Ж.Баярмаа: Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг байна

Т.Отгонсувд
2024/11/04

2025 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар Засгийн газарт шаардлага хүргүүллээ. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Мартсанаас мал мэнд үү гэгчээр сонгууль болоод дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна.  Намуудын мөрийн хөтөлбөрийг сануулая. МАН - 2.1.1. Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл бууруулна. 3.2.7. ДНБ-д эзлэх Засгийн газрын гадаад өрийг 40-өөс доош хувьд тогтмол хадгална. АН - 5.1.3. МУ-ын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана. ХҮН - 1.1. Бизнест ээлтэй татварын таатай орчныг бүрдүүлнэ 1.4. Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална гэсэн. 

 Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт төсвийн ДНД-д эзлэх хувийг 37.7 хувь болгохоор тооцоолж орж ирсэн байна. Энэ нь дөрвөн сарын өмнө амалж байсан намуудын мөрийн хөтөлбөрөөс зөрж байна. 

Төсвийг нэмж байна гэдэг нь хувийн хэвшлийн боломжтой өрсөлдөж байна гэсэн үг, хэрэв энэхүү нэмэгдэж буй төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол бүтээмж өндөртэй, ажлын байр, хөрөнгө оруулалттай, илүү гэрэл гэгээтэй, бололцоотой байсан. Нөгөө талдаа асар олон үргүй зардал харагдаж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Ганц хоёр жишээ дурдахад л ирэх оны төсөвт томилолт, зочны зардал гэхэд 111 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнөх оныхоос дөрөв дахин нэмэгдсэн дүн юм. 

Үүнээс гадна тавилга, эд хогшил, урсгал засвар гээд бараг 268 тэрбум төгрөг байна. Мөн л өнгөрсөн оныхоос 2.2 дахин нэмэгдсэн байна. 

Мөн мэдээлэл технологийн үйлчилгээ гэх зардалд 70 тэрбум төгрөг тавьсан нь 3.6 дахин нэмэгдэж байна. Бас нэг ноцтой зүйл гэвэл бусдаар гүйцэлдүүлсэн ажил үйлчилгээний зардалд 1.9 их наяд буюу өмнөх оны үеэс 2.5 дахин нэмэгдсэн байна. Энд ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй байгаа нь шударга бус гэж үзэж байна.

Бараа үйлчилгээний зардал 450-960 тэрбум төгрөг болж нэмэгдсэн. Гэтэл 2023 оны төсвийн гүйцэтгэл дээр аудитаас 74 тэрбум төгрөгийн илүүдэл бараа материал авсан гэсэн дүгнэлт гаргасан.

Бид мэдэж байгаа. Сургууль цэцэрлэгийн хүртээмж бага. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд л гэхэд үйлчилгээ үзүүлэх бээлий, багаж хэрэгсэл байхгүй гэсэн ноцтой асуудлыг ажилтан нь ярьсан.

Төсөвт хориг тавих эрх Ерөнхийлөгчид байдаг. Гэхдээ бид Ерөнхийлөгч гэхээсээ илүүтэй Засгийн газрыг өөрийг нь үргүй зардлуудаа сайн нягталж үзээд, хасах шаардлагыг тавьж байгаа юм" гэлээ. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.125
    2024/11/04

    Ард түмнээ хуурсаар байгаад сурчихсан, мэдлэггүй юмс төрд гараад ёстой сүйрүүлж байнаа. Оюун эрдэнэ, Хүрэлсүх хоёр улсыг удирдах ухаан дутаж байна. Бурууг нь хэлсэн бүхнийг ял төлөвлөж байгаад шоронд хорьдог болсон..оюун эрдэнийн оролцоогүй юм алга. Халзан бүргэдтэйг ухах асуудалд судалгаагүй, зөвхөн цөөн хүмүүс өөртэй хөрөнгө хуримтлуулах санаархал дор үхэн хатан зүтгэж байна. ҮАБ ын гишүүд өөрсдөө улс оронд аюул учируулах гэж байна. Уурхай олон ухаад, бүгд л улс орны хөгжилд зориулагдахгүй байна.3000 уурхай ашиглаж байгаа мөртлөө, нэгийг ч улс орны хөгжилд ашиглаагүй, цөөхөн хүмүүс хувийн хэрэгцээндээ ашиглаж байна.Уурхай бүгд хувьд байгаа.

    Хариулах
  • 103.212.117.125
    2024/11/04

    Өө тийм үү.

    Хариулах