Залуус яагаад ч юм бэ “Сонгууль”-иас уйджээ. Магадгүй, өнөө орой төрд ажилладаг гэр бүлийнхэн, эмээ өвөө нар залуусыг гэртээ суух аргагүй болтол суртал ухуулга хийж, санал өгөх ёстой намын нэрийг хэлж өгөх биз. Өмнө нь тэгдэг байсан, одоо ч тэгнэ. Ер нь энэ бүх үглэлт, суртал ухуулга, албан “даалгавар” залуус бидэнд сонгуулийг яршигтай ажил мэтээр ойлгуулсан ч байж мэднэ. Гэхдээ энэ удаа гэр бүлийн “албан даалгавар”-ыг үл тоогоод, сонгуулийг “ял” биш “хариуцлага”, “үүрэг” гэдэг утгаар нь харах гээд оролдоод үзээрэй.
Иргэдийн дунд “Ахмад настнууд Монгол ардын намыг залуучууд Ардчилсан намыг дэмждэг” гэсэн ойлголт бий. Үнэндээ энэ бол харьцангуй ойлголт бөгөөд ардчиллыг дэмждэг ахмадууд, Ардын намыг сонгодог залуус тэр нь, энэ нь гэхээргүй олон байдаг шүү дээ. Гагцхүү залуус сонгуульд оролцож, саналаа өгч гэмээ нь ирээдүйн хөгжил бидний хүсч байгаа замаар явах юм. Энэ удаад бидэнд өмнөхөөс илүү олон сонголт байна. Засгийн газарт хамтарсан гурван намаас гадна Үндэсний эвсэл, ИЗНН, Сайн нам гэх мэтээр жагсаасан байгаа. Гагцхүү санал авах байранд очиж, харж байгаад сонголтоо хийгээрэй.
Сонгуулийн өдрийг амралтын өдөр гэж ойлгон явж байх үед амьдрал өрнөсөөр одоо ямар байдал хүрээд байгаа билээ дээ. Нөгөө талаар, залуус сонгуульд ач холбогдол өгч оролцдоггүй учраас тэдний төлөө санаа тавьж ажил хийх шаардлагагүй байсан хэрэг.
Өөрөөр хэлбэл, одоо хүссэнээрээ амьдарч чадахгүй байгаадаа бид өөрсдөдөө л гомдох хэрэгтэй болж байна. Гэхдээ энэ байдлыг яг одоо өөрчлөх боломж бий.
Хэзээ ч бийлээ, хаанаас ч билээ сонсогддог “Залуу хүмүүс эхлээд өөрсдөө хүнээс гуйхгүй болчихоод, дараа нь эх орноо хөгжүүлэх талаар ярих хэрэгтэй” гэсэн үгийг сонсох хэрэггүй. Улс орноо хөгжүүлэх хүсэлтэй нэр дэвшигч залуусыг “доош нь хийж”, өөрсдийнхөө замыг бүдгэрүүлж болохгүй.
Орон нутгийн сонгууль ирц багатай болдог. Нэг санал нэгээс илүү үнэ цэнэтэй гэсэн үг. Тиймээс санал хураалтад идэвхитэй оролцсон насны бүлгийнхэн сонгуулийн үр дүнг эргүүлэх боломжтой. Залууст эрх барих эрхээ эдлэх том бололцоо байгаа гэсэн үг. Тэд олноороо шуугиж очоод орон нутгийн ИТХ-г өөрсдийнхөө сонголтоо бүрдүүлэх боломжтой.
“Индиго хүүхэд дэлхийг аварна" гэсэн үгсийг дуулаагүй хүн ховор биз. "Дэлхийг аварна" гэж эртний мэргэдийн зөгнөсөн эдгээр хүүхдүүд 70-аад оноос эхлэн олноор төрөх болсон гэлцдэг. Ийм хүүхэд гоц ухаантай болж, урьд хожид үзэгдэж дуулдаагүй шинэ техник, технологи зохион бүтээж дэлхийг аварна гэж мэргэд зөгнөөгүй. Харин атгаг санаа, шунал тачаалаас ангид учраас тийм хүүхдүүд олонхи болоод ирэхийн цагт дэлхий аврагдана гэсэн санааг хэлсэн байдаг.
Одоо үйлчилж байгаа хуулиар орон нутаг эдийн засаг санхүүгийн асар их эрх мэдэлтэй болсон. гагцхүү зарцуулалт дээр алдаа гарч байсныг одоо засах боломж гарч байна. Үүнийг аймаг, Нийслэл, сум, дүүргийн ИТХ-д олон намын төлөөлөл, шинэ улс төрийн хүчнийг оруулж ирж байж л засна гэдгийг ойлгоорой.
Парламентын хувьд сонгуулиас сонгуульд улам залуужиж байгаа. Монгол Улс ардчилллын баталгаа болсон Парламентын засаглал, олон намын тогтолцоогоо хадгалах гэж хүчин чармайлт гаргаж байна. Тийм ч учраас УИХ түүхэндээ хамгийн олон намын төлөөлөлтэй болоод байна.
Одоо орон нутгийн өөрийгөө удирдах түвшинд энэ оролцоог хангах нь туйлын чухал. Чадах эсэх нь гагцхүү залуу хүн чиний саналаас шалтгаална. 80, 90-ээд оны залуус дээр 2000-аад оны нэн шинэ үеийнхэн өөрсдийнхөө сонголтыг хийх цаг ирлээ. Аль намыг дэмжих нь хамаагүй. Гагцхүү сонгуульдаа оролцож, эх орныхоо эзэн нь юм шүү гэдгээ л батлаарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.172
Сонгуулиас үнэхээр уйдаж залхаж байна.
Хариулах66.181.161.103
Баасан гараг гээд шоудаад явчихгүй бол ч залуус л шийднэ л дээ. Уг нь 30 минутын л ажил
Хариулах