Б.Найдалаа: Эрчим хүчний реформ бол ЗАЙЛШГҮЙ хэрэгтэй. Гэхдээ дулаан, цахилгааны үнийг заавал нэг өдөр нэмэх албагүй

С.Гандэлгэр
2024/10/29

УИХ-ын гишүүн, УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга Б.Найдалаагаас эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлаар тодрууллаа. 

-Эрчим хүчний реформын хүрээнд үнэ тариф чөлөөлөх асуудал яригдаж байна. Шууд нэмэх, шат дараатай нэмэх тал дээр хувь гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ ? 

Эрчим хүчний реформ бол зайлшгүй. Энэ реформийг олон жил хийхгүй байсаар салбарын асуудлыг бүр хүндрүүлчихсэн. Бараг сэхээнд оруулчихсан байна. 

Нэг юм онцолж хэлэхэд эрчим хүчний реформ гэхээр зөвхөн үнэ тариф ярьж байна. Энэ бол жижигхэн хэсэг нь шүү дээ. Цаана нь хууль, эрх зүйн орчныг өөрчлөх, сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүчийг нэвтрүүлэх, хувийн хэвшлийг татан оруулж, хөрөнгө оруулалт татах зэрэг олон зүйл байна.

 Энэ бүх цогц асуудлыг эрчим хүчний реформ гэж ойлгож байгаа. Бүх юмыг төр даагаад байх юм бол дийлэхгүй шүү дээ. Мөн засаглалын асуудал байна. Нүүрсний уурхайгаас эхлээд цахилгаан станц хүртэл дамжуулах компаниуд нь бүгд төрийн өмчит компани байгаа. Үр ашигтай байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. 

Үнэ бол шударга биш байна. Жишээ нь Улаанбаатар хотод гэр хороололд амьдарч байгаа өрх жилд 2 сая төгрөгийг дулаанд зарцуулдаг. Гэтэл орон сууцанд амьдарч байгаа айл 450 мянган төгрөгийг дулаанд зарцуулдаг. Тэгэхээр эрчим хүчний үнэ их бага гэхээс илүү шударга биш байгаа гэсэн үг. Хэрэглэгч бүрд таарсан, хэрэглээнд нь нийцсэн үнэ тогтоох ёстой. Тэрнээс хавтгайруулан хасаж, нэмэх зүйл байх ёсгүй. Мэдээж эрчим хүчний салбар болон эдийн засагт эерэг нөлөөтэй байхаар үнэ тогтоох ёстой. Энийг шийддэг газар нь УИХ, ЗГ ч биш Эрчим хүчний зохицуулах хороо шүү дээ. 

- Эрчим хүчний үнэ нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна энэ тал дээр яах ёстой вэ ? 

Эрчим хүчний үнэ нэмснээр инфляцид нөлөөлнө гэхдээ маш бага хувьтай. Хамгийн гол асуудал нь эрчим хүчний реформ ярихаар ямар ч холбоогүй байж барааныхаа үнийг нэмчихдэг. Жишээ нь такси үйлчилгээний үнэ нэмэгдлээ гэж бодоход цахилгаантай ямар ч холбоогүй шүү дээ. Сургаар нэмдэг, хэт дуулиантайгаар хүлээлт үүсгэх нь эдийн засагт хортой байгаа юм. 

Ямартай ч Эрчим хүчний реформын хорооны гишүүний хувьд үнэ нь шударга байх ёстой. Хийж байгаа бодит өртөгт нь нийцүүлэх ёстой. Үе шаттай байх ёстой. Дулаан, цахилгааны үнийг заавал нэг өдөр нэмэх албагүй шүү дээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.