Монголын ноос, ноолуур, нэхмэлийн салбарын боловсруулалтын үйлдвэрлэлийг дэмжих, Итали улсын тэргүүлэх технологи, хөрөнгө оруулалтыг татах зорилгоор "Итали ба Монгол: Нэхмэлийн машин механизмын салбар дахь Бизнесийн боломжууд ба хэтийн төлөв" олон улсын уулзалт семинар Улаанбаатар хотноо /2026.06.22/ болж байна.

Арга хэмжээнд Монголын талаас УИХ-ын дэд дарга, МННХ-ны ерөнхийлөгч Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, МҮХАҮТ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, Монголын Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга Б.Зандан болон ноос, ноолуур, нэхмэлийн салбарын мэргэжлийн холбоод, төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан арга хэмжээний нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн 2025 оны арванхоёрдугаар сард Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол, Италийн харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, технологи зэрэг олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх бат бөх суурийг тавьсан түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон гэдгийг онцлоод, "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь ноос, ноолуур, арьс шир зэрэг мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын түвшинг хоёр дахин нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.
Энэхүү бодлогын амжилттай хэрэгжилтэд орчин үеийн, өндөр технологийн тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хүрээнд ACIMIT болон Италийн аж үйлдвэрийн дэвшилтэт технологи онцгой үүрэг гүйцэтгэх нь тодорхой байна. “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай улс малын гаралтай түүхий эдийг дотооддоо гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын бүтцийг төрөлжүүлэх зорилготой томоохон шинэчлэлийг хэрэгжүүлж байна. Монгол Улс болон Итали Улс нь түүх, соёл, гар урлал, үйлдвэрлэлийн гүн гүнзгий уламжлалтай орнууд бөгөөд бидний хамтын ажиллагаа зөвхөн эдийн засгийн төдийгүй мэдлэг, технологи, инновацид тулгуурласан стратегийн түншлэл болон өргөжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Энэхүү чухал арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, шинэ боломж, шинэ түншлэлийг нээж буй Та бүхэнд дахин гүн талархал илэрхийлье" гэлээ

Италийн талаас энэхүү уулзалтад Итали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жованна Пиккаррета, Хятад, Монгол дахь Италийн Худалдааны Комиссар Франческо Пенсабене, Италийн нэхмэлийн үйлдвэрлэгчдийн холбооны /ACIMIT/ Сургалт, Гишүүнчлэлийн хэлтсийн дарга Алис Ваго, CDP Хөгжлийн Хамтын Ажиллагааны хэлтсийн дарга Мартина Мадео, SACE Ази-Номхон далайн бүсийн тэргүүн төлөөлөгч Донато Роберто Мореа тэргүүтэй төлөөлөл оролцож байгаа юм.

Тус олон улсын арга хэмжээний үеэр, Монгол болон Италийн нэхмэлийн машин механизмын зах зээлийн өнөөгийн байдал, Ноос, ноолуур боловсруулах орчин үеийн технологийн шинэчлэл, Итали-Монголын санхүүгийн хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцэж, хоёр талын шууд бизнесийн уулзалт тус тус болох юм.
Арга хэмжээг Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Итали Худалдааны Агентлаг (ITA), Италийн нэхмэлийн үйлдвэрлэгчдийн Холбоо (ACIMIT) болон Монголын Ноос, Ноолуурын Холбоо хамтран зохион байгуулж байна.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна