"Хонь БҮТЭН, чоно ЦАТГАЛАН": Э.Бат-Амгалан, Ж.Алдаржавхлан нараар ХҮЧ НЭМСЭН Х.Нямбаатарын БАГ

С.Гандэлгэр
2024/10/17

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгууль өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдаж 40:5 гэсэн харьцаатайгаар Нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатарын баг үнэмлэхүй ялалт байгуулсан. 

Х.Нямбаатарын хувьд Засаг даргаар улиран томилогдох нь тодорхой байсан ч НИТХ-ын даргаар хэнийг сонгох нь анхаарал татаж байлаа. Үнэмлэхүй ялалт байгуулж, 40 суудал авсан учраас НИТХ-ын даргын суудал ч Х.Нямбаатарын гарт ороод ирсэн гэхэд болно. 

Өмнө нь нийслэлд хүчтэй байсан Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын нөлөө буурсан учраас олон жил НИТХ-ын дарга, ЗД-ын үүрэг гүйцэтгэгч, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажилласан Ж.Батбаясгалан дахин НИТХ-ын дарга болохгүй нь тодорхой байсан. 

МАН-д өөр өөрсдийн гэсэн эрх ашигтай фракцууд бий. Ил зарлаж, илт хагаралддаггүй л болохоос үеийн үед наймаа тохироо хийсээр ирсэн. Тэгвэл 40 суудалтай НИТХ-ын МАН-ын томилгоонуудаас хэнтэй эвсэж хэнийг хөсөр хаясан бэ гэдгийг харж болохоор байна. 

А.Баяраар дамжуулан Э.Бат-Амгалантай гар барив

Х.Нямбаатарт НИТХ-ын даргаараа өөрийн гарын хүнийг тавих бүрэн боломж байсан. Сонгуульдаа үнэмлэхүй ялалт байгуулсан, элдэв асуудал дэгдээгүй учраас түүн шиг хүчтэй хүн Улаанбаатарт байхгүй гэсэн үг. 

Гэсэн ч 2024 оны УИХ-ын сонгуулиар хоосон хоцорсон Э.Бат-Амгалан тэргүүтэй БЗД-ийн багтай гар барьж улс төрийн нөлөөгөө тэлж буй үйлдэл гэж харж болохоор. Түүнчлэн БЗД бол СХД-тэй дүйцэхүйц том дүүрэг. УИХ, НИТХ, ДИТХ гээд шат шатандаа үлэмж хүчтэй байгаа учраас цаашдийн улс төрөө бодвол эвийг эрхэмлэх нь зөв сонголт. 

Магадгүй ЗГ-т БЗД-ийн багийн төлөөллийг багтааж чадаагүй учраас НИТХ-ын даргаар аргацаах бодлого ч байж болох юм.

Нийслэлийн орлогч А.Амартүвшигээр Ж.Алдаржавхланг өөртөө татав уу ? 

Ж.Алдаржавхлан сая гишүүн болсон л болохоос намдаа нөлөөтэй улс төрчдийн нэг. 20 минутын хот концепц, төвлөрлийг задалж, Нийслэл Улаанбаатарыг 42 хоттой болгох бодлогийг Ж.Алдаржавхлан санаачилсан гэдэг. Уг нь бол санаачилсан гэдэг утгаараа "20 минутын хот" үндэсний хорооны даргаар ажиллах ёстой ч улс төрийн тохироо бүрдээгүй, тодруулбал МАН, АН, ХҮН-ээс бүрдсэн хамтарсан ЗГ байгуулагдаж, багтах шингэх зай гараагүй гэсэн. 

Найман жил дүүргийн шатанд ажиллаж, ХУД-ийг хариуцсан учраас бүхэл бүтэн дүүргийг төлөөлж буй улс төрч. Ж.Алдаржавхлангаар удирдуулсан баг НИТХ-ын сонгуульд 1-р тойргоос таван суудал, ДИТХ-ын сонгуульд ялалт байгуулж эрх барихаар болсон. Энэ ялалтийг хоосон орхиж болохгүй учраас Х.Нямбаатар өөрийнхөө орлогчоор А.Амартүвшинг томилсон биз. 

А.Амартүвшингийн улс төрийн намтрыг Ж.Алдаржавхлантай шууд холбож ойлгоход болно. 2016 оноос эхлүүлсэн А.Амартүвшингийн улс төрийн замнал саяхныг хүртэл Ж.Алдаржавхлангаас салаагүй. 

2016-2022 оны хооронд ХУД-ийн ЗД-ын орлогч, 

2022-2024 оны хооронд ХУД-ийн ЗД-ын зөвлөх,

2024-НИТХ-ын сонгууль хүртэл ХУД-ийн ЗД-ын орлогчоор ажилласан гэхээр 2016 оноос хойш найман жил гаруйн хугацаанд Ж.Алдаржавхлангийн орлогч, зөвлөхөөр ажилласан гэсэн үг. 

Түүнээс гадна БГД-ээс хоёр удаа сонгогдсон Д.Ихбаярыг НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгосон. Бас л том дүүргийн төлөөлөл. 

Ямартай ч дээрх тохироо бүрдсэнээр Нийслэл дэх Х.Нямбаатарын нөлөө үлэмж нэмэгдлээ.  Д.Сумъяабазарын үед шүдний өвчин нь байсан Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын нөлөө багасч, томчуудтай нь гар барьснаар ирэх дөрвөн жил нэг бодлоготой нэг зүгт ажиллах нөхцөл бүрдэж байна гэж харж болно. 

 





Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.240
    2024/10/17

    сайн л ажиллах хэргэтэй дээ ард түмэн дахин итгэл өглөө

    Хариулах
  • 71.205.4.58
    2024/10/16

    Amgalan bayar hurandaagii huu yum bol Aldarjavhlangiin hun bish bailtai by bol Baratheon Mieegiin gehed degsduulsen bolohgui baih aa

    Хариулах
    • 66.181.161.253
      2024/10/16

      Aldarjavkhlan hajuudaa 8 jil ajiluuljee. Tegeed niisleld devshuuljee.

  • 66.181.181.33
    2024/10/16

    Ингэхэд Нянбаатарын баг гээд байгаа МАН-ынхан чинь Нийслэлийн иргэдийн 16 хүрэхгүй хувийн саналаар Улаанбаатарыг удирдах болчихсон юм биш үүү⁉️ Энэ шудрага уу таминь ээ‼️ Зориуд баасан гарагт санал авах хууль хийсэн, ирцийн босгогүй хийсэн гээд нөгөө яриад ухуулаад байдаг ардчилалын зарчмаа будаа хийсэн байгааг юу гэж үзэх вэ⁉️

    Хариулах