А.Энхжаргал: Хүн хамгийн үнэт капитал тул “Бодь даатгал” эрүүл мэндийн даатгалыг стратегийн чухал бүтээгдэхүүн хэмээн үзэж байгаа

Б.Мөнхболд
2 цаг 34 минутын өмнө

 “Бодь даатгал” хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал А.Энхжаргалтай ярилцлаа. 30 гаруй жилийн түүхтэй тус компани Монголын даатгалын салбарын ууган компани бөгөөд хувьцаат эзэмшигчдийн ээлжит хурлаа хийгээд байгаа энэ цаг үед бидний ярилцлага уншигч танд хүрч байна.

-“Бодь даатгал” компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийгээд удаагүй байгаа энэ цаг үед та бид ярилцаж байна. 2025 онд та бүрхэн хэрхэн ажиллав. Үүнээс ярилцлагаа эхэлье?

-Баярлалаа. Юуны өмнө уншигч олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн 2-3 жилд бид компанийн санхүүгийн нөхцөл байдлын хувьд эрсдэлд суурилсан тууштай бодлого хэрэгжүүлэн ажиллаж ирлээ. Үүний үр дүнд санхүүгийн болон бусад үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирсан жил болж өнгөрлөө. Өсөлт, хөгжилд төвлөрсөн стратегийн ажлуудыг энэ хугацаанд төлөвлөн хэрэгжүүлж ирлээ.

Даатгалын компаниудын үндсэн үйл ажиллагаа бол ерөөсөө л эрсдэлийг зөв зохистой удирдах шүү дээ. Тэр ч утгаараа зохицуулагч байгууллагаас хэрэгжүүлж буй эрсдэлийн нэгдсэн бодлого, шинэ арга аргачлалтай уялдуулан нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн тайлагналдаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэх зорилт тавин ажилласнаар эрсдэлийн болон зохистой засаглалын үнэлгээ маань өнгөрсөн хугацаанд эрс сайжирсан. Хөрвөх чадвар, төлбөрийн чадвар гээд СЗХ-ноос тавигддаг шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн багадаа 2-3 дахин нэмэгдүүлж чадсан нь бодлогын оновчтой хэрэгжилтийн үр дүн гэж харж байгаа. Энэ бүгдээс дүгнэвэл бид сүүлийн жилүүдэд тогтвортой өсөлтөөс гадна чанарт онцгойлон анхаарч ажилласан байна. Ашигт ажиллагаа, харьцаа үзүүлэлт, нөөц сан, өөрийн хөрөнгийн өгөөж гээд бүхий л үзүүлэлтүүд маань өсөлттэй гарч, урьд өмнөх амжилтаа бататгаж, чамлахааргүй шинэ ололт амжилтыг цогцлоосон жил боллоо. Компанийн санхүүгийн үндсэн үзүүлэлтүүд өмнөх онуудаас мэдэгдэхүйц өсөлт үзүүлсэн гэдгийг нэмж хэлье. Дотоодын даатгалын зах зээл ч өнгөрсөн онд өсөлттэй гарч, энэхүү өсөлтийг баг хамт олноороо хамтдаа бүтээлцсэн байна.

ехнологи маш хурдтай хөгжихийн хэрээр хүний амьдралын хэв маягт хүртэл өөрчлөлт авчирч, өдөр тутмын амьдралаас үүнийг салгах аргагүй боллоо. Даатгалын компанийн хувьд та бүхэн үүнд хэрхэн бэлдэж, анхаарч, зэрэгцэн ажиллаж байна вэ?

-Мэдээж технологийн хөгжил биднийг хүлээхгүй. Өдөр, цаг хормоор хувьсан өөрчлөгдөж байгаа энэ хөгжилтэй хөл нийлүүлж, ирээдүйн өсөлтөө тогтвортой хангаж, хадгалахын тулд бид технологийн чиглэлд багагүй хөрөнгө оруулалт, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулан ажиллаж ирсэн. Энэ хүрээнд даатгалын зах зээлд анхдагч, даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий аппликэйшнийг хөгжүүлж, амжилттай нэвтрүүллээ. Ингэснээр харилцагчид маань даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүнийг яг л банкны апллекэйшн шиг ямар ч төвөггүйгээр хурдан, шуурхай, орон зайн саадгүйгээр авах боломж бүрдсэн. Аппаар дамжуулан харилцагчид  маань даатгалын зах зээл дээр хамгийн түгээмэл борлуулагддаг 17-20 нэр төрлийн даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг онлайнаар авах, даатгалын бүтээгдэхүүний талаар мэдээлэл хайх, байгууллагуудад зориулсан мэдээлэлтэй танилцах боломжтой. Мөн даатгуулагч нь өмнө нь хийгдэж байсан гэрээ болон одоо хүчин төгөлдөр байгаа даатгалын гэрээний түүхээ нэттгэн харах зэрэг нөхцөл бүрдсэн. Тэрчлэн нөхөн төлбөрийн материалыг аппаар илгээх, шаардлагатай бол нэмэлт материал хавсарган хүргүүлэхээс гадна нөхөн төлбөр шийдвэрлэх явц нь ямар үе шатан дээр явж буйг бүрэн хянах боломжтой болсон гээд шинэлэг, дэвшилтэт алхмууд бий болсон. Нэг дороос олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой апп гэдгээрээ анхдагч шийдэл болж чадсан.

Даатгалын компанийн үйлчилгээний чанарыг хэмждэг гол үйлчилгээний нэг бол нөхөн төлбөр шүү дээ. Манай шинэ тутам нэвтрүүлсэн аппликэйшн нөхөн төлбөрийн процессыг маш их хөнгөвчилснөөрөө давуу талтай болсон. Өмнө дуудлагын төвөөр ирдэг байсан ачаалал 2-3 дахин буурсан нь тэр хэмжээгээр бид үйл ажиллагааны зардал болон ажлын ачааллыг бууруулж чадсан гэсэн үг. Мөн аливаа байгууллагын үйл ажиллагаа үнэн зөв, бодитой илэрхийлэгдэх  нэг чухал үзүүлэлт бол нягтлан бодох бүртгэл байдаг. Тэр ч утгаараа бид бүртгэлийнхээ суурь системдээ чамгүй хөрөнгө оруулалтыг зарцуулж, гар ажиллагааг бууруулах, автоматжуулах чиглэлд анхаарч ажиллалаа. Энэ мэтээр технологийн шинэчлэлд хөрөнгө оруулж ажилласнаар хэрэглэгчдийнхээ болон ажилтнуудынхаа цаг хугацааг хэмнэх, хөдөлмөрийн бүтээмж болоод хяналтын тогтолцоог сайжруулсан зэрэг үр дүнгүүдийг гаргалаа.  Мөн харилцагчийн халамж, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлж, нутагшуулж ажиллалаа. Энэ бол ялангуяа даатгалын салбарт бас нэгэн шинэлэг үйлчилгээ гэж болно.

-Тэгвэл 2026 оноо танай хамт олон, “Бодь даатгал”-чууд хэрхэн зураглаж, ямар амбийцтайгаар төлөвлөж байна вэ?

-Өнгөрсөн онд тохиосон 30 жилийнхээ ойн босгон дээр өмнө дурдсан олон шинэчлэл, өөрчлөлтүүдийг хийсэн бол одоо бид дараагийн 30 жилийн өсөлт, хөгжлийн гараагаа эхлүүлнэ гэж зорьж байгаа. Энэ утгаараа 2026 оныг нэлээн өсөлттэй жил байхаар төлөвлөсөн. Гэхдээ даатгалын зах зээлийн онцлогийг энд дурдах хэрэгтэй байх. Энэ зах зээлд одоогоор 22 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 18 нь ердийн даатгалын, гурав нь урт хугацааны буюу амьдралын даатгалын, нэг нь давхар даатгалын компани байгаа. Банк болон банк бус байгууллагуудын цар хүрээ нийт активаараа хэмжигддэг бол даатгалын салбар үйл ажиллагааны онцлогоос хамаараад хураамж, нөхөн төлбөр, ашгаараа эрэмбэлэгдээд, урд хойноо ороод явдаг л даа. Манай компани тухайлбал 2025 онд ашигт ажиллагаагаараа эхний 3, нийт активынхаа хэмжээгээр эхний 6, хураамжийн орлогоороо эхний 5-д эрэмбэлэгдсэн байх жишээтэй. Төлбөрийн чадвар, эрсдэл даах үзүүлэлтээрээ эхний байруудад эрэмбэлэгдэж байна. Үүнийг бид чанарын өсөлт гэж харж байгаа.

Мэдээж өсөлт чухал. Гэхдээ нөгөө талаар манай зах зээл одоогийн байдлаар маш жижиг шүү дээ. Даатгалын компаниудын нийт хөрөнгө 800 орчим тэрбум төгрөгт дөхсөн нь томоохон банк бус санхүүгийн байгууллагын хэмжээнд л дүйж байгаа хэрэг. Энэ зах зээлд 22 компани ажиллаж байгаа гэхээр ямар их өрсөлдөөнтэй болох нь эндээс ойлгомжтой болох байх. Гэтэл олон улсын зах зээлтэйгээ харьцуулахад, манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ээр тооцоод үзвэл одоо байгаагаасаа 8-9 дахин өсөх боломж бид нарт байгаа. Гэтэл үнэн чанартаа улсын хэмжээнд эрсдэлийн нэгдсэн бодлогод даатгал гэдэг ойлголт маш чухал. Энэ салбарыг зөв зүйтэй дэмжиж хөгжүүлсэнээр улсын төсөвт ирэх ачааллыг бууруулна, аливаа хохирол, гамшгийн дараах санхүүгийн хүндрэлээс хурдан гарна, хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжих, цаашлаад эрсдэлийн нэгдсэн статистик, бодит датаг бий болгосоноор оновчтой шийдвэр гаргалт гээд маш олон давуу талыг бий болгоно шүү дээ. Манай салбарыг тэлэх боломж нь хэрэглэгчдэдээ даатгалын талаарх мэдлэг мэдээллийг маш зөв, үнэн бодитой хүргэхээс гадна бодлогын түвшинд хууль эрх зүйн орчны бодит дэмжлэг маш их дутагдаж байгаа.

-Даатгуулагч талаас хандлагын өөрчлөлт хэр ажиглагдаж байна вэ. Даатгалын талаар хүн болгон харилцан адилгүй ойлголт, мэдээлэлтэй байх шиг санагддаг?

-Энэ их чухал өнцөг. Ер нь эдийн засгийн ямар нэгэн хүндрэлтэй нөхцөл байдал улс оронд бий болоход иргэд болон хувийн хэвшлүүдийн зүгээс хамгийн түрүүнд танах зардлыг даатгалын зардал гэж ихэвчлэн харах гээд байдаг. Энэ нь даатгалын ач холбогдлын талаарх ойлголт төдий чинээ хангалтгүй байгаагийн нэг илрэл юм. Зүй нь эсрэгээрээ харин ч ирээдүйд учирч болох эрсдэлээсээ сэргийлээд даатгалын төрөл, зүйлээ боломжоороо нэмэгдүүлж байх ёстой юм. Ингэсэнээр бид харин ч эд хөрөнгө, эрүүл мэндэд учирч болох санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалагдах боломжтой. Аж ахуй нэгжүүд хүний нөөцийн цалингийн зардлаа зайлшгүй гарах зардлаар тооцдог шигээ даатгалын зардлаа энэ түвшинд төлөвлөдөг байх нь эрсдэлийн удирдлага юм.

Олон улсын жишиг нь банкны хадгаламжид мөнгөө хийхээс илүүтэй даатгалдаа мөнгөө төлөөд, ирээдүйгээ баталгаажуулдаг. Япон, Солонгос гээд Азийн оронд яг энэ даатгалын систем, даатгалын процессыг банканд хадгаламж хийж байгаатай дүйцүүлж үздэг. Тэгж байж миний ирээдүйн санхүүгийн асуудал баталгаажсан гэж хардаг. Тэгэхээр манайд хэрэглэгч талаасаа ойлголт мэдээлэл харилцан адилгүй, маш их дутмаг байна.

Өнөөдөр манайд жолоочийн хариуцлагын албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгал нийтийн хэрэглээг хангаад явж байгаа. Энд нэг жишээ татахад, албан журмын даатгалыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл хураамжийн хувь хэмжээ өнөөдрийг хүртэл өөрчлөлтгүй дунджаар 30-40 мянган төгрөгт хэвээр мөрдөж байгаа. Гэтэл тэр үед Приус авто машины гупер 80-200 мянган төгрөг байсан бол өнөөдөр 1.2-1.5 сая орчим болсон байх жишээтэй. Үүнийг дагаад дундаж нөхөн төлбөр өссөн гэсэн үг. Мөн тохиолдлын тоо ч хэд дахин өссөн.

Үүний нөгөө талд иргэдийн хариуцлагын асуудал яригдана. Өнгөрсөн хугацаанд нэг ч осол аваар гаргаагүй хариуцлагатай жолооч байхад жилд хэд хэдэн удаа нөхөн төлбөр авдаг жолооч яг ижил хураамж төлдөг. Олон улсад бол жолоочийн хариуцлагаас хамааран  хураамж нь өсөж, буурдаг байх жишээтэй. Энэ мэтчилэн хууль, эрх зүйн орчны зохицуулалт дутагдаж байгаа тал бий.

-Иргэд даатгалын ач тусыг хэрхэн хүлээн авч, улмаар амьдралын чанар болгон хувиргаж байна вэ?

-Цар тахлаас хойш эрүүл мэндийн даатгалд хамрагдах иргэдийн хандлага мэдэгдэхүйцээр маш их сайжирсан. Компани, аж ахуйн нэгжүүд ч ажилтнуудаа сайн дураар хамруулах хандлага урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн.

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ манай улсад өвчлөл өндөр байгаа энэ нөхцөлд тийм ашигтай бүтээгдэхүүн биш байж болох юм. Гэхдээ манай компанийн хувьд нийгмийн хариуцлага гэдэг утгаараа, мөн улс орны хамгийн үнэт капитал нь хүн гэдэг талаасаа эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэхэд тусгайлан бодлого гаргаад ажиллаж байна. Хэдийгээр хүн эд хөрөнгө, автомашинаа даатгуулах чухал хэрэгцээ шаардлагатай ч эрүүл мэнд хамгийн эрхэм шүү дээ.

Тэр утгаараа эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн нь өнөөдөр манай нийгэмд хамгийн хэрэгцээтэй, иргэн бүрд хүртээмжтэй байх ёстой салбар. Бид харилцагчийнхаа датанаас харахад зүрх судас, хоол боловсруулах болон бөөрний өвчлөл манай улсад зонхилж байна. Гэтэл эдгээр өвчлөл нь иргэд эрүүл мэндийн мэдлэгтэй байж, урьдчилан сэргийлж чадвал зайлсхийх боломжтой өвчлөлүүд. Ялангуяа хоол боловсруулах замын өвчлөл даамжирсаар хавдрын түвшинд хүрч байгаа нь гамшгийн хэмжээнд байна.

Тиймээс манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилтуудыг удирдлага болгон, боловсрол болон эрүүл мэндийн салбарт чиглэсэн нөлөөллийн ажлуудыг сүүлийн жилүүдэд төлөвлөн хийж байна. Эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүн нь хохирлын харьцаа өндөр буюу бараг ашиггүй бүтээгдэхүүн ч гэлээ нийгэмд зайлшгүй байх ёстой стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн. Өнөөдөр энэ мэдлэг мэдээллийн  ажлыг нийтээрээ хийж эхлүүлснээр магадгүй 10 жилийн дараа дээрх өвчлөлийг 10-20 хувиар ч болохноо бууруулсан байхыг үгүйсгэхгүй гэж бид харж байна. 

Мөн бид Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг өнгөрсөн жил байгуулсан. Даатгуулагчид голчлон хувийн эмнэлгийг сонгодог бөгөөд зөвхөн нэг эмнэлэгт жилдээ 2 тэрбум төгрөг хүртэлх нөхөн олговрыг шилжүүлдэг. Энэхүү зардлын урсгалыг улсын эмнэлэг рүү чиглүүлснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, тохижилтыг сайжруулахад хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байгаа. Энэ мэтчилэн ажлуудыг санаачлаад эхлүүлээд явж байна. Өвчин хэлж биш, хийсэж ирдэг гэдэг шүү дээ. Архаг өвчлөлүүдийн эмчилгээ өнөөдөр 100, 100 сая төгрөгөөр яригдах болсон энэ үед магадгүй хадгаламжид хийсэн 5, 10 сая төгрөгнөөс илүүтэй эрүүл мэндийн даатгалтай байхад санхүүгийн эрсдэлийг даван туулахад нэмэртэй болов уу. Тиймээс даатгалыг зардал биш, өөрийнхөө ирээдүйд оруулж буй маш том хөрөнгө оруулалт талаас нь харах хэрэгтэй гэж зөвлөмөөр байдаг.

Хоёр, гурван жилийн өмнө болсон үерийн гамшигт үзэгдэл, газ дэлбэрсэн зэрэг үйл явдлуудын үеэр даатгалгүйн улмаас олон хүн, аж ахуйн нэгж их хэмжээний хохирол амссан шүү дээ. Өнөөдөр ч энэ асуудал дуусаагүй л байна. Гадаадад аялахад хүртэл 80,000 хүрэхгүй төгрөгөөр даатгуулаад бүх эрсдэлээ хамгаалж чаддаг нь сэтгэл тайван, амар амгалан болгодгийг би ч өөрөө анх даатгалтай явахдаа мэдэрч байсан. Тэгэхээр даатгалын хүчээр ирээдүйд учирч болох олон бэрхшээлийг давж гарч чадна. Үүнийг олон хүнд ойлгуулахын тулд бид орон нутагт хүртэл тодорхой давтамжтай сургалт, мэдээллийг хийж байгаа.

-Тантай ярилцсаных нэг зүйлийг асууя. “Бодь даатгал” компанийг Голомт банк, Бодь интернэйшнл зэрэгтэй холбох ч юм уу, хамааралтай гэж андуурах тохиолдол цөөнгүй харагддаг. Та үүнд тайлбар хэлж болох уу?

-Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн “Бодь даатгал” ХК бол 30 жилийн түүхтэй компани. Хувьцаа эзэмшигчид маань “Бодь Интернэйшнл” болон Голомт банкнаас 2012-2013 онд албан ёсоор тусгаарлан салсан байдаг ч өнөөг хүртэл хүмүүс андуурах тохиолдол байсаар байдаг.

Товчхон түүх яривал хувьцаа эзэмшигчдийн маань аав Орчин цагийн хэл шинжлэлийн ухааны эрдэмтэн С.Лувсанвандан агсны гэргий анх 1989 онд “Бодь” оёдлын цех бүхий хоршоо байгуулснаас эхлэлтэй юм билээ. Энэ нэр нь С.Лувсанвандан агсны төрсөн нутаг болох Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн бууцных нь нэрнээс үүдэлтэй гэдэг. 1993 онд зах зээлд шилжихтэй зэрэгцэн Л.Болд дарга маань "Бодь Интернэйшнл" компанийг үүсгэн байгуулж, Европоос компьютер, электрон бараа оруулж ирж бизнесийн гараагаа эхлүүлж байсан гэдэг. Түүнээс салбарлан "Бодь Электроникс", Голомт банк зэрэг компаниуд бий болсон бол 1995 онд "Бодь Даатгал" компани байгуулагдсан түүхтэй.

2013 онд хувь нийлүүлэгчид бизнесээ албан ёсоор тусгаарласнаар манайх "Бодь даатгал", "Бодь цамхаг", "Бодь системс" зэрэг компаниудаа авч, бусад компаниуд (Голомт, Бодь интернэшнл)-д эзэмшиж байсан хувьцаагаа албан ёсоор тусгаарлан салсан байдаг. Түүний дараагаар буюу 2013-2014 онд Богд банкийг байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэнээр эдгээр компаниудыг Богд группийн доор нэгтгэсэн. Иймээс одоогийн "Бодь интернэйшнл" болон Голомт банктай ямар ч хамааралгүй тусдаа компаниуд юм.  

-Нээлттэй хувьцаат компани болсны ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Засаглал сайтай компанийн хувьд жижиг хувьцаа эзэмшигчдээ хэрхэн авч үздэг вэ?

-ХХК-аас ХК болон өөрчлөгдсөн нь засаглалын соёлд томоохон шинэчлэл авчирсан. Манайх 2020 онд нээлттэй хувьцаат компани болсон. Өмнө нь цөөн тооны хувьцаа эзэмшигчийн өмнө хариуцлага хүлээдэг байсан бол одоо мянга мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж байна. Улмаар ил тод байдлыг хангаж, тайлагнал, засаглал, мэдээлэл түгээлт олон улсын стандартын дагуу бүх зүйл нээлттэй, ил тод болсон. Хариуцлагын тогтолцоо улам өндөрсөж, эрсдэлийн хяналт шинэ түвшинд гарсан. Боловсон хүчний ур чадварыг тасралтгүй сайжруулах шаардлага бий болсноос гадна жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хүртээх, тэдний байр суурийг нэн тэргүүнд тавих соёл тогтсон нь чухал өөрчлөлтүүд байлаа. Бид компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээгээр 2025 онд 97.22 хувь буюу “Засаглал сайн, эрсдэлгүй” гэж үнэлэгдсэн. Энэ бол нээлттэй хувьцаат компани болсны нэг дэвшил, илрэл гэж үзэж байгаа.

-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье.


 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна