-Хөлслүүлэх орон сууцны хэмжээ 30 м2-аас ихгүй, түрээсийн орон сууцны хэмжээ 36 м2-аас ихгүй, түрээслүүлээд өмчлүүлэх орон сууцны хэмжээ 60 м2-аас ихгүй, түрээслээд өмчилсөн бол 5 жил зарж болохгүй /ҮОСК-иас бусад этгээдэд/-
Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн бариад байгаа билээ.
Иргэдийн анхаарлыг гойд татаж байгаа уг хуулийн төслийн онцлох буюу зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцжуулалтын тухай зүйл заалтуудаас уншигчдадаа хүргэж байна.
7 дугаар зүйл. Төрөөс иргэдийг орон сууцжуулах төрөл
7.1.Төрөөс иргэдийг орон сууцжуулах үйл ажиллагаа нь нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууц гэсэн төрөлтэй байна.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан орон сууцыг хөлслөх сарын суурь төлбөрийн хэмжээ нэг м.кв тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь байна /15,840 ТӨГРӨГ/
7.3.Энэ хуулийн 7.2-т зааснаас бусад орон сууцны ашиглалт, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг тухайлсан хуулиар зохицуулна.
НИЙГМИЙН ОРОН СУУЦ
7.4.Нийгмийн орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:
7.4.1.Нийгмийн орон сууцанд орон сууцны зайлшгүй хэрэгцээтэй, хөлсний орон сууц болон хөлслөөд өмчлөх орон сууцад хамрагдах боломжгүй зорилтот бүлгийн иргэнийг хамруулна.
7.4.2.Нийгмийн орон сууцны талбайн хэмжээ 30 м.кв-аас /ХӨЛСЛӨХ СУУРЬ ҮНЭ 30 МКВ-ААР БОДОХОД 475,200 ТӨГРӨГ/ ихгүй байна.
7.4.3.Тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 5 хувиас ихгүй байна.
7.4.4.Нийгмийн орон сууцанд хамрагдах иргэний сард төлөх төлбөрийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувь /792,000 ТӨГРӨГИЙН 25 ХУВЬ 198,000 ТӨГРӨГ/ байна.
7.4.5.Энэ хуулийн 7.2-т заасан сарын суурь төлбөр болон энэ хуулийн 7.4.4-т заасан иргэний сард төлөх төлбөрийн зөрүүг /30 МКВ-ААР БОДОХОД 475,200-198,000=277,200 ТӨГРӨГ/ нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсөвт тусгана.
7.4.6.Нийгмийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтыг энэ хуулийн 11.1.4-т заасан журмаар /Мэдээллийн сүүлд оруулав/ зохицуулна.
ХӨЛСНИЙ ОРОН СУУЦ
7.5.Хөлсний орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:
7.5.1.Хөлсний орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй боловч хөлсний орон сууцны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.
7.5.2.Хөлсний орон сууцны талбайн хэмжээ 36 м.кв-аас ихгүй /36 МКВ-ААР НЬ ТООЦОХОД САРД 570,240 ТӨГРӨГ/ байна.
7.5.3.Хөлсний орон сууц нь тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 15 хувиас ихгүй байна.
7.5.4.Хөлсний орон сууцанд иргэнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр 5 хүртэл жилийн хугацаагаар ашиглуулна.
7.5.5.Энэ хуулийн 7.5.4-т заасан хугацаа дууссан боловч иргэн хөлсний орон сууцад үргэлжлүүлэн ашиглах тохиолдолд гэрээний төлбөрийг зах зээлийн үнээр тогтооно.
7.5.6.Энэ хуулийн 7.5.5-д заасан зах зээлийн үнийг судалгаанд үндэслэн Үндэсний орон сууцны корпорацийн төлөөлөн удирдах зөвлөл тогтооно
7.5.7.Хөлсний орон сууцны гэрээний хугацаа дуусгавар болох үед хөлслөгч нь орон сууцыг хэвийн, ашиглалтын шаардлага хангасан, бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгнө.
7.5.8.Хөлслөгч нь хөлсний орон сууцны гэрээ байгуулахдаа 6 сарын хөлсний төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа хөрөнгийг /36 МКВ-ААР ТООЦОХОД 570,240Х6=3,421,440 ТӨГРӨГ / байршуулна.
ХӨЛСЛӨӨД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦ
7.6.Хөлслөөд өмчлөх орон сууцанд иргэнийг хамруулахад дараах нийтлэг шаардлага үйлчилнэ:
7.6.1.Хөлслөөд өмчлөх орон сууцанд өөрийн өмчлөлийн орон сууцгүй, ипотекийн зээлийн шаардлага хангаагүй боловч хөлслөөд өмчлөх орон сууцны төлбөрийг төлөх чадвартай, хөдөлмөр эрхэлдэг иргэнийг хамруулна.
7.6.2.Хөлслөгч нь хөлсөлж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 30 хүртэлх жилийн хугацаанд энэ хуулийн 7.2-т заасан сарын суурь төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлөх замаар тухайн орон сууцны үнийн дүнг бүрэн төлснөөр орон сууцыг өмчилнө.
7.6.3.Хөлслөөд өмчлөх орон сууцны талбайн хэмжээ 60 м.кв-аас ихгүй байна.
7.6.4.Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлснээс хойш 5 жилийн дотор Үндэсний орон сууцны корпорациас бусад этгээдэд худалдан борлуулахыг хориглоно.
7.6.5.Хөлслөөд өмчлөх орон сууцны өмчлөгч тухайн орон сууцыг худалдан борлуулах тохиолдолд анх худалдан авсан үнийг худалдан борлуулах тухайн үеийн үнийн ханштай тохируулан худалдан борлуулна.
7.6.6.Хөлслөөд өмчлөх орон сууц нь тухайн орон сууцны төслийн нийт орон сууцны тооны 20 хувиас ихгүй байна.
7.6.7.Хөлслөөд өмчлөх орон сууцанд хамруулах иргэний өрхийн орлогын түвшинг харгалзах ба бага орлоготой өрхөд давуу эрх олгоно.
7.6.8.Хөлслөөд өмчлөх орон сууцанд иргэнийг хамруулахтай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй харилцааг иргэн болон Үндэсний орон сууцны корпораци хооронд байгуулах гэрээгээр зохицуулж болно.
Зорилтот бүлэгт зориулсан НИЙТИЙН орон сууцанд ямар иргэн хамрагдахыг хуулийн 11.4.4-т заасан журмаар зохицуулна гэсэн бөгөөд 11.1.4-т нь “Нийгмийн орон сууц, хөлсний орон сууц, хөлслөөд өмчлөх орон сууцны хөтөлбөрт иргэнийг хамруулах, эрэмбэлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах” гэжээ. Тодрулбал, ГБНХХЯ-ны саналаар баталсан журмаар тодорхойлох аж.
Одоогоор Барилга хот байгуулалт, орон сууцжуулалтын яам Солонго, 1, 2 төслийг хүлээж авахаар ажиллаж байгаа бөгөөд 5000 гаруй айл орон сууцанд орно. Тэдгээрийн тодорхой хэсэг нь дээрх хууль батлагдвал дурдсан хэлбэрээр ашиглагдах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна