Б.Баттайван: Хүүхдийн төлөө ажлыг зөвхөн эрхийг хамгаалах хэмжээнд ойлгох нь өрөөсгөл

Х.Есү
2024/10/07

Хүүхдийн эрхийг хамгаалах нь бидний үүрэг мөн. Гэхдээ хүүхдийг соён гэгээрүүлэх ажлыг хамтад нь хийх ёстой. Хүүхдийг орхиж болохгүй-

Дорноговь аймгийн Сайншанд сумын тавдугаар дунд сургуулийн хөгжмийн багш Батболдын Баттайвантай ярилцлаа. Түүний үүсгэн байгуулсан хүүхдийн хөгжмийн “Болох эгшиглэн” хамтлаг өнөөдөр улсын хэмжээнд танигдаж, Б.Баттайван багшийн хичээлээс гадуурх мэргэжлийн үйл ажиллагааг улсын хэмжээнд туршлага болгон дэлгэрүүлэх шийдвэрийг Боловсролын ерөнхий газраас гаргаад буй. Тэрбээр энэ удаад өөрийн хүүхдийн төлөөх санал санаачилгаа сургуулийнхаа хэмжээнд төдийгүй аймгийн хэмжээнд бусад үйл ажиллагаагаар өргөжүүлэх зорилго өвөртлөн Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-д нэр дэвшиж буй юм.

-Дуу хөгжмийн багш маань урлагт дуртай, авьяастай хүүхэд байсан байх. Гэхдээ энэ сууриараа багш болох сонголтыг хүн болгон хийгээд байдаггүй шүү дээ?

-Би Сайншанд сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд хөгжмийн багшаар 13 дахь жилдээ ажиллаж байна. Сайхандулаан суманд төрөөд Сайншандад өссөн. Аав маань “Саранхөхөө” театрт бүжигчин, сумын соёлын төвд бүжгийн багш байсан. Намайг 9-р ангид орох жил МСҮТ-д Монгол ардын хөгжмийн анги байгуулагдсан юм. Би өмнө нь огт хөгжим сонирхож байгаагүй. Наймдугаар ангид ортлоо бүжгийн хамтлагт байсан.

Аав маань бурхан болохоосоо өмнө намайг тэнд оруулсан. Би тэндээ Батнасан багшийн удирдлага дор гурван жил лимбэ хөгжмөөр суралцсан. Манай ангид 12 хүүхэд элсэн суралцсан. Тэгээд төгссөнийхөө дараа үргэлжлүүлээд Соёлын дээд сургуульд хөгжмийн багшийн ангид сурч төгссөн. Би эхнэртэйгээ нэг анги төгссөн. 2021 он хүртэл эхнэр маань цуг ажиллаж байгаад хувьдаа гарсан. Багш болох суурийг аав маань, багш маань тавьж өгч, гэр бүлийнхэн маань ч сайн дэмжсэн.

Аймгийн хэмжээнд хөгжмийн багшийн орон тоо, эрэлт хэрэгцээ тэр үед хэр байв?

Намайг сургуулиа төгсөөд сумандаа ирэхэд орон тоо байгаагүй. Сумдуудад хөгжмийн багшийн орон тоо ховор. Эхнэр бид хоёр хотод сургуулиа төгсөж ирээд шинэ сургуульд ажилласан. Ингэж яваад аймгийн удирдлагуудад мэргэжлийн хөгжмийн багш дутагдалтай байгаа үед оюутан сурагчдад тэтгэлэг олгох хүсэлт тавьж аймгийн төсвийн хөрөнгөөр есөн оюутан 100 хувийн тэтгэлгээр сургасан. Үүнээс долоо нь төгсөж ирээд байна. Хамгийн сүүлийн оюутан маань одоо 4-р курст сурч байгаа. Тэтгэлгийн анхны оюутан маань одоо надтай цуг ажилладаг. Бусад нь сум болон аймгийн төвүүдэд мэргэжлээрээ ажиллаж байгаа. Нэг нь ОХУ-д симфони хөгжмийн мэргэжлийн удирдаачаар сурахаар тэтгэлэг аваад явсан. Энэ хүүхдүүд маань “Болор эгшиглэн” хөгжмийн хамтлагт маань суралцаж байсан хүүхдүүд юм. Бид саяхан 10 жилийн ойгоо тэмдэглэн үе үеийн төгсөгчид маань хамтран тоглолтоо хийсэн.

Багшийн хувьд та санаачлан байгуулсан уу?

Би эхнэртэйгээ хамт анх байгуулж байсан. Манай эхнэр ёочин, би лимбэчин хүн. Бусад үндэсний хөгжмөө орхигдуулахгүй гээд хүүхдүүдтэйгээ өөрсдөө зэрэгцээд л сурч байлаа. Манай хамтлаг улсын уралдаанд байнгын дээгүүр байр эзэлдэг. Багш бэлтгэнэ гэдэг хэцүү болчихсон. Сайн багшаас илүү сэтгэлтэй багш чухал болоод байна. Эхнэр бид хоёр дээр дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд л ирж байсан. Суралцсаар байгаад л багш болж байна. Арав гаруй жил сургалт явуулахад 80-аад хүүхэд үүгээр дамжлаа гэхэд 7-8 хүүхэд нь л багшаар сурч үлдэж байна даа.

Ганц дуу хөгжмийн багш гэлтгүй багшаар ажиллах хэцүү байх. Цалин хангамжаас эхлээд?

Ер нь бол хэцүү л дээ. Багш хүн гэдэг бүх талын мэдлэгтэйгээс гадна амьдралын сайн мууг таньсан байх учиртай. Мэргэжлээс гадна хүний амьдралын туршлага хэрэгтэй. Манай хамтлагийн хүүхдүүд хүмүүжилтэй, зөв сайхан сэтгэлтэй болж төлөвшдөг. Мэдээж уралдаан тэмцээнд оролцох үеэр эцэг эхчүүдээс зардал мөнгө гарна. Гэхдээ бид өглөө 6 цагт ч хамаагүй бэлтгэлээ хийхээр ирэхдээ тогоо шанагаа ч аваад ирэх үе байна. Нэг, нэгээрээ жижүүрлээд хоолоо хийнэ.

Аав нь яагаад таныг хөгжимчин болгосон юм бол?

Би багадаа их бие муутай хүүхэд байсан. Юм л болвол өвдчихнө. Айлын ганц хүү болохоор хүүгээ урлагийн хүн болгоё гэж бодсон байх. Багш маань маш мундаг хүн байлаа. Сайн багшийн гарт өгч, хүн болгон төлөвшүүлье гэж бодсон юм болов уу гэж одоо боддог. Аав багш хоёрынхоо буянд л хөгжимчин болсон. Хөгжим хүний сэтгэлийг уярааж, зөөллөж байдаг.

Урлагаар дамжуулан өөртөө олж авсан хамгийн чухал зүйл чинь юу вэ?

Би багадаа их хэрсүү хүүхэд байсан. Урлаг хүнд сайнаар нөлөөлдөг. Хүн чанар, хүний сайхан сэтгэл гээд олон зүйлийг бий болгож өгдөг. Сургалтад ирж байгаа хүүхдүүдийнхээ харцыг хараад л мэддэг болчихдог. Амьдралын боломж муухан хэрнээ сурах чин хүсэл тэмүүлэлтэй хүүхэд, гэдэс цатгалан цаг нөхцөөж яваа хүүхэд гээд шууд л нүднээс нь танигддаг. Хүүхдэд зовлон үзүүлж, архинд автсан амьдрал гээд саар мууг үзүүлж яах нь вэ дээ. Сэтгэлд нь ямар нэгэн айдас төрүүлчихгүй юмсан л гэж бодож явдаг. Нэг үеэ бодвол юм элбэг дэлбэг болчихсон. Хүүхдүүдийн барьж байгаа утас, эдэлж хэрэглэж, идэж ууж байгаа зүйлс дээр ялгаа гаргаж, нэгнийг нь гундуухан байлгачихгүй юмсан гэж боддог.

Би ер нь сэтгэлзүйчдийг амьдрал мэддэг байгаасай гэж боддог. Хүчирхийлэлтэй айл ямар байдаг, хоолгүй хоосон байх ямар байдгийг мэддэг байгаасай гэж боддог юм. Хүмүүс сэтгэлзүйч хэрэгтэй гэдгийг мэддэг болчихсон. Харин хүүхдийн сэтгэл зүйг ойлгодог, нууцлаад байгаа эмзэг зүйлс дээр ажиллаад өгөх чадвартай сэтгэлзүйчид л хэрэгтэй байна.

Эцэг эхчүүд сүүлийн үед хүүхдүүдээ дугуйлан секцэнд их хамруулдаг болж?

Би сүүлийн 13 жил энэ урлаг зааландаа бараг амьдарлаа. Хөгжим болон бүжгийн хүүхдүүд хооронд ялгаа их бий. Манай хөгжмийн хүүхдүүд зааландаа орж хичээл, даалгавраа хийчихээд хөгжмөө давтдаг. Эндээ яг л гэртээ байгаа юм шиг чөлөөтэй байгаад сурчихсан. Хөгжим сурна гэдэг хүнд хэцүү. Маш их хичээл зүтгэл шаардагдана. Олон цагаар сууна, ноот уншина. Хөгжим, урлагаар явсан хүүхдүүдийг сурлагадаа муудна гэдэг байсан бол тэр цаг өөрчлөгдсөн. Хүүхдүүд маань урлаг соёлын наадамдаа ч хичээл сургалтын олимпиаддаа ч зэрэг амжилт гаргадаг. Эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж бидний үеийнхнээс илт өөрчлөгдсөн байна.

Ээж маань эх барихын бага эмч, сувилагчаар ажиллаж байсан. Ээж маань бас бүжиглэдэг байлаа. Би дээрээ нэг эгч, доороо нэг охин дүүтэй. Тухайн цаг үеийн өнгө аясаар бидний үеийнхэн зөнгөөрөө л өссөн дөө. Бусдын адил гадуур тоглож, энэ тэрүүгээр гүйлдэж өссөн. Аав маань өнгөрсний дараа амьдрал жаахан хэцүү болж, их сургуульд сурах төлбөрөө өөрөө ажил хийж олж байсан.

Хүүхдүүдтэй ажиллах, багшлахын сайхан нь юундаа байдаг вэ?

-Хичээлээс гадуур хүүхдүүдтэй ажиллах, хөгжмөөр дамжуулан хүмүүжүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх чиглэлд ажиллая гэдэг санаа сэтгэл маань Батнасан багшаас надад өвлөсөн гэж боддог. Хувь тохиолоор ч юм уу бид хоёр адилхан замналаар яваад байх шиг санагддаг. Эрэгтэй хүүхдүүд хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Намайг жаахан хатуу чих гаргаад явж байхад “Чи ингэж явах учиргүй. Аав чинь чамайг надад захиж үлдээсэн” гээд зэмлэхэд би их юм ойлгосон. Багш минь сайхан сэтгэлтэй мундаг хүн байсан. Ерөөсөө л хүүхдийн ертөнцөд байсан гэж хэлж болно. Багш бид хоёр 30 насны зөрүүтэй ч нэг сарын нэг өдөр төрсөн. Хааяа багшийнхаа залуугийн замналаар яваад байх шиг санагддаг юм. Аймгийнхан ч хэлдэг юм. Яг Батнасан багшийн арга барил харагдаж байна аа гэж.

Үндэсний хөгжим бол дуртай нь барьж аваад сурчихдаг зүйл биш болохоор хүүхдүүд шантарч, орхих тохиолдол бий. Морин хуурын чуулга төрийн их найрал гэж явдаг. Түүн шиг манай хамтлагийн хувьд аймагтаа бол тэр хэмжээнд оччихсон. Морин хуур, ятга, лимбэ, цохиур хөгжим, ёочин гээд нийтдээ долоон төрлийн хөгжмөөр хамтлаг маань тоглодог.

Хүүхдүүдийнхээ ард түшиг нөмөр нь болоод явахсан л гэж боддог. Залуу байгаа дээрээ дараагийнхаа үеийг бэлтгэж байна.

-Хүүхдийг хөгжмөөр дамжуулан хайрлахыг эрмэлздэг гэж ойлгож болох уу?

-Манай аймаг хэдэн хүүхэдтэй билээ. Гэтэл манай хамтлагийн хорьхон хүүхэд л хөгжмөөр хичээллээд байх уу гэдэг асуултыг би өөртөө хааяа тавьдаг юм. Би сургуулийнхаа хэмжээнээс гарч ажиллах сан гэж боддог.

Аймгийн хүүхдийн байгууллагад хөгжмийн багшийн орон тоо байдаггүй. Миний хувьд нэгхэн сургуульд 10 жил багшлахдаа хүүхдүүдээ улсын хэмжээнд бэлтгэж чадсан юм чинь хүүхдийн байгууллага руу төвлөрч, дугуйлангуудад хүүхдүүдийг татаж, олон шинэ ажил санаачлан хийхсэн гэж боддог. Багш хүний хувьд хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд нуулгүй хэлэхэд сэтгэл гонсгор явдаг. Хүүхдийн эрхийг хамгаалах нь бидний үүрэг мөн. Гэхдээ хажуугаар нь хүүхдийг соён гэгээрүүлэх зүйлийг хийх ёстой. Хүүхдийг орхиж болохгүй. Төлбөртэй сургалтуудад хүүхдүүдийг хамруулж болох ч нөгөө талдаа амьдралын нөхцөл боломж тааруу ч хүүхдүүд байгаа. Түүнийг мартаж болохгүй. Хүүхдийн төлөө ажил хийх болохоор төсөл мөнгөтэй холбоод ойлгочихдог. Тийм биш шүү дээ.

2020 онд би хоёр гурван найзтайгаа нийлээд Сайншандын төвд open mic-ийг хөгжүүлэх гээд зүтгэсэн. Гитар бариад л дуулна гэснийг нь өдөр нь гэртээ авчирч бэлддэг байсан. Сүүлд хүмүүс нэлээн нэмэгдсэн. 2022 онд ахлах ангийн сурагчидтай нийлээд “Сайншанд ковер” гэж пэйж нээгээд гудамжны хөгжийн энэ соёлыг хэдүүлээ аймгтаа дэлгэрүүлье гэж зорьсон.

Өвчин зовлон болмогц хандив цуглуулдаг даа. Бид бас аймгийнхаа өвдсөн хүүхдүүдэд хандив цуглуулдаг байсан. Хөгжим техникүүдээ өөрөөсөө гаргаад энэ хавийнхаа кофе шопуудыг гуйгаад л явдаг байсан даа. Сүүлд Энхтүвшин гишүүн биднийг дэмжээд хөгжим техник авч өгч байсан. Аймгаас 200 хүний багтаамжтай задгай театрыг манайд өгсөн.

Дээхэн үед орцонд гитар бариад дуулдаг байсан гээд л ярьдаг даа. Тэр ярианаас үүдээд одоо бид яагаад тийм дурсамж бүтээж болохгүй гэж гээд энэ ажлыг эхлүүлж байсан.

-Багш хүн олон хүүхэдтэй ажиллаж байгаа. Тэр тусмаа хичээлийн бус цагаар бүтэн хамтлаг бэлтгэж байгаа багш гэр бүлдээ хэр цаг зав гаргадаг вэ?

