"Чайна энержи"-гийн "Нүүрсний гэрээ"-ний барьцаанд орсон "Байгалийн хий дамжуулах хоолой"

Х.Батсайхан
8 цаг 1 минутын өмнө

БНХАУ-ын "Чайна энержи" компани Гашуунсухайт хүртэл төмөр зам тавиад хэдэн жил ашиглалтгүй байсныхаа хариуд 20 жил тогтвортой нүүрс авах гэрээ хийх, тогтмол үнэ тогтоож 20 сая тонноос багагүй нүүрс авах, олборлолт хийх гэсэн гурван хувилбарын аль нэгийг сонгохыг Засгийн газраас шаардаад байгаа билээ. 

Төмөр зам тавьсан 5 тэрбум юаниа алдагдлын хамт буцааж нэхэмжлэхээ тойруу утгаар ойлгуулсан. Тэгвэл энэ гэрээний ард Монголын нутгаар дамжуулж тавигдах байгалийн хий дамжуулах хоолойн асуудал яригдаж байгаа аж. Тодруулбал, төмөр замын асуудал байгалийн хий дээр давтагдаж болзошгүй учраас бид Монголыг тойруулж, Казахстанаар тавьсан нь илүү эрсдэлгүй гэсэн байр суурийг илэрхийлжээ. 

Өөрөөр хэлбэл,  төрийн бодлогын залгамж чанараа тууштай авч явна гэдгээ БНХАУ-ын талд итгүүлэх шаардлага үүсээд байгаа аж. Байгалийн хийн хоолойн асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ороогүй. 

Гэхдээ БНХАУ-ын талаас нааштай шийдчихвэл хөдлөхөд бэлэн байгаа энэхүү төслийн талаар мэдээлэл хүргэж байна. Учир нь, байгалийн хийн хоолойн төслийг явуулах эсэх асуудал "Чайна энержи"-тэй байгуулах гэрээний барьцаа болж байгаа нь үнэн боловч асуудлуудаа шийдэж чадвал байгалийн хийн хоолой ч баригдахад ойрхон ирсэн гэсэн  үг билээ.

  Учир нь, оросууд Монголоор дамжих хоолойгоор Ковыктинскийн ордын хийг гүйлгэх сонирхолтой байгаа бөгөөд энэ орд нь Монголын чанх хойно байрлалтай юм.  

Байгалийн хийн хоолойн давуу тал, эрсдлүүд 

Гурван улсыг холбосон зам тээвэр, дэд бүтцийн аварга төслүүд хэрэгжүүлэх зорилготой “Талын зам” төсөл одоогоос 10 жилийн өмнө яригдаж эхэлсэн билээ.

Уг төслийн хүрээнд ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, байгалийн хийн хоолой, газрын тосны хоолой, эрчим хүчний шугамыг Монголын нутгаар дамжуулан барих ёстой. Гол нь, асуудал биднээс биш, хоёр хөршөөс хамаарах тул хэзээ, хэрхэн хэрэгжүүлэх нь бүрхэг байв. Монгол Улсын үе үеийн эрх баригчид мэдээж энэ асуудлаар идэвх чармайлт гаргаж байсан ч эцэстээ хоёр хөршийн амыг харахаас өөр аргагүй болж дуусдаг байв.

Тэгвэл 2014 оны тавдугаар сарын сүүлээр Шанхайд болсон Азийн удирдагчдын уулзалтын үеэр БНХАУ- ын удирдагч Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх эхлэлийг тавьсан нь байгалийн хийн хоолойг газар нутгаараа дамжуулах Монгол Улсын сонирхол биеллээ олох эхний нөхцөлийг хангасан юм. Гэсэн ч хэд хэдэн бодитой том саад байсан. 

Нэгдүгээрт, хоёр хөрш хоёулаа “Том төслүүдийг ярихын тулд эхлээд ШХАБ-д элс” гэж шахсан нь манай улсын “Эвсэлд үл нэгдэх” бодлоготой зөрчилдөж байсан. АНУ ШХАБ-ыг цэргийн эвсэл болж хувирах өндөр магадлалтай гэж үздэг нь манай “Гуравдагч хөршийн бодлого”-той мөн зөрчилдөж байв. Тиймээс АНУ-ыг алдахгүйн тулд “Бид ШХАБ-аас илүү Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-т элсэх сонирхолтой байна” гэдэг, дагаад том төслүүд хэрэгжих нь худлаа болдог байв. Энэ зуурт ОХУ “Сибирийн хүч 2” болон “Алтай” гэх, Монголыг зүүн, баруун талаар тойрсон маршрут гаргаж, шахалт үзүүлж байлаа.

 Гэвч “Укокийн дархан цаазат газар” гэх мэт аар, саар шалтгаан тоочин хийж эхлэлгүй алгуурлаад байсан нь “Тохиромжтой нөхцөл нь бүрдэхээр Монголоор дамжуулж тавих юм байна” гэсэн итгэлийг төрүүлдэг байв. Улмаар нөхцөл нь ч бүрдэж, БНХАУ уг асуудлыг сонирхож эхэлсэн тул байгалийн хийн хоолой барих ажил биеллээ олоход ойртжээ. Цаана нь Монголын эрх баригчдын гадаад бодлогодоо баримтлах байр суурь өөрчлөгдсөн, бүс нутагт эзлэх БНХАУ-ын жин нөлөө өссөн зэрэг шалтгаан байж болно.

Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар тавих нь бидэнд олон давуу талыг авчирна. Хий дамжин өнгөрүүлсний татвар авч, эдийн засгаа тэтгэнэ. Ажлын байр бий болно. Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болно. Эерэг талууд нь ерөнхийдөө энэ хэд. Харин сөрөг тал нь нэлээд олон.

Монгол Улс АНУ-тай Стратегийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулсан ч үнэн хэрэгтээ аажмаар алсарч байгааг бүгд мэдэж байгаа. ШХАБ-д элсэх асуудлыг бодитой судалж байгаа. Украины хэрэг явдал, ОХУ БНХАУ ашиг сонирхлоороо нэгдсэн зэрэг үйл явдлууд манай улсын ШХАБ-д элсэхгүй байх байр суурьт хүссэн хүсээгүй өөрчлөлт оруулсан. 

Газар зүйн өвөрмөц байршлаасаа болоод бид үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж байна. ШХАБ бол хилийн маргааныг зохицуулах, терроризмтой хамтарч тэмцэх зорилготой байгууллага. Энэ байгууллагын зохицуулах үүрэг Монголд байхгүй. Манайх хоёр хөрштэйгөө газар нутгийн маргаангүй, терроризмын аюул багатай. Гэхдээ том төслүүдийг хөдөлгөж, хоёр хөршийн олон жил хийх олон тэрбум ам.долларын наймаанаас хувиа хүртэхийн тулд сонголтоо хийхээс аргагүй.

ШХАБ-д элсвэл барууны ертөнцөөс мэдэгдэхүйц алсарч холдоно. Хөрөнгө оруулалт татах боломж хумигдана. Энэ алдагдсан боломжийг хоёр хөрш болон цаашид “нэг талд” орж байгаа бусад орнуудаас хэрхэн нөхөх вэ гэдэгт анхаарлаа хандуулахаас өөр аргагүй болно. Бодлого ч яг энэ чигт явж байгаа.

ОХУ болон бусад улстай визгүй зорчдог болох асуудлыг эхнээсээ шийдээд явж байгаа. БНХАУ-д 20 жилийн хугацаанд тэрбум тонн коксжих нүүрс нийлүүлэх санамж бичиг байгуулаад хэрэгжүүлж байна. Энэ бол бидний өөрсдийн сонголт биш бөгөөд нөхцөл байдалдаа дасан зохицож байгаа хэрэг.

Бид одоо харин хоёр хөрштэйгөө харилцан ашигтай, хамгийн гол нь тэнцвэртэй харилцааг баримтлах нь чухал.

“Үнэгүй бяслаг хулганын хавханд л байдаг” гэж үг бий. Хийн хоолойг Монголоор дамжуулсны хариуд өгөх зүйл нь зөвхөн ШХАБ-д элсэхээр хязгаарлагдахгүй, усан цахилгаан станц барих зорилгоосоо татгалзахад хүргэж магадгүй болов.

Ерөнхий сайдыг ОХУ-д очиж, эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа хойд хөршийн хэвлэлүүдэд “Монгол Улс усан цахилгаан станц барих бодлогоосоо татгалзах уу” гэсэн агуулгатай мэдээллүүд маш их гарсан байсан. УЦС барих асуудлыг Байгалийн хийн хоолой барих төслөөр барьцаалах санаа агуулж байж мэдэх л байх.

ОХУ: Хэмнэлт харсан сонголт

ОХУ-ын хувьд байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг дэмждэг ч мөн л ажил хэрэг болгоход хүндрэлүүд байсан. Нэгдүгээрт, БНХАУ өөрсдөө Монголын газар нутгаар дайруулахаас татгалзсан гэх. Хоёрдугаарт, “Алтай” маршрутын дагуух бүс нутгийн иргэд хийн хоолой барих ажлыг нэн даруй эхлүүлэхийг шаардаж байв. Гэсэн ч анхнаасаа барих санаагүй байсан тул БНХАУ-ыг харсан байдалтай хэдэн жилийг үдсэн юм. “Алтай” маршрутыг ашиглахгүй байх өөр том үндэслэл ч байсан нь үнэ.

Хятадын баруун хойд нутагт хүн ам сийрэг суурьшсан. Гэтэл тэнд Туркменээс татсан хийн хоолой бий. БНХАУ байгалийн хий олборлох, байгалийн хий дамжуулах хоолой тавих ажилд нь Туркменистанд тусалж, хөнгөлөлттэй зээл олгосныхоо хариуд маш хөнгөлөлттэй үнээр худалдаж авдаг. Хэрвээ ОХУ “Алтай” маршрутаар хоолойгоо тавьчихвал хятадууд Туркменээс ирж байгаа хямд хийтэй өрсөлдүүлж, үнэ ханшийг нь унагах нь ойлгомжтой байв. Хямдруулаад өглөө гэхэд Европ дахь худалдан авагчид нь мөн хөнгөлөлт нэхэх нь тодорхой. Ийм учраас л “Алтай” ингэж олон жил гацжээ. Одоо бол бараг тэр чигт нь хаях бизээ.

Оросууд Монголоор хийн хоолой дамжуулах сонирхолтой байсан нь Байгаль далайн хажууханд Ковыктинскийн ордыг БНХАУ-д хүргэх илүү хялбар, өртөг багатай шийдэл байсных юм.

Үнийн хувьд ч давуу талтай. Байгалийн хий Монголоор дамжаад БНХАУ-ын төвийн мужуудад очно. Энд Туркменистаны хийтэй өрсөлдөх асуудал байхгүй. Бас бүтээн байгуулалтын зардал үлэмж хэмжээгээр хэмнэгдэнэ. “Алтай” маршрутаар хийн хоолой тавихын тулд ОХУ 55 тэрбум, БНХАУ 20 тэрбум ам.доллар гаргах тооцоо бий. Хоолойн нийт урт нь 4000 км. Монголоор дамжуулбал БНХАУ-ын хил хүртэл 1500 км учраас зардлаа бараг хоёр дахин багасгах боломжтой юм.

БНХАУ: Монголоор тавигдах хийн хоолой нөөц төлөвлөгөө байж мэднэ

Төслийн хамгийн гол оролцогч БНХАУ- ын хувьд одоо хүртэл ямар нэг байр суурь илэрхийлээгүй ч асуудалд голлох үүрэгтэй оролцож байгаа нь мэдээж. Тэдний хувьд баруун талаас Туркменистан, зүүн талаараа ОХУ-аас “Сибирийн хүч” гэсэн хоёр хоолойгоор хэрэгцээгээ хангаж байгаа. Одоо гагцхүү төвийн нутгуудаа хангах зорилт л үлдсэн. Энэ зорилтоо Монголоор дамжуулж тавих “Талын цутгал”-аас гүйцээх сонирхолтой байна.

Тэд ОХУ-ын нэгэн адилаар үе үе “Алтай” төслийг яаравчлахыг үүрэгдэх байдлаар жил саруудыг авч ирсэн. Энэ нь нэг талаар тус улсад байгалийн хийн хэрэгцээ их байгааг харуулна.

Хятадууд Монголоос арай зүүхнээр буюу Алс Дорнодоор дамжуулан газрын тосны хоолой оруулах оросуудын саналаас татгалзсан. “Хэрэггүй ээ, бид өөрсдөө, бидэнд хий байгаа” гэсэн байна. БНХАУ-ын жилийн хэрэгцээ одоогоор 200 тэрбум шоо метр байгалийн хий бөгөөд үүнийхээ 130 тэрбум орчмыг нь өөрсдөө гаргадаг байна. 

Үлдсэнийг нь ОХУ-аас нөхнө гэж байгаа ч Азийн бусад орнуудад бодлого явуулдгийн хувьд шууд болих нь юу л бол. Мөн хүн төрөлхтний өмнө шинээр нээгдэж буй эх газар болох Арктикаас байгалийн хий олборлох “Ямал СПГ” гэдэг компани бий. Хятадуудын оролцоотой, хувь эзэмшдэг компани. Эндээс гарсан хийг зарна гэвэл БНХАУ- аас өөр худалдан авагч байхгүй.

Яагаад энэ бүхнийг дурдав гэхээр, манай нутгаар тавигдах хийн хоолойн ашиглалт БНХАУ-ын хэрэглээнээс шууд шалтгаалах учраас тэр юм. Энэ талаар нэлээд сөрөг бодолтой явдаг мэргэжилтнүүд ОХУ-д цөөнгүй байдаг аж.

Тэдний нэг болох Игорь Крутихин гэгч нэгэнтээ “Би БНХАУ-ын мэргэжилтнүүдтэй уулзаж, байгалийн хий нийлүүлэх нэмэлт шугамуудын талаар санал солилцсон. Тэд “Бид ОХУ-ын оролцоогүйгээр байгалийн хийн хэрэгцээгээ хангаж чадна гэдгийг та мэднэ биз дээ. Оросын хий бидэнд зөвхөн нэг л тохиолдолд хэрэг болно. Номхон далайн бүс нутагт улс төр, дайны онцгой байдал үүсч, өөр эх сурвалжаас авах аргагүй болсон тохиолдолд. Хэрвээ тэгвэл бид Оросоос байгалийн хийгээ авах юм” гэж хэлсэн” хэмээн ярьсан байдаг. Энэ нь манайхаар дамжуулах хийн хоолой ашиглалтын хувьд бас л эрсдэлтэй байж мэдэхийг харуулж байгаа юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.