Зарлага чинь хэтрээд орлого чинь дутаад байна Х.Нямбаатар дарга аа

С.Гандэлгэр
23 цаг 9 минутын өмнө

Нийслэлийн ИТХ ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Ирэх оны төсөвт 3.2 их наядын зарлага, орлоготой байхаар төлөвлөсөн. Мөн үндсэн төсвөөс гадна зээл, бондоор санхүүжсэн Х.Нямбаатарын баг ирэх онд 5.8 их наяд төгрөг зарцуулахаар байгаа. Үүнийгээ тэд тайлбарлахдаа том төслүүдээ урагшлуулж, хотоо хөгжүүлэх гэж тайлбарлан зүтгүүлж буй. 

Харин аудитын байгууллагаас ч төсвийн зарлагыг 24.3 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэдэг дүгнэлтийг гаргаж, 

  • Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ 400.0 сая төгрөг;
  • Бүтээлч хот Төслийг хэрэгжүүлэх 950.0 сая төгрөг;
  • Өмгөөлөл хуулийн зөвлөх үйлчилгээ авах 60.0 сая төгрөг;
  • Хууль тогтоомжийн судалгаа хийх 40.0 сая төгрөг;
  • "Эх оронч сурагч" аян хэрэгжүүлэх 200.0 сая төгрөг зэрэг ач холбогдолтой эсэх нь эргэлзээтэй олон төсөл хөтөлбөрийг хасах боломжтой гэж нэр заан дурдсан.

Түүнчлэн 71.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, ирэх онд 52.8 тэрбум төгрөгөөр санхүүжих 10 гаруй зураг төсөвгүй төсөл, арга хэмжээг төсөвтөө тусгасныг хасах боломжтой харагдана. Улсын төсөв зураг төсөвгүй төсөлд хөрөнгө тавихгүй байх зарчмаар явж байхад Нийслэл өөрөөр байж болох уу гэдэг асуулт энд гарна. 

Мөн Нийслэл Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 201, 264, 265 дугаар тогтоолоор дотоодын зах зээлд 1.0 их наяд, гадаадын зах зээлд 500.0 сая. ам. долларын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгосон. Үүнийгээ ч тултал ашиглаж байгаа. Их хэмжээний зээл, бондоор санхүүжиж, татвар, хураамж нэмэх замаар төсвийн орлогыг өндөр хувиар нэмэгдүүлсэн нь эрсдэл дагуулж болзошгүй. 

                                                                                 Орлого тасрах эрсдэл

Ирэх оны төсвийн орлогын 80 гаруй хувийг татвар, хураамжаас бүрдүүлж байгаа. Тэгвэл энэ орлого тасалдах эрсдэл ч бий. Энэ оны төсвийн орлогын төлөвлөгөө нийт 226.1 тэрбум төгрөгөөр буюу 8.8 хувиар тасарсан дүнтэй байгаа аж. 

Төсвийн орлогын тасралтад хувь хүний орлогын орлогын албан татвар, газрын дуудлага худалдаа, дамжуулан зээлийн хүүгийн орлого, хүү торгуулийн орлогын тасалдал гол нөлөөллийг үзүүлжээ.  Хотын төсвийн орлогыг бүрдүүлэгч нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 77.9 тэрбум төгрөг, нийслэлийн Өмчийн харилцааны газар 1.9 тэрбум төгрөг, нийслэлийн Замын хөгжлийн газар 1.9 тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг тасалдуулжээ. 

Ингээд харвал ирэх оны төсвийн орлого ч тасрах эрсдэлтэй. Мөн их хэмжээний зээл, бонд гаргасан учраас хэзээ нэгэн цаг авсан зээл, гаргасан бондоо төлөх нь гарцаагүй. Тэр ч утгаараа хэрэгцээ шаардлагагүй, ач холбогдолгүй, зураг төсөвгүй төсөл, хөтөлбөрүүдийг танаж, урсгал зардлаа бууруулахгүй бол зарлага нь хэтрээд, орлого нь хүрэхгүй байх эрсдэлтэй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна