"МАН сонгогчдын саналыг авах зорилготойгоор хууль зөрчиж байна"

Х.Есү
2024/10/08

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчиж байгаа талаар Баянзүрх дүүрэгт АН-аас нэр дэвшигчид өнөөдөр /2024.10.08/ мэдээлэл хийлээ.

"Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн /Орон нутгийн сонгуулийн хууль/ 7 дугаар зүйлд нам, эвсэл сонгуульд оролцохдоо хууль дээдлэх, ил тод байдлыг хангах; шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. Гэтэл нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшиж буй зарим нэр дэвшигч дараах хууль зөрчсөн үйлдлүүдийг гаргаж байна.

Тодруулбал:

  • Олон нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллагыг иргэдийн саналыг татах зорилгоор сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө удаа дараа явуулсан. Үүн дотроо ахмад настнуудыг ахмадын баяр гэж хүлээн авч, дайлж, цайлж бэлэг сэлт тараасан.
  • Сонгуулийн сурталчилгааны өөр арга, хэлбэр буюу масс мессежийг сонгогчид руу явуулж иргэдийн саналыг татах оролдлого хийж байна.
  • Одон медаль зэргийг сонгогчдод гардуулж, тэдний саналыг авах зорилготойгоор хууль зөрчиж байна.
  • Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зурагт самбар байрлуулахыг хориглосон гудамж талбайд зурагт самбар байршуулж байна.
  • Сонгуулийн тухай хуульд нэг сонгуулийн хэсэгт 10 зурагт самбар тавихаар заасан боловч үүний тоог хэтрүүлж, 20, 30 гэх мэтээр зурагт самбарыг тавьж байна.
  • Орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт өөрөөр хэлбэр төрийн байгууллага дотор сонгуулийн сурталчилгааны ухуулах байрыг ажиллуулж байна.
  • Санал авах байранд сонгуулийн сурталчилгааны материалуудыг байршуулсан.

Бидний зүгээс эдгээр зөрчлүүдийг арилгуулах хууль, хяналтын эрх бүхий байгууллагад хандсан боловч одоогоор шийдэгдсэн асуудал алга сонгуулийн санал хураалт болоход хоёр өдөр дутуу байна. Эрх баригчид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэд төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль /Орон нутгийн сонгуулийн хууль/, Зөрчлийн тухай хуулийг хууль гэж үзэхгүйгээр, дагаж мөрдөхгүйгээр ямар ч хамаагүй аргаар ялна гэсэн зорилготой явж байгаа нь энэхүү зөрчлүүдээс харагдаж байна. Иймд бидний зүгээс хуулийг дээдэлж, шударга өрсөлдөхийг бүх улс төрийн намуудад уриалж байна" гэв



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.167
    2024/10/08

    ter udriin songogchid l medeh bhdaa , odoo gonshignood yahav , tanaihan ch bas chamgui zurchiltei bg surag duuldsan , buur gemt heregtnuudiig shuguulj bg gesen bizdee ? irgediin tuluulugchiin gazar n gemt heregtnuudiin tsugluugiin gazar bish l baitai bilee !

    Хариулах