Сүүлийн үед улстөрч, эдийн засагчдын амнаас "Бүсчилсэн хөгжил" гэх үг унах нь ихэссэн билээ. Тэгвэл энэ үгийн утгыг иргэдэд илүү мэдрүүлсэн нэгэн үйл явдал Дархан-Уул аймгийн төв Дархан хотод өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийсэн нь ХХААЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан намар 2024" ургацын баяр боллоо. Жил бүр Улаанбаатар хотод зохион байгуулагддаг тус ургацын баяр энэ удаад тариалангийн бүс нутагт болсон нь энэ.
Зөв.мн сайтын сурвалжлах баг тус ургацын баярын нээлт, үйл явцыг газар дээрээс нь шууд дамжуулж ажилласан юм.
Хөдөө аж ахуйн яамтай, Ерөнхийлөгчтэй, "Алтан намар 2024"-тай Дархан
Биднийг Дархан хотод очиход /Х.19-ний өглөө/ тэр бүр байдаггүй хөл хөдөлгөөн угтлаа. Авто зам дээр хэсэг, хэсэг газарт ачаалал үүсэх нь Дархан хотод бол маш ховор үзэгдэлд тооцогдоно. Харин энэ удаа "Алтан намар 2024" ургацын баяр зохиогдож байгаа Залуучууд театр, Ерөнхийлөгчийн оролцох арга хэмжээ товлогдсон объектуудад төрийн тусгай хамгаалалт гарсантай холбоотойгоор хөл хөдөлгөөн ихтэй байв.
Зохион байгуулагчид Дархан хотын нэрийн хуудас болсон "Залуучууд" театрын баруун талд байрлах Залуусын талбайг "Алтан намар 2024" ургацын баярт зориулан тохижуулжээ. Зориулалтын талбайд тэгш хэмтэй эгнээ болгон барьсан цагаан асарт Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн газар тариалан эрхлэгчид хөдөлмөрийнхөө үр шимээр бий болгосон ургацын брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж, үйлдвэрийн үнээр худалдаалж байв.
Энэ жилийн "Алтан намар" ургацын баярт тариалан эрхлэгчдээс гадна ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчид ч оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүн, ургацынхаа дээжийг танилцуулж, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр нь худалдаалж байсан бөгөөд үүнд зориулсан тайлбар хэлэх нь зүйтэй гэж бодлоо.
Монгол Улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулснаар Засгийн газрын яам, агентлагууд Нийслэлээс нүүх боломж бүрдсэн. Энэ боломжийг ХХААЯ хамгийн түрүүнд ашиглаж, Дархан-Уул аймаг руу нүүж байгааг уншигчдын ихэнх нь мэдэж байгаа биз ээ.
Манай газар тариалангийн салбарын 90 хувь нь Төвийн бүсэд /Төв, Дархан-Уул, Сэлэнгэ/ төвлөрдөг бөгөөд арьс шир боловсруулах томоохон аж үйлдвэрийн бүс энд байрладаг, шинээр ч баригдаж байгаа. Тийм ч учраас салбарын яам Дархан-Уул аймаг руу нүүсэн нь Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцсэн, Нийслэлийн түгжрэлийг бууруулах зорилттой уялдсан хамгийн оновчтой шийдвэрийн нэг гэж тооцогдож байгаа. Тэгэхээр "Алтан намар 2024" ургацын баяр Дарханд зохион байгуулагдаж, тэнд нь зөвхөн ургацын дээж биш, хөдөө аж ахуйн гаралтай бусад бүтээгдэхүүнүүд ч зарагдана гэдэг Дархан хот үүнээс хойш Монголын хөдөө аж ахуйн засаг захиргааны ч төв, газар тариалангийн ч төв, боловсруулах аж үйлдвэрийн ч төв болж байгаа гэдгийг олон нийтэд зарлан тунхагласан бэлгэдлийн чанартай арга хэмжээ болжээ гэж санагдаж байлаа.
Ургацын баяртай зэрэгцэн ОХУ-ын Буриад улсаас ерөнхийлөгч Алексей Цыденов тэргүүтэй хөдөө аж ахуйн салбарын бодлого тодорхойлогчид, бизнес эрхлэгчид ирж, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн ажил хэрэгч хурал зохион байгуулагдсан нь ч үүнийг баталж байв.
Ургацын баярыг нээж, хэлсэн үгдээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах явдал бөгөөд байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах ёстой"-г онцолсон.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр салбарын цаашдын бодлого, хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулан, "Атрын IV" аяныг эхлүүлэхээр болсныг албан ёсоор зарласан юм.
Үүний дараагаар тариалан эрхлэгчид машин техникээ танилцуулж, цуваа явсан нь сонин содон үйл явдлын нэг байв.
Зохион байгуулагчдын зүгээс тариалан эрхлэгчдтэй уулзаж, органик дотоодын ногоо, хүнсээр иргэдийг хангахад оруулж буй нэмэрт нь талархал илэрхийлсэн юм. Харин тариалан эрхлэгчид төрөөс үзүүлж буй дэмжлэгт талархаж байгаагаа хэлж байлаа.
Төр, хувийн хэвшил ийнхүү хамтарч ажилласнаар иргэд гарал үүсэл нь тодорхой, найдвартай, дотоодын эрүүл хүнсээр хангагдаж, ажлын байрыг нэмэгдүүлж, монгол хүний амьдралын чанар сайжирч, улмаар Монгол Улс хүнс экспортлогч орон болох боломж бүрдэнэ гэдгийг талууд онцоллоо.
"Үйлдвэрийн" гэсэн тодотголтой үнэ ханшийн мэдээлэл
Нэгэнтээ баяр учраас дээрх албан ёсны арга хэмжээ баяр ёслолын байдалтай иргэд ч баяртай ёслолын байдалд болж өнгөрсөн. Бүр тодруулбал, тусгайлан зассан тайзан дээр хамтлаг дуучид уран бүтээлээ ч өргөж, энэ жилийн "Алтан намар 2024" ургацын баярын нээлт Нийслэлд болдгоосоо дутуу юмгүй болж байсныг хэлэх хэрэгтэй.
Гэхдээ үзэсгэлэн худалдааны хамгийн гол мэдээлэл, анхаарал татах зүйл бол мэдээж, үнэ ханш байдаг учраас үнэ ханшийн мэдээлэл хүргэхээр бяцхан "судалгаа" авснаа сурвалжлагынхаа төгсгөлд та бүхэндээ хүргэж байна.
Хүнсний ногоон:
Төмс: 1200-1800 төгрөг
Лууван: 1800-2500 төгрөг
Байцай: 1100-1500 төгрөг
Сонгино: 2800-3500 төгрөг
Улаан лооль: 4300-12000 төгрөгийн үнэтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.249
Onts
Хариулах