Эмч нар ой гурван сартай хүүхдийг нас барсны дараа гэрт нь хоёр удаа очиж үзлэг хийсэн гэж тэмдэглэсэн байжээ

Х.Есү
1 цаг 16 минутын өмнө

Увс аймгийн Ховд сумын Эрүүл мэндийн төвд энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр ой гурван сартай хүүхэд нас баржээ. Хэргийг тодруулбал талийгаач хатгаа өвчнөөр долоо хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, дөрөвдүгээр сарын 15-ны өглөө эмнэлгээс гарсан ч биеийн байдал нь муудаж тухайн өдрийнхөө орой нь буцаж очоод нас барсан байна.

Талийгаачийн эмээ Т.Батчимэг манай сайтын редакцад хандан зээгийнхээ нас барсан шалтгаантай холбогдуулан олон эргэлзээтэй асуудал байгаа талаар ярьсан юм.

Талийгаачийн эмээ Т.Батчимэг: Эмч нар ичихгүй бол би нас барсан хүүхдийнхээ булшийг ухаад 

                             цогцсыг нь гаргаж ирээд дахин задлан хийлгэхэд бэлэн байна

Тэрбээр, “Ой гурван сартай зээ минь долоо хоног хатгаагаар эмнэлэгт эмчлүүлээд нас барсан. Эмч нар ичихгүй бол би нас барсан хүүхдийнхээ булшийг ухаад цогцсыг нь гаргаж ирээд дахин задлан хийлгэхэд бэлэн байна. Ар гэрийнхэн нь задлангийн дүгнэлттэй танилцсан. Гэхдээ үнэхээр санал нийлэхээргүй дүгнэлт гарсан байна. Өмнө нь өвдөж хавдаагүй, өвчин зовлонгүй эрүүл саруул байсан хүүхдийг минь маш олон төрлийн өвчтэй гээд биччихсэн байна. Бүр өлбөрч үхсэн гэсэн яриа хүртэл гаргуулсан байсан.

Дөрөвдүгээр сарын 15-нд эмнэлгээс гараад эргээд бие нь муудаад эмнэлэгт очиход хамаатны ахын минь хийж өгсөн бантанг эмнэлгийн дарга н.Назгул болон хүүхдийг маань хариуцаж байсан н.Бүжинлхам эмч нар хооллож байгаад хоолонд нь хахуулсан. Зээ маань хоол идэж байхдаа хоолондоо хахсан уу яасан гэмээр хойшоогоо нэг гэдийж унаад чарлаж уйлаад л чимээгүй болчихсон. Тэгээд л өнгөрсөн.

Хамгийн аймар нь миний зээг өнгөрснийх нь дараа хоёр удаа гэрт нь очиж гэрээр үзлэг хийв гэдэг тэмдэглэл байсан. Энэ ямар учиртай юм бэ?

Үнэхээр өвчнөөр өнгөрсөн гэж үзэж байгаа бол яагаад нас барсан хойно нь гэрт нь очиж үзлэг хийсэн гэсэн тэмдэглэл байгаа юм?

Мөн нас барсны гэрчилгээ дээр нь хүртэл гэртээ нас барсан гэж бичсэн байсан. Энэ гэрчилгээг гаргадаг хүн нь н.Назгул эмчийн нөхөр. Тиймээс би хардаж байна. Ямар хүн муутай хүмүүс юм бэ. Би эмнэлгийн дарга болон хариуцсан эмч нарыг зээгийн минь үхэлд буруутай гэж бодож байгаа. Ой гурван сартай хүүхдийг амьд гаргах боломж олгоогүй. Би маш их гомдолтой байна” гэсэн юм.

                                                    Эмнэлгийн дарга н.Назгул: Тайлбар өгөхгүй 

Хэрэгтэй холбогдуулан Увс аймгийн Ховд сумын эмнэлгийн дарга н.Назгулаас тодруулахад, “Задлан шинжилгээний дүн гараагүй байна. Бид танилцаагүй. Нэмэлт тайлбар өгөхгүй” гэсэн юм.

Эрүүл мэндийн газрын дарга н.Дашзэвэг: Эмчийн буруутай үйлдэл тогтоогдвол хариуцлага хүлээлгэнэ.                                             Гэхдээ эцсийн дүгнэлт гараагүй байна

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга н.Дашзэвэгээс тодруулахад “Манайхаас гарсан баг эцсийн дүгнэлтээ гаргаагүй байна. Задлангийн дүгнэлтийг бид аваагүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтийг манай эмнэлэгт өгөхгүй гэсэн. Одоогоор дүгнэлт гараагүй учраас Назгул болон Бүжинлхам эмч нар ажлаа хийж байгаа. Хэрвээ эмч буруутай үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээлгэнэ.

Ажлын хэсэг маань анх хүүхэд ирэхдээ биеийн байдал нь ямар байсан, эрүүл болоод гарсан уу, өмнө нь эмчилгээнд хамрагдаж байсан уу, эмнэлгээс гарахад биеийн байдал нь ямар байсан талаар судалж байгаа.

-Хүүхдийг нас барсны дараа гэрт нь хоёр удаа очиж үзлэг хийсэн гэсэн эмчийн тэмдэглэл байсан байна. Ийм зүйл байж болох уу?

-Тийм боломж байхгүй гэсэн юм. 

Ой гурван сартай хүүхэд нас бараад хоёр сарын хугацаа өнгөрөхөд аймгаас гаргасан ажлын хэсэг өнөөдрийг хүртэл шалгалтын дүнг эцэслээгүй байгаа нь хачирхалтай.  

Энэ хугацаанд ар гэрийнхэн хариулт хүлээсээр мухардалд хүрэв. Хэрэв хүүхдийн амь нас эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой алдаа, хариуцлагагүй үйлдлээс болж эрсэдсэн бол энэ нь зөвхөн нэг гэр бүлийн эмгэнэл биш, эрүүл мэндийн тогтолцоонд анхаарал хандуулах ноцтой дохио болох юм. Тиймээс энэ хэргийн үнэн зөвийг шуурхай, хараат бусаар тогтоож, хариуцлага тооцох эсэхийг олон нийт хүлээж байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна