шинэ Улаанбаатарын ирэх дөрвөн жилийн хөгжил маш өөр байна гэдгийг тунхагласан. Ямартай ч хүний хөгжлийг дэмжсэн, суурь асуудлууд шийдэгдсэн байхаар мөрийн хөтөлбөртөө тусгасан.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

-Баярлалаа, нийт багш нартаа олон улсын багш нарын өдрийн мэндийг хүргэе! Эрүүл энхийг хүсье!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна