С.Тайван: Хойшлуулшгүй ажиллагаа "Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэсэн үндэслэлээр хийсэн

Х.Батсайхан
7 цаг 35 минутын өмнө

“Ноорог.мн” цахим хуудсыг ажиллуулдаг залуусыг өчигдөр Цагдаагийн байгууллагаас саатуулж, мэдүүлэг авсан талаар сайтын залуус өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн билээ. 

Үүний дараа Цагдаагийн байгууллагаас тайлбар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр хойшлуулшгүй ажиллагааг зохион байгуулсан ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга С.Тайвангийн өгсөн тодруулга, мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр, шинж тэмдэг байсан учраас Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг Прокурорын хяналт дор явуулж байна.

 Өчигдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Прокурорт таницуулсны үндсэн дээр зохион байгуулсан. Энэ хүрээнд найман иргэнийг саатуулж, мэдүүлэг тайлбарыг авах гэсэн боловч долоон иргэн нь өмгөөлөгчийг байлцуулахыг хүссэн учир хүсэлтийг нь хангаж, оройн 22.30 цагт авчраад 04.30 цагт явуулсан.

 Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд явуулсан ажиллагаа. Ингээд тухайн иргэдтэй уулзах ажиллагааг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн бүрэн камертай өрөөнд уулзалтыг зохион байгуулж, мэдүүлэг тайлбарыг авсан. Хууль зөрчих ямар ч боломж байхгүй” гэсэн юм.

“Ноорог.мн” сайтын сэтгүүлчид цагдаа нар өөрсдийг нь цахим орчинд нээсэн хаягнаас хандсан мэдээллийн дагуу шалгаж байсан гэдгийг сануулж, ажиллагаа явуулах үндэслэл болсон “Шинж тэмдэг, тодорхой сэжүүр“ гэж юуг хэлж байгаа талаар С.Тайван даргаас тодруулахад “Цахим орчинд тавигдсан мэдээлэл гэдгийг сайн мэдэхгүй байна.

 Цахим орчинд янз бүрийн мэдээлэл гарсан. Үүнийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд илүү баттай, ноттой баримт болгон бэхжүүлж, Прокурорт танилцуулж, хүчинтэйд тооцох асуудал яригдах ёстой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа. Цагдаагийн байгууллагад иргэд гомдлыг янз бүрээр гаргадаг. Иргэн цахим хэрэгслээр Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргадаг.

 Мөн амаар, утсаар, бичгээр гэх зэргээр гомдол мэдээллээ гаргадаг. Энэ удаагийнх эдгээр хэлбэрүүдийн нэгээр гаргасан. Цагдаагийн байгууллага өдөрт 100-150 хойшлуулшгүй ажиллагааг хийгээд явж байдаг.

Энэ удаагийн ажиллагаа хэвлэлийн эрх чөлөө болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан гэдгээрээ анхаарал татаж байх шиг байна. Гэхдээ хэвлэлийн эрх чөлөө болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаагүй гэдгээ мэдэгдэж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна