Х.Нямбаатараар далимдуулж, хотын бие даасан байдлыг хангах хуулиар оролдох гэж байна

С.Батзаяа
2026/06/16

“Улс дотор улс байгуулчихлаа” хэмээн хотын дарга асан Х.Нямбаатарыг дээр дооргүй загнацгааж байна. Учир юу гэвэл, өчигдөр нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг Төсвийн байнгын хорооноос зохион байгууллаа. Энэ хугацаанд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатар ажиллаж байсан учир нэг ёсондоо түүний өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд хэрэгжүүлж байсан ажлуудаар “эрүүдэн шүүлээ”.  

Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсч, улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгааг Сангийн сайд З.Мэндсайхан хэлж байна. Үндсэндээ, нийслэлийн төсвийн зарлага 2025 оны гүйцэтгэлээр 4.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 32 хувиар өссөн. Өнгөрсөн 2022 оноос хойш зарлагын тэлэлт үүсч, 2022 онд 1.4 их наядын зарлагатай байсан бол 2026  онд 7.8 их наядаар батлагджээ.

Үүгээр далимдуулан эрх баригчид Төсвийн тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар улайрч байна. Уг нь 1.5 сая хүн амтай метрополист хот гэдэг утгаараа Улаанбаатар төсвөө захиран зарцуулдаг, өөрийн эдийн засагтай, санхүүгийн чадамжтай эрх зүйн боломжтой бие даасан институц байх ёстой. Энэ ч ажлын эхлэл болгож Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Одоо энэ хууль нь улсын төсвөөсөө гажиж, улс дотор улс болчихлоо хэмээн  МАН-ынхны өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн буруу бодлого бүрийнхээ алдааг чихэх сэжүүр болчихлоо.

Уг нь нэгэнт баталсан энэ хуулиа “нураалгүйгээр” урагшлах ёстой. Ингэж байж хот институцийн хувьд хөгжих хөрс суурь бүрдэх учиртай. Улаанбаатар хот хөгжихгүй байгаа шалтгаан нь хотын эдийн засаг, төлөвлөлт, хот байгуулалт, хотын хөгжлийн асуудал сул явж ирсэнтэй холбоотой. Хотод яамдаас эхлээд олон оролцогч байдаг. Гэвч сүүлд нь хариуцагч байхгүй болдог. Шийдвэр гүйцэтгэлд хяналт, мониторинг хийж чаддаггүй, хариуцлага ярих гэхээр эзэнгүй болчихдог. Эцэст нь нийслэлийн удирдлагууд тааруу ажилласан гэсэн дүгнэлтэд хүрдэг учраас нэг талдаа аливаа төсөл хөтөлбөр, ажлыг эзэнжүүлэх гэж Улаанбаатар хот бие даасан хуультай болсон.

Атал Сангийн сайд З.Мэндсайхан “Нийслэлийн төсвийн алдагдал 2026 оны төлөвлөгөөгөөр -2.4 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн алдагдлын 232.8 хувьтай тэнцэхээр байна. Улсын төсвийн алдагдал нэг их наяд төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлийн алдагдал дангаараа нэгдсэн төсвийн нийт алдагдлаас өндөр байна. Нийслэлийн төсвийн зардлын өсөлт нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас бид цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог бий болгож, Төсвийн тухай хууль болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зохицуулалт оруулаас өөр аргагүй. Оны төгсгөл рүү механик зохицуулалт хийхээс өөр замгүй болно. Нэг ёсондоо төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно. Улсын төсвийн гадуур нийслэлийн төсөв алдагдал бий болгож, хяналт тавих боломжгүй болж байна” хэмээн мэдэгдсэн юм.

Нийслэл хот бие даасан хууль эрх зүйн орчинтой байх ёстой, хот гэдэг зөвхөн захиргааны нэгж биш гэдгийг Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар хэлж байна. Тэрбээр цахим хуудастаа “Сүүлийн 28 жилийн хугацаанд нийслэл хот эдийн засгийн хувьд бие даасан тогтолцоогүй, өөрийн эрх мэдэл, санхүүгийн чадамж нь хязгаарлагдмал явж ирсэн. Энэ байдлыг өөрчилж байж л алдагдсан цаг хугацаагаа нөхөх боломжтой учир сүүлийн зургаан жилд, ялангуяа 2020 оноос хойш эрх зүйн томоохон шинэчлэлүүд хийж байж хотын бие даасан байдлыг бэхжүүлэх алхмууд тавигдсан байдаг. Энэ нь хэн нэгэн албан тушаалтны төлөө биш, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөө хийсэн шинэчлэл байлаа. Улс төрийн олон сорилт, эсэргүүцэл, шалгуурыг давж байж өнөөдрийн энэ суурь тавигдсан юм. 

Өнөөдөр хотын төсөв, эдийн засгийн асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж, хяналт тавьж байгаа нь төрийн тогтолцооны хувьд зүй ёсны хэрэг. Харин энэ үйл явц хотын эрх зүйн чадамж, эдийн засгийн бие даасан байдлыг сулруулах бус, улам бататгах чиглэлд өрнөх учиртай” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Үнэндээ, нийслэл хот эрх зүйн байдлын тухай тусгайлсан хуультай болох яриа Су.Батболдыг хотын дарга байх үеэр ярьсан, хөндөгдсөн. Маш олон жилийн хичээл зүтгэлийн үр дүнд бие даасан хуультай болсон нь энэ. Ийм хуультай байснаар зөв хэрэгжүүлж чадвал санхүүгийн хувьд бэхжиж, тэр хэрээр иргэдийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэх учиртай.

Нийслэд Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч, баялгийн 60 гаруй хувийг бүтээж байгаа. Энэ хүмүүсийн асуудлыг шийдэхийн тулд Нийслэлийн төсөв тэлэх ёстой. Өнөөдөр Нийслэлийн гудамжинд гараад гараад таарсан эхний хүнээсээ асуухад л хийх ажил маш их байгааг тоочино. Хүн ам. эдийн засагт үзүүлэх жин нөлөөг нь харсан ч Нийслэлийн төсөв одоо ч бага, цаашид хэд дахин тэлэх шаардлагатай хэвээр байна. Боломж ч бий. Хууль эрхзүйн шинэчлэл хийсний үр нөлөө дөнгөж мэдрэгдэж, төсвийн тэлэлт дөнгөж эхэлж, төслүүд эхнээсээ л хөдөлж байгаа шүү дээ.

Хэрвээ хууль эрхзүйн хувьд ухралт хийвэл нийслэлчүүдийн төлсөн татварыг 21 аймагт татаасаар өгдөг, улсын төсвийн цоорхойг нөхдөг, нийслэлчүүдийн асуудал харин шийдэгдэлгүй үлддэг байсан өмнөх үе рүүгээ буцаж очно. Үүнийг нийслэлчүүд хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь эрх баригчдад улс төрийн үнэлгээ болж очно. 2028 онд сонгогчидтой нүүр тулна гэдгийгээ санаж асуудалд ул суурьтай хандах ёстой. Ялангуяа хөгжлийн түлхүүр атгуулах дэвшилтэт хууль эрхзүйн орчин бүрдүүлж сонгуульд санал авчихаад одоо буцаж байгаа бол төрийн эрхийг хууль бусаар авсан, сонгогчдыг залилан мэхэлсэн гэдэг рүү л явах байх. "Иргэд өөрсдөө эсэргүүцсэн" гэдэг шалтаг хэлнэ гэж байгаа бол тэр чинь ирэх хавар гэхэд хүчингүй болох болов уу.   

Одоогийн тогтолцоогоо илүү сайжруулж, хадалаад үлдчих юм бол харин эсрэгээрээ хөгжиж дэвшинэ. 1.7 сая монголчууд эрүүл орчинд ажиллаж амьдарна, энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.  Хот хүчирхэг байх тусам иргэдэд үзүүлэх үйлчилгээ сайжирна. Хот санхүүгийн хувьд бэхжих тусам улсын эдийн засаг тэлнэ. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөд хамгийн чухал зүйл бол эдийн засгийн бие даасан байдал. Энэ хуулийн зорилго ч үүнд оршиж буй. Нийслэлд улсын нийт хүн амын 50-иас дээш хувь нь амьдардаг. Гэтэл хотод бие даасан эдийн засаг байхгүй учраас дүүргүүд, хороод хогны асуудлаа шийдэж чаддаггүй. Энэ хуулийг өөрчлөөд төсвийн эрх мэдэлгүй болгочихвол хотоо бие даасан болгох, хотын эдийн засгаа тэлэх талаар яриад ч нэмэргүй болно. Гарц шийдэл ч хумигдана, асуудал өнөөх нь хуучнаараа, бахь байдгаараа үлдэнэ. Шүүмжлүүлээд ч болов хяналтаа сайжруулаад, ухрах биш урагшлах чухал байна. Нуухаа авч болно, нүдээ сохолж болохгүй. 


 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    Өчигдөр

    ULS DOTOR ULS BH ESGUI . HENTIIN LUIVARCHIN AH DUUS OYUERDENE VIRUSBAKTER 2 ZAAVAL SHOROND SUUH ESTOI

    Хариулах
  • 122.201.31.120
    2026/06/16

    Ene pizda shornd hihguu mu

    Хариулах
  • 66.181.187.249
    2026/06/16

    Үнэнийг бичжээ

    Хариулах