Хувиараа такси эрхлэгчийг 5 сая төгрөгөөр торгох заалтаа Зөрчлийн хуулиас авахуул, Х.Нямбаатар дарга аа

Х.Батсайхан
4 цаг 46 минутын өмнө

"Зөвшөөрөлгүй такси эрхэлбэл таван сая төгрөгөөр торгох хууль журам хувь иргэнд үйлчлэхгүй" гэж Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдсэн билээ. Түүний мэдэгдэл ямартай ч такси үйлчилгээгээр хоногийн хоолоо залгуулдаг, хөлөө дүүжилдэг хэсэг бүлгийн сэтгэлийг амрааж чадсан. 

Гэвч, үйлчлэхгүй гэж хотын дарга нь л хэлсэн болохоос хууль эрхзүйн орчин нь хэвээрээ  байгааг хэлж, засах шаардлага байгааг сануулах гэсэн юм. 

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор Зөрчлийн тухай тэргүүтэй хуульд өөрчлөлт оруулж, Нийслэлийн иргэдийг хариуцлагажуулж өгсөн билээ. Эдгээрийн нэг нь Нийслэлд хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдэд үйлчлэх Зөрчлийн тухай хуулийн 6.30.4 дэхь заалт юм.  

  

"6.30.4.Зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, таксины үйлчилгээ эрхэлсэн бол хүнийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэх энэ заалт одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Нэг нэгж 1000 төгрөг байдгийг манайхан юу эс андах вэ. 

Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн 6 дугаар зүйлд хувь хүн такси үйлчилгээ эрхэлж болно гэсэн заалт алга байна. "6.1. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.12-т заасны дагуу хуулийн этгээд такси үйлчилгээ эрхэлж болно" гэж л заажээ. 


Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд "29.1.14.орон нутгийн, хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээвэр, такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 3 000 000-10 000 000 төгрөг" гэж заасан бөгөөд энд "хуулийн этгээд" эс бол "Хувь хүн" гэж тусгайлан зааж өгөөгүй буюу хувь хүнээс ч хураамж авч болохоор заажээ. Дээрх заалтууд бүгд дээр хэлсэнчлэн, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор орсон өөрчлөлтүүд байгаа юм. 

Тэгэхээр, одоо Х.Нямбаатар дарга Засгийн газарт санал оруулаад ч юм уу, дээр дурдсан хуулийн заалтуудыг саяхан хийсэн мэдэгдэлтэйгээ нийцүүлэх хэрэгтэй байна. 


Тэгэхгүй бол Монголын төр иргэндээ нэлээд дарамт учруулж мэдэх заалтыг хуульдаа нуучихаад хэрэгжүүлэх цагаа хүлээж анаад байгаа ч юм шиг ойлголт төрүүлээд болохгүй нь. Иргэдийн зарим нь "Иргэдийн эсэргүүцлээс айсандаа мэдэгдэл хийлээ" гэж ярьж байгаа сурагтай. Иргэдээсээ айж байгаа нь сайн хэрэг, Гэхдээ яг эндээс "Айхгүй болох өдөр ирнэ" гээд хуульдаа байлгаа юм биш биз гэх хардлага ч төрөхийг үгүйсгэх арга алга. Тэгвэл энэ Монгол Улс хаашаа алхаж байгаа хэрэг вэ гэж гайхшрах болох биз.  

Бас төрийн хуулийн үйлчлэлийг дарга зогсоож болдог мэт гажиг үүсчихлээ. Энэ байдлаас нэг бол хуулиа хэрэгжүүлж, нөгөө бол засаж өөрчилж байж л гарах учиртай. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.154
    37 минутын өмнө

    Дүрэм бол хээрэгжих хэрэгтэй биздээ.монголчууд минь гучин хэдэн жил хуулгүй дэг журамгүй амьдралаа.амьдарах нь хүний хэрэг ш дээ.тэгээд яаж түгжрэл буурах юм бэ.харин таксинд явах бол тусгай зөвшөөрөл авч тоолуурын тоног төхөөрөмж тавиулж машин техник нь бүрэн бүтэн цэвэрхэн байх шаардлага тавих хэрэгтэй.үүнийг зөрчвөл харин торгох хэрэгтэй

    Хариулах
  • 139.5.218.42
    1 цагийн өмнө

    НЯМБААТАРТ!!! УЛААНБААТАР ХОТ УЛСЫН НИЙСЛЭЛ ЮМ БОЛ ЧИ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧ ЮМ БОЛ АЛБАНЫ ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БАЙЛГАХ УХААН ЧАМД АЛГА УУ? ЮУ НЬ МЭДЭГДЭХГҮЙ, НИЙСЛЭЛИЙН ХАРЪЯАЛАЛГҮЙ ЗҮСЭН БҮРИЙН АМЬТАД ТАКСИНД ЯВЖ НИЙСЛЭЛИЙНХНИЙГ ҮЛЭМЖ ХОХИРООСООР УДЛАА. ХҮН АЛНА, ХУЛГАЙ ХИЙНЭ, ЛУЙВАРДАНА ХУУЛЬ ЁСНЫ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ БОЛГОЧИХООД АЛБАН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИЙГ 5САЯ БАЙТУГАЙ 50САЯААР ТОРГО. ЕР НЬ НИЙСЛЭЛИЙНХЭН НИЙСЛЭЛДЭЭ, ХӨДӨӨНИЙХ НЬ ХӨДӨӨДӨӨ БАГТАА, СУМАНДАА, АЙМАГТАА БАЙР БАЙРАНДАА БАЙМААР БАЙНА. ТАКСИ ХҮССЭН ХҮН БҮРИЙН АМЬДРАЛ ЗАЛГУУЛАХ БУС АРД ОЛНЫ ХЭРЭГЛЭЭНИЙ ОНЦГОЙ ҮЙЛЧИЛГЭЭ!!!!!!!! ИЙМ НОВШИЙН БАЙМААРГҮЙ БАЙНА.

    Хариулах
  • 103.68.107.106
    3 цагийн өмнө

    Өөрийнх нь боловсруулсан хууль шүү дээ, одоо өөртөө халтай болохоор худлаа ярьж эхэллээ, цаашдаа энэ бахинаасаа өөрөө яаж гарахыг нь харъя даа. Хувийн машинаараа амьдралаа залгаж байгаа нөхдүүд бүгдээрээ зам дээр машина зогсоочихвол ёстой гоё юм болно доо.

    Хариулах