Манай гэр бүл дөрвөн хүүхэдтэй. Гурван хүү, нэг охинтой. Хоёр хүү маань ихэр юм. Бид хоёр багаасаа үерхэж байгаад гэр бүл болсон, тэгээд нэг мэргэжилтэй болохоор сайн ойлголцоно.  Гэхдээ гэр бүлдээ бага цаг гаргаад эхнэртэйгээ муудаж сайдах зүйл байна. Нэг удаа Энхтүвшин гишүүн аймгийн Засаг дарга байхдаа шилдэг найман залууг шалгарууллаа гэж сонсогдож байтал манай боловсролын салбараас намайг шалгаруулсан байсан. Тэр залуусыг дуудаж уулзаад “аймаг орон нутагтаа юу хийе” гэж бодож байна гээд асуусан. Хүмүүс бүтээн байгуулалтын ажил ярьж байхад би аймагтаа хөгжмийн багш бэлтгэе. Аймаг орон нутгаас дэмжээд өгвөл би хүүхдүүдээ хангалттай сайн бэлтгэе гээд үнэнээ хэлсэн. Нэг өдөр аймгийн Засаг дарга дуудаж уулзад “хөгжмийн багшаар сургах хүүхдүүдийн төлбөрийг нь болгочихлоо” гэж хэлэхэд өөрийн минь хүүхдийн асуудал шийдэгдсэн юм шиг л баярлаад уйлж байсан. Анхны бэлтгэсэн хүүхэд маань 2018 онд сурахаар яваад өнгөрсөн жил СУИС-ийн хөгжмийн багшийн ангийг ганцаархнаа улаан дипломтой төгссөн. Би оюутнуудаа өөрөө очиж тосч авдаг.

-Бусад сургуулийн багш нар туршлага судалж байна уу?

“Болор эгшиглэн” хамтлагийн 10 жилийн ой дууссаны дараа Улаанбаатар хотын Боловсролын ерөнхий газраас албан тоот гарсан байсан. Б.Баттайван багшийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, тэргүүн туршлагыг нийслэлийн хөгжмийн багш нарт дэлгэрүүлэх тухай албан тоот ирсэн. Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сард аймгаас зардлыг нь даагаад туршлагаа таниулах зорилгоор Монголын хүүхдийн ордонд хөгжмийн багш нарт манай хамтлагийн хүүхдүүд бүрэн хэмжээний тоглолтоо үзүүлсэн. Мэргэжлийн хүмүүс нэгнээ маш сайн ойлгодог шүү дээ. Яаж энэ олон төрлийг хүүхдүүдэд сургав аа, ямар ч боломжгүй зүйл биш үү гэж гайхаж байсан. Анхнаасаа бүх юм ийм сайн байгаагүй ээ. Мэргэжлийн хүмүүст гологдох үе ч байсан. Анхны уралдаанд очоод шоолуулаад гарч л байсан. Дорноговь чинь хөгжмийн биш бүжгийн л суурьтай газар даа гэж хэлж байсан.

Гэхдээ хүүхдүүдийг сургахын төлөө эхнэр бид хоёр өөрсдөө шантрахгүй, хүүхдүүдийнхээ урам зоригийг мохоохгүй тууштай ажилласан.  Хамтлагийн маань одоогийн бүрэлдэхүүн бүтэн цаг гаруй үргэлжлэх бүрэн хэмжээний тоглолт үзүүлж чадаж байна. Тэр тусмаа томоохон зохиол сонгож тоглож байна. Бид олон ч тоглолт хийлээ. Энэ зун гэхэд Хамарын хийд дээр хоёр ч удаа тоглосон. Манай хүүхдүүдийг урьж тусгай тоглолт хийж байгаа.

Хөгжмийн багш маань энэ удаа Сайншанд сумын ИТХ-д нэр дэвших болсон зорилго юу вэ?

-Би өөрийн санаачилсан ажлаа өөрөө л хийж дуусгадаг зантай юм. Цаашдаа бусадтай хамтарч ажиллаж, санасан зорьсон ажлуудаа өргөн хүрээнд хийдэг болох зорилго байна. Зөвхөн хөгжмийн багшийн ажлаа хийхээс илүүтэй хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлд хүч нэгтгэн ажиллах нь хаа хаанаа хэрэгтэй гэж үзэж байгаа учраас сумын ИТХ-д нэр дэвших саналыг хүлээн авч зориг шулуудаад байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна