Э.Одбаяр: Би Вьетнам, Фукуок явж үзээгүй

Б.Мөнхболд
6 цаг 23 минутын өмнө

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр төсвийн мөнгөөр Вьетнам улсын Фукуок арал руу явсан тухай мэдээлэл өчигдөр /2024.10.18/ цахим орчинд нийтлэгдсэн.

Шилэн дансанд нийтлэгдсэн тус аялалын тийзний зардалд нийт 55.126.000 төгрөг зарцуулсан нь төсвийн мөнгөөр аялал зохион байгуулсан уу гэх хардлагыг төрүүлээд байгаа юм.

Тэгвэл уг асуудлаар Э.Одбаяр сайдаас дараах тодруулгыг авлаа.

-Таныг улсын мөнгөөр Вьетнамын Фукуок арал руу төрийн мөнгөөр найман эмэгтэйн хамт аяласан гэх мэдээлэл гарсан. Та ямар ажлаар явсан бэ. Үүнд тайлбар өгөөч?

-Гадагшаа явсан гэх тухай асуудалд нэгдүгээрт, би яваагүй. Манай харъяа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар гээд бие даасан байгууллага байгаа. Тэр байгууллагын 15 албан хаагч Вьетнамын төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн бүтээмжийг сайжруулах чиглэлээр сургалт, семинарт хамрагдсан гэж ойлгож байгаа. 

Бусад шилэн дансны тухайд байгууллагын албан хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай зүйлүүд дээр тухайн газар хуулийн дагуу худалдан авалтаа хийгээд шилэн дансандаа байршуулсан гэж ойлгож байгаа.

- Фукуок арал руу нь ямар ажлаар явсан юм бол?

-Ганцхан Фукуок арал биш, Ханой зэрэг хот руу нь байх. Тэрийн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга, гадаад харилцаа хариуцсан дарга, удирдлагууд нь асуувал илүү сайн мэдээлэл өгөх байх. Би яваагүй шүү дээ. Гэхдээ төрийн байгууллагууд өмнө нь ч бай, одоо ч бай гадагшаа явж туршлага судлах, гадны мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж зэрэг ажлыг бид хийж л таарна. Цаашдаа ч хийж л таарах байх.

-Та хамгийн сүүлд хэзээ Вьетнам улс руу зорчсон бэ?

-Би одоогоор очиж үзээгүй байна.

-Тэгвэл яагаад ийм мэдээлэл гарах болов?

- Хэн нэгэн хүнд зорилго байгаа байлгүй дээ. Энэ байгууллагын чиг үүрэг нь Засгийн газрын дотоод хяналтыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Хянадаг газрын хүмүүс хүн бүрт таалагддаггүй байлгүй.

-Та Вьетнам яваагүй гэж байна. Тэгвэл төрийн мөнгөөр 10 гаруй хүн явах нь хэр зохистой вэ гэх асуудал яригдана?

-Төсөвт батлагдсан хуваарь, гадаад, дотоод томилолтонд зарцуулах ёстой оны эхэнд тавигдсан хуваарийн дагуу төлөвлөгөөт ажлууд хийгээд явж байгаа. Цаашдаа ч хийгдэнэ шүү дээ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.118
    1 цагийн өмнө

    Хөөрхий энэ залууг жирийн ардын хүүхэд болохоор улс төрөөс зайлуулж суудлыг нь булаах гэсэн баян помешикуудын явуулга байх.

    Хариулах