Д.Одбаярыг Хонконгийн консулаар хэл ам намжсан хойно томилохоор болжээ

С.Гандэлгэр
2024/10/28

Улстөрчид төрийн болон хуулийн байгууллагад өндөр албан тушаал хашаад халаагаа өгсөн эрхмүүдэд элчин сайд, консулын албан тушаалыг шагнал байдлаар өгдөг байдал өнөө ч үргэлжилсээр...

Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, тагнуулын дарга гээд хөврөх энэ жагсаалт Үндсэн хуулийн цэцийн экс дарга Д.Одбаяраар үргэлжилж байна.

Тодруулбал, албан тушаал хашиж байх үедээ ёс бус үйлдэл гаргаж, олон улсад Монголын нэрийг унагаж байсан тэрбээр өдгөө Хонконгод суух консулаар томилуулахаар Засгийн газрын сайд нарыг “хормойдож” яваа нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Түүний хувьд ҮХЦ-ийн даргаар ажиллаж байхдаа "Корэйн Эйр" компанийн нисэх онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед зүй бусаар хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж, тус улсын хэвлэлүүдээр шуугиан тарьж байв. Улмаар тус улсын хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, 7 сая воноор торгуулж байсан юм.

Ёс зүйгүй үйлдэл гаргаж, Монгол төрийн нэрийг шалбаагтай хутгачхаад албан тушаалаа өгөхгүй ээ гээд зууралдаж байсан цаг саяхан.

Хэзээнээсээ өндөр босготой, хамгийн хүнд үед зөв шийдлийг ямагт олж ирснээрээ алдартай дипломат алба  авлигач, хулгайч, ёс бус үйлдэл гаргасан улстөрчдийн хоргодох газар болж хувирсныг энэ мэтчилэн сүүлийн 10 гаруй жилийн томилгооноос харж болно.

Сүүлийн кэйс гэхэд, 60 тэрбумын хэрэгт холбогдож, "Монгол төрийн албан тушаалыг сайд, агентлагийн даргаас эхлээд ахлах мэргэжилтэн хүртэл нь төлбөртэй болгох схем зурсан" гэгддэг Ц.Сандуй Улаанбаатар хотыг Японы Токио хотод төлөөлөх төлөөлөгчөөр томилогдож сар бүр 19 сая төгрөгийн цалин авч байх жишээтэй. 

Энэ жагсаалт Лу.Болд, Ж.Батзандан, Б.Гэрэл гээд маш урт нэрс хөвөрнө.

Нэр хугарахаар яс хугар гэдэг. Өөрийнхөө төдийгүй улсынхаа нэрийг шороотой хутгасан ямбатнуудад монголчууд, монголын төр ямар өртэй вэ. Ичих нүүрээ элгэндээ наачихаад гүйж яваа Д.Одбаяр нарын нөхдүүдэд Монголыг төлөөлөх эрх байхгүйг энд сануулъя.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна