Говь Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан сумын ИТХ-аас сумын Засаг даргад нэр дэвшүүлсэн хүмүүсээс ганц Тонхил сумын Засаг даргад нэр дэвшсэн Ч.Жаргалсайханыг томилохоос татгалзжээ.
Өнгөрсөн орон нутгийн сонгуульд Говь Алтай аймагт Ардчилсан нам 18 суудал авч ялалт байгуулсан /МАН 11 суудал/. Харин Тонхил сумын ИТХ-ын сонгуульд МАН ялж, ИТХ-ын анхдугаар хуралдаанаараа Ч.Жаргалсайханыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэхээр дэмжсэн юм.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56.7-д “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэсэн заалт байдаг. Г.Чинбат энэ заалтыг үндэслэн татгалзаж байгаагаа албан бичигтээ дурдсан байна. Гэхдээ Тонхил сумын ИТХ Ч.Жаргалсайханыг өнгөрсөн аравдугаар сарын 31-нд нэр дэвшигчээр тодруулж, сумын засаг даргаар томилуулахаар өргөн мэдүүлсэн байхад юуны учир сар гаруй саатуулснаа дурдсангүй.
Хуульд "Дээд шатны засаг дарга нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно" гэсэн заалт байж болно. Гэхдээ Засаг дарга энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ чухам ямар учраас татгалзав гэдэг шалтгаанаа албан бичигтээ тодорхой дурдах учиртай. Говь Алтайн улстөрчид дотор хамаарал бүхий этгээд буюу эхнэр, хүүхэд нь хувийн компанитай, түүгээрээ орон нутгаас тендер авдаг ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүд байдаг. Ч.Жаргалсайханд энэ мэт шалтгаан байгаа бол түүнийгээ тодорхой дурдах үүрэгтэй. Эсвэл цаг тулгаж томилгооноос татгалзаж, Тонхилчуудыг төсвөөр хохироох гэсэн гээд шууд хүлээчих хэрэгтэй.
Орон нутгийн өөрөө удирдах байгууллагадаа МАН-ыг олонх болгосон, итгэл хүлээлгээд Засаг даргад нэр дэвшүүлсэн хүн нь яагаад томилогдож болохгүйг тонхилчууд мэдэх эрхтэй.
Г.Чинбат даргын энэ үйлдлээс болж Тонхил сум төсвөө баталж чадахгүй байх эрсдэл үүссэн байна.
Тонхил сумын Засаг даргад нэр дэвшигч Ч.Жаргалсайхан энэ талаар олон нийтийн сүлжээн дэх хуудастаа “Тонхилчууд ямар буруутай юм бэ. Аймгийн Засаг дарга Чинбат Гомбосүрэнгийн 18 сумын Засаг дарга нараас зөвхөн Тонхил сумын Засаг даргыг батламжлахаас татгалзжээ. Уулзахгүй зугатаад байсны учир ерөөсөө энэ байжээ. Хүн хүнээрээ байх бүр өнгөрч гэж бодъё. Хэрвээ ийм шийдвэр гаргах байсан юм бол эртхэн гаргачихгүй дээ. Оны эцэс болчихсон, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, төсөв батлагдах ийм шахуу цаг хугацаа тулсан үед энэхүү шийдвэрийг гаргалаа. Эцсийн үр дүнд нь Тонхил сум төсвөө баталж чадахгүй байх ийм том эрсдэлтэй тулгарч байна. Тонхилчууд МАН-д итгэж сумын ИТХ-д олонхи болгож сонгосон юм шүү!!! Тэгээд сумын ИТХ нь хуралдаад миний биеийг Засаг даргад нэр дэвшүүлсэн юм шүү!!! Тэгээд заавал Мэндсайханы Насанбат Тонхилын Засаг дарга болох ёстой юм уу, эсвэл заавал АН-аас хэн нэгэн Засаг дарга болох ёстой юм уу? Би биш байж болноо. Их л айж дээ. АН-ынхан тэр тусмаа Насанбат эрдмийн, амьдралын аянд хүлгийн жолоо залсан идэрхэн 2 хүүгийн амиар сонгууль хийсэн шүү. Одоо тэгээд ичээд савраа татчихаж болдоггүй юмуу. Тонхилынхон чамд итгэл хайраа чамгүй л өглөө, чи ч их л томорлоо.
Чи л Тонхилынхныг хагалж бутаргаж, бохир улс төр хийсэн шүү!!! Тонхилчууд минь ээ намайг #уучлаарай. Би л буруутай. Бурууг зөвхөн өөрөөсөө хай гэдэг дээ. Тийм ээ. Би болдоггүй хүн. Шударга үнэний төлөө хэнээс ч айдаггүй дуугарчихдаг "буруу" зантай...” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна