Нийслэлийн төсвийг 24.3 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэж АУДИТ дүгнэлт гаргажээ

С.Гандэлгэр
21 цаг 47 минутын өмнө

Өнгөрсөн даваа гарагт НИТХ-ын ээлжит бус II хуралдаан болж, хотын дарга Х.Нямбаатар ирэх оны төсвийн төслөө танилцуулсан. Улмаар өчигдөр /2024.12.03/ НИТХ дахь намын бүлгүүд хуралдаж, төсвийн асуудлаа хэлэлцсэн юм. Тэгвэл өнөөдөр НИТХ хуралдаж ирэх оны төсвийг эцэслэн батлахаар байгаа юм. 

Тэгвэл ирэх оны нийслэлийн төсвийн зарлагыг 24.3 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой гэдэг дүгнэлтийг Аудит гаргасан байна. 

Тухайлбал НЗДТГ-ын бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр хураамжийн зардалд төсвөөс төсөвлөлтийн шаардлага хангаагүй, тооцоо судалгаагүй, нотлох баримтаар дэмжигдээгүй нийт 2.1 тэрбум төгрөгийн арга хэмжээг төлөвлөсөн байна.  

  • Нийслэлийн хэмжээний мөнгөн хөрөнгийн оновчтой удирдлагыг хэрэгжүүлэх, судалгаа хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх арга хэмжээнд 200.0 сая төгрөг;
  • Нийслэлийн үнэт цаасны болон өрийн удирдлагын журам боловсруулах, судалгаа хийх, өвлөх үйлчилгээ авахад 200.0 сая төгрөг;
  • Ах дүү найрамдалт харилцаат хотуудтай хамтран худалдаа эдийн засгийн олон улсын арга хэмжээ, олон улсын форум зохион байгуулахад 1,700.0 сая төгрөг. 

Нийслэлийн 2025 оны хөгжлийн төлөвлөгөө хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд нотлох баримтаар дэмжигдээгүй, хэрэгцээ шаардлага тодорхойгүй, үйл ажиллагааны чиг үүрэг давхардсан арга хэмжээнд нийт 3.5 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Тухайлбал:

  • Соёлын эрхийн бичгийн туршилт, үйл ажиллагааг эхлүүлэхэд 100.0 сая төгрөг;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төрөөс үзүүлэх зарим үйлчилгээг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллага хувийн хэвшлийн байгууллагаар гүйцэтгүүлэхэд 200.0 сая төгрөг;
  • Бусад арга хэмжээний зардалд 2,999.4 сая төгрөг;
  • Авлигатай тэмцэх үйл ажиллагаанд 200.0 сая төгрөг;

Нэг удаагийн шинжтэй тэвчиж болох зардлуудыг ч танах боломжтойг тусгасан байна. Тухайлбал: 

  • Шинэ жилийн баярын цэнгүүн зохион байгуулах арга хэмжээ 400.0 сая төгрөг;
  • Бүтээлч хот Төслийг хэрэгжүүлэх 950.0 сая төгрөг;
  • Өмгөөлөл хуулийн зөвлөх үйлчилгээ авах 60.0 сая төгрөг;
  • Хууль тогтоомжийн судалгаа хийх 40.0 сая төгрөг;
  • "Эх оронч сурагч" аян хэрэгжүүлэх 200.0 сая төгрөг

Түүнчлэн Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дүрмийн сангийн хөрөнгө гэх нэршилтэй 9.0 тэрбум төгрөг төлөвлөсөн нь нотлох баримтаар дэмжигдэхгүй, нэршил, хуваарилалт, зориулалт тодорхойгүй төсвийг танах боломжтой гэж Аудит дүгнэжээ. 

Үүнтэй холбоотойгоор Аудитын байгууллагаас төсвийг зардлыг үндэслэлтэй тооцож, үр ашигтай төлөвлөх, төсвийн сахилга батыг хангаж ажиллах; 

Нотлох баримтаар баталгаажсан төсөл арга хэмжээг төсөвт тусгах, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцоолох зөвлөмж гаргажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна