УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхантай Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Тамхины тухай хууль дээр таны хувьд ямар байр суурьтай байна вэ? Янжуур тамхи болон электрон тамхины хэрэглээ замбараагүй болсон. Татваргүй байгаа нь өсвөр насны хүүхдүүд үүнд донтох эрсдэл үүсэж байна гэдгийг хэлж байна?
-Тамхины тухай хуулийг миний хувьд дэмжиж байгаа. Би эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа хүртэл энэ хуулийг өргөн барихаар ажиллаж байсан. Энэ хууль өргөн баригдаад хэлэлцэгдэхгүй олон жил явж байна. Ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдрийг хүртэл хуралдаж эцсийн байдлаар зарчмын зөрүүтэй саналаа гаргаагүй. Үүнээс болж байнгын хорооны хуралдаанаар орж хэлэлцэгдээгүй байна. Ингээд анхны хэлэлцүүлэг ерөөсөө явахгүй гацаж байгаа байдал бол энэ хуулийг явуулахгүй байх сонирхолтой бүлэг байна гэдэг нь тодорхой байна.
Энэ хуулийг яаралтай явуулж баталж байж, ирээдүй болсон хүүхэд залуучуудаа тамхинаас үүдэлтэй маш олон хор уршигаас сэргийлэх хэрэгтэй байна. Дээрээс нь эмэгтэйчүүд электрон тамхийг маш их татаж байна. Янжуур тамхи болон электрон тамхи аль аль нь хүний биед асар хортой нь тогтоогдсон.
Манай урд хөрш электрон тамхины хамгийн том үйлдвэрлэгч. Гэсэн хэдий ч өөрийнхөө дотоод зах зээл дээр электрон тамхийг хэзээ ч хэрэглэдэггүй хуультай. Тийм байхад өнөөдөр яагаад тамхины тухай хуулийг хэлэлцэхгүй байгаад байна. Энэ хууль өвчлөлийг бууруулж, эрүүл ирээдүйг бий болгоход хамгийн их ач холбогдолтой.
Өнөөдрийн өвчлөлийг үүсгэж байгаа шалтгааны 30 хувь нь тамхинаас үүдэлтэй гэдэг нь тогтоогдчихсон шүү дээ.
-Улс төрчдөд тамхины компанийнхан нөлөөлж байна гэдэг зүйл яригдаж байна. Тантай уулзаж энэ талаар мэдээлэл өгсөн зүйл байгаа юу?
-Тэд нар надтай уулзаж чадахгүй л дээ. Би тамхийг маш их эсэргүүцдэг. Тамхины хуулийг баталж байж хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдээ эрүүл саруул байлгах боломж бүрдэнэ гэдэг баттай байр суурин дээр байдаг учраас тэд нар над дээр ирж уулзахгүй нь тодорхой.
Өнөөдөр яагаад ажлын хэсэг хуралдахгүй байна. Ажлын хэсэг бүгд гишүүдээс бүрдэж байгаа. Хэрвээ өнөөдөр хуралдаад явсан бол чуулганаар ороод анхны хэлэлцүүлгүүд явах байсан. Одоог хүртэл байнгын хороогоор ороогүй байна.
Миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргаж, энэ хууль дээр идэвхтэй байгаа. 2010 оноос хойш төрсөн хүүхдэд насан туршид нь тамхи татахгүй байх гэдэг зарчмын зөрүүтэй саналыг оруулж байгаа.
-Улстөрчид лоббид автаад хуулийг батлахгүй байгаа ч хохирогчид нь хүүхдүүд байгаад байна шүү дээ?
-Тамхины хуулийг ярихаар эд нар бүр нэг арга барилтай болчихсон. Энэ хүн янжуур тамхины лоббид автсан, электрон тамхины лоббид автсан гэх зэргээр харлуулдаг зүйл өнөөдрийг хүртэл явсаар ирсэн. О.Номинчимэг гишүүн дээр илт харагдаж байна шүү дээ. Бид ямар нэгэн лоббид өртөөд байх юм байхгүй. Хурдан л батлуулж, ирээдүйд үүсэх өвчлөлөөс сэргийлэх хэрэгтэй байна.
Татварын бодлого, үнийн бодлого бол хамгийн том нөлөөлдөг зүйл. Дээрээс нь электрон тамхины үнэр амт бол хүүхэд залуучууд хэрэглэх хамгийн том эрсдэл үүсгүүр болж байгаа. Тиймээс хуулиа яаралтай батлуулах шаардлагатай байна.
Ирээдүй болсон хүүхэд залуус, эмэгтэйчүүд чинь үүнд хордоод өвчлөл нь дийлдэхгүй байх түвшинд ирж байна. Үүн дээрээ анхаарч ажилламаар байна.
Ярилцсанд баярлалаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна