“КОП17”: Хуралдаж эхлэхээс өмнө мэдвэл зохих зүйлс

Zuv.mn
1 цаг 54 минутын өмнө

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал “Газраа сэргээе, найдвараа сэргээе” уриатайгаар өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна.

Хуралд Цөлжилттэй тэмцэх тухай конвенцид нэгдсэн 197 тал буюу улс орны 193 нь хуралдаа оролцохоор Улаанбаатарт иржээ.

Хурал энэ сарын 28-ныг хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 

Нийт 7900 орчим албаны зочид төлөөлөгч оролцохоос 1000 орчим нь дотоодын, үлдсэн нь гаднынх байна гэсэн урьдчилсан мэдээлэл байгаа бол иргэний нийгмийнхэнтэй нийлээд оролцогчдын тоо 12,000 гаруйд хүрнэ гэсэн мэдээлэл байна.  

Хурлыг зохион байгуулагч, даргалагч орны хувьд манай улс хурлаар гурван гол зорилтыг шийдвэрлэхээр санаачилга гаргасан.

“Тал хээрийн төлөвлөгөө” гэж нэрлэсэн уг гурван гол санаачилга нь

  1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга: Бэлчээрийн экосистемийг нөхөн сэргээх, нүүдлийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хангах дэлхийн стандарт, бодлогыг тодорхойлно.
  2. Ус ба газрын нэгдсэн менежмент: Гандуу, хуурай бүс нутгийг ган, усны хомсдолоос хамгаалах төслүүдийг багцлан, санхүүжилтийн механизмыг өргөжүүлнэ.
  3. Байгальд суурилсан тогтвортой дэд бүтэц: Дэд бүтцийн төлөвлөлтөд хиймэл оюун ухаан, зайнаас тандан судалгаа, дижитал загварчлалыг нэвтрүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ.

 

Манай улсад орж ирэхээр амласан, хүлээгдэж буй олон улсын санхүүгийн дэмжлэг

Хурлын хүрээнд болон бэлтгэл ажлын явцад олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас дараах зээл, буцалтгүй тусламжийн амлалт иржээ.

  • Европын хөрөнгө оруулалтын банк: 200 сая евро
  • Дэлхийн банк: 100 сая ам. доллар (зээлийн асуудал хэлэлцэгдэж буй)
  • Люксембург Улс: 5 сая евро
  • Даян дэлхийн байгаль орчны сан: 3.3 сая ам. доллар (техникийн дэмжлэг)

 

Хурлын үеэр үйлчлэх нийтийн тээврийн журмууд

Хурлын өдрүүдэд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, аюулгүй байдлыг хангах үүднээс дараах зохицуулалтыг хийж байна:

  • Түр хаах зогсоолууд: Нарантуул болон Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолуудыг түр хаана.
  • Нийтийн тээвэр: Тухайн чиглэлүүдэд богино эргэлтийн автобусны маршрутыг нэмэгдүүлж, зохион байгуулалт хийсэн тул иргэдийг хувийн тээврийн хэрэгслээсээ татгалзахыг зөвлөж байна.
  • Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаарын төгсгөлөөр зорчуулах журам уржигдраас хэрэгжиж эхэлсэн бөгөөд Нийслэлийн зарим ЕБС, их, дээд сургуулийн хичээлийн шинэ жилийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.    


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна