Г.Батсайхан: Тэнгэр баганадсан барилга бус хүн өөрөө хөгжлийн тулах цэг

Х.Есү
2024/10/04

Хан-Уул дүүргийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Отгон хуралдаанд дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан үг хэлж, хурлын төлөөлөгч нарт үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэв

Тэрбээр “Хөгжлийн үндэс нь хүнээ хайрласан, байгалиа хамгаалсан ёс зүй, бодлого төлөвлөлтийн үндсээр хэмжигдэх ёстой гэдгийг гүнээ ухамсарлаж, тэнгэр баганадсан барилгажилт бус хүн өөрөө хөгжлийн тулах цэг юм гэдгийг дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд, бизнес эрхлэгчдэд ухамсарлуулахын тулд хурлын бодлого шийдвэрийг чиглүүлэн ажиллахыг хичээлээ. Энэ хугацаанд санаа зорилго нэгдэн нийлж хамтран ажилласан хурлын баг бүрэлдэхүүн болох бие төлөөлөгч нартаа гүн талархал илэрхийлье” гэсэн юм. 

Хан-Уул дүүргийн хүн ам 2020 онд 180 мянга байсан бол дөрвөн жилийн дотор 307 мянга болж өсжээ. Энэ их шилжилт хөдөлгөөнийг дагаж иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахын тулд томоохон сорилтыг даван туулсан байна. Дүүргийн ИТХ нийт 28 удаа хуралдаж, 109 тогтоол баталснаас 47 хувь нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган хамгаалахад чиглэгджээ. Дашрамд өгүүлэхэд, Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жил дараалан шилдэг дүүргээр шалгарсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна