Сурвалжилга: Иргэд үерийн ус хэзээ урсгаад аваад явчих бол гэсэн айдастай амьдарч байна

Г.Анар-Эрдэнэ
1 цаг 11 минутын өмнө

Гучхан минутын  хүчтэй борооны улмаас Улаанбаатар хотын захын хороолол, үерийн эрсдэлтэй бүсэд амьдардаг айл өрхүүд жил бүр хүндхэн нөхцөл байдалтай тулгарч байна. Ялангуяа Баянзүрх дүүрэгт гурван жилийн өмнө Дарь эх, Ганц худаг орчимд үер бууж хоёр хүүхэд, хоёр насанд хүрсэн иргэний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед холбогдох газрууд ус зайлуулах суваг, шуудуй, далан барина гэж хэлж байсан боловч өнөөдрийн байдлаар хэлсэн ажлуудынх нь нэг нь ч биеллээ олоогүй байна.

Хүний амь нас эрсэдсэн асуудал гарсан хэдий ч одоог хүртэл холбогдох арга хэмжээг аваагүй, тэр хэсгийн газар одоо ч үерийн аюултай бүс хэвээр байгааг оршин суугчид хэлж байна. Тэд  “Далан барих газар нь зөвшөөрөлгүй айлууд ирээд буучихсан. Аж ахуйн нэгжүүд ч олон байгаа. Албадан нүүлгэнэ гэж ярьдаг ч хийж хэргэжүүлсэн юм алга” , ”Засвал засахаар цаг хугацаа өнгөрлөө. Том жижиггүй баахан мөнгө идсэн амьтад л байна” гэцгээж байв.

Далан, суваг шуудуугүй байх нь тэр хавийн оршин суугчдыг айдаст автуулж байна. Тэр жилийн борооноос сургамж авалгүй байдал бахь байдгаараа байгаад иргэд бухимдаж буй ч нүүгээд явъя гэхээр очих газаргүй учир аргагүйн эрхэнд төвхнөсөн газар хашаандаа аж төрж байгаа гэдгийг ч хэлж байсан. Хэдхэн минут хүчтэй аадар ороход урсах дөхдөг эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа тэд хэд хоног бороо үргэлжилж орвол яана даа гэж хий дэмий халаглахаас өөрийг хийж чадахгүй, бороо битгий ороорой гэж "залбирдгаа" ч нуусангүй. 

Үерийн далан барих газар яагаад аж ахуйн нэгжүүд, айл өрхийг тэгж олноор буулгах болов? Одоог хүртэл мэдэгдэж мэдээлсэн, нүдэнд харагдахаар хийсэн зүйлгүй асуудал ундарсан хэвээр л байна.  




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна