"Газрын тос боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгийн ЭКСИМ банкнаас $431 саяыг нэмж зээлнэ"

Х.Есү
Өчигдөр 16 цаг 15 минут

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл өглөө. Өнөөдрийн хуралдаанаар Дундговь аймагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын явцын талаар хэлэлцжээ. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Монгол болон Энэтхэг улсын хамтын ажиллагааны үр дүнд газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр гарч гэрээ байгуулагдсан. Гэрээний хүрээнл нийт дөрвөн багц ажил хийгдэх ёстойгоос гурван ажил нь хэрэгжсэн. Бид нэмэлт санхүүжилт авахгүйгээр газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах боломжгүй. 

Манай намын бүлгээс нэмэлт санхүүжилтийн асуудлыг Энэтхэгийн талтай ярилцаж шийдвэрлэх хэрэгтэй гэсэн улс төрийн шийдвэр гаргалаа" гэлээ. 

Харин "Аж үйлдвэр эрдэс баялгийн" сайд Ц.Туваан  "Газрын тос боловсруулах үйлдвэр барихад $1.2 тэрбум хүрэлцэхгүй байна. Энэтхэгийн ЭКСИМ банкнаас $431 саяыг нэмж зээлдэнэ" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Тодруулбал, гэрээний хүрээнд дөрвөн багц ажил хийгдэх ёстой ч одоо байгаа санхүүжилт буюу 1,2 тэрбум долларын санхүүжилт хүрэлцэхгүй байгаа ба санхүүжилтийг 431 сая ам.доллараар нэмэх шаардлагатай гэв. 

Одоогийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэр 2027 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна