Б.Эрдэнэсүх: Авлига авч, Сүхбаатар дүүргийг самарч байгаа бүлэглэлийн ард Х.Болормаа байгаа

Х.Есү
5 цаг 17 минутын өмнө

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгч Н.Одончимэг гэх эмэгтэй 55 сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай бид өчигдөр /2024.10.17/ мэдээлсэн. 

Түүний хувьд Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендертэй холбоотойгоор авлига авч, улмаар гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө хураагдсан тухай  мэдээлэл цахим орчинд нийтлэгдээд байсан юм.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх дөнгөж сая мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Миний сонгогдон ажиллаж байгаа Сүхбаатар дүүрэгт онц нөхцөл байдал үүсч байгаад харамсаж байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн Тамгын газрын даргын орлон гүйцэтгэгч Сэлбэ эмнэлгийн удирдлагуудаас 55 сая төгрөг авлигад авч байгаад үйлдэл дээрээ баригдлаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр явлаа.

Энэ бол байж боломгүй, иргэдээ доромжилсон үйлдэл. Үүнээс болж дүүргийн ажил доголдож байна. УИХ-ын гишүүн Х.Болормаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа Алтангэрэл гэж нөхрийг орлогчоороо тавьсан.

Одоо Засаг даргыг түр орлож байгаа. Тамгын газрын даргын орлон гүйцэтгэгчээр гурван сарын өмнө Н.Одончимэг гэж нөхрийг томилсон. Ажлаа аваад гурван сар болоод авлига авч байгаа дарга маань ийм богино хугацаанд дээрх компанитай сүлбэлдэх бололмжгүй гэж харж байгаа. Үүний ард өөр толгойлогч нар байна. 

Тухайлбал,  Алтангэрэл, Х.Болормаа нарын бүлэглэл, сүлжээ байна гэж хардаж байна. Төсвийн мөнгийг угааж, тендерээс хувь, авлига авч байна гэж харж байна. Одоо ч Сүхбаатар дүүргийг УИХ-ын гишүүн Х.Болормаа гэж хүн удирдаж, байнга үйл ажиллагаанд нь оролцож байгаа. Таалагдахгүй хүнээ хурал дээрээсээ манай дүүргээс зайл гээд хөөдөг. 

Одоо Алтангэрэл гэж нөхрийг дүүргийн Засаг даргаар томилуулахаар Хотын дарга Х.Нямбаатар руу хүсэлтээ явуулсан байгаа юм. Хэрэв эрх ашгийн зөрчилтэй энэ хүнийг Засаг даргаар томилбол хотын даргыг эдгээр хүмүүстэй холбоотой гэж харна.

Дүүргийнхээ иргэдийн өмнөөс ичиж байна. Үүнийг маш сайн шалгах ёстой” гэлээ.

Н.Одончимэгийн хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргын дэргэдэх Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн, албаны даргаар 2017-2024 он хүртэл ажиллаж байжээ. Одоогийн байдлаар Сэлбэ нэгдсэн эмнэлгийн барилгатай холбоотойгоор дөрвөн хүн хоригдсон гэдэг мэдээлэл байгаа юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.104.37
    2 цагийн өмнө

    шудрага сайн залууг дүүргийнхээ дарга болгомоор байнаа

    Хариулах