Н.Цэрэндаваа: Эмээгийн хүү эх орны хүү боллоо

Т.Отгонсувд
7 цаг 57 минутын өмнө

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж, хөгжсөний 104 жилийн ой тохиож байна. 

Энэхүү өдрийг тохиолдуулан Зөв.мн сайтын сурвалжлах баг Зэвсэгт хүчний 120-р ангийг зорилоо. 

Нээлттэй хаалганы өдөрлөг болж цэргүүдийн ар гэр цэргийн ангид ирсэн байлаа. Энэ дунд эмээдээ ойр ойрхон үнсүүлж, эрхэлж буй байлдагч анхаарал татаж хэдэн хором ярилцлаа. 

Зэвсэгт хүчний 120-р ангийн байлдагч Н.Цэрэндаваа "Би 21 настай, салааныхаа хамгийн хөгшин цэрэг/инээв/. Эхлээд орчиндоо дасахгүй, алхаж сурах гээд, салааны цэргүүд маань ч жоохон хүүхэд шиг санагдаад хэцүү зүйлс их байсан. 

Одоо бол цэргүүд маань улам жавхаажаад цэргийн албандаа дуртай болж байна. Алба хааснаас хойш тэвчээртэй болж, хүний үг дааж, эмх цэгцтэй болсон. Цэргийн албанд дургүй ирсэн ч цаашдаа цэргийн хүн болно гэж бодож байна. Гэрийнхнээ ялангуяа эмээгээ их санаж байна. 

Ирснээс хойш хэдхэн эргэсэн болохоор уулзалт ирлээ гэх тоолонд надтай юм болов уу гэж бодоод өндөлзөж хүлээдэг. Жагсаалын үеэр ирсэн байгааг нь хараад маш их баярлаж, догдлоод байрандаа байж ядлаа/ инээв/. 

Эмээгээрээ бахархуулж, эх орныхоо төлөө тангаргаа өргөж эр хүн болж төрснөөрөө бахархаж байна. Өглөөний ургах нарнаар төрийн далбаагаа мандуулахыг хараад сэтгэл хөдлөөд уйлж байсан. Цэргийн алба хаагаад амьдралд нэг баяр албан ёсоор нэмэгдэж байна. 

Мартын найманд чөлөөгөөр гарч, он жавуудтайгаа эмээ дээрээ очиж гэнэтийн бэлэг барьсан. Тэр үед эмээ минь маш их баярласан.

Улс орон даяар алба хааж буй он жавууддаа эр цэргийн баярын мэнд хүргэе" гэв.

Эмээ С.Долгорсүрэн "Миний хүү ач зээ нараас минь хамгийн түрүүнд цэргийн алба хааж байгаа. Хүний ганц үр, хайртай байхаас өөр аргагүй болохоор маш их санаж, санаа зовж байлаа. Ирээд харахад миний хүү цог золбоотой, сайхан эр болсон байна.

Би хөл муутай болохоор байнга эргэж чадахгүй, хүүхдүүддээ л захиж хэлдэг юм. Мартын 8-нд гэнэт найзуудтайгаа ороод ирэхэд нь балмагдаж, маш их баярласан.

Эр цэргийн албаа нэр төртэй хааж буй хүүгээрээ бахархаж байна" хэмээн нулимс дуслуулан ярилаа.

Эмээ, хүүгийн сэтгэл хөдөлгөм ярилцлагыг  https://www.facebook.com/zuv.m... линкээр үзээрэй. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна