ӨАБНУ-ын нийслэл Кейптаун хот ундны усны хомсдлоос болж, цаашид өргөжин хөгжих ямар ч боломжгүй болжээ. Орон нутгийн захиргаа хотын иргэддээ энэ талаар хангалттай ухуулга сурталчилгаа хийдэг учир кейптаунчууд хэмнэлтийн горимдоо ль хэдийнэ дассан байна. Харин гаднаас ирж байгаа жуулчид хайран усыг нь хамаагүй хэрэглэчих гээд байдаг учир усаа ариг гамтай хэрэглэхийг сануулсан анхааруулгыг хаа сайгүй хаджээ. Кейптаун хот ундны усны хомсдолд орсон учраас цаашдаа өргөжих ямар ч боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрөх болжээ.
НҮБ-аас 2010 гаргасан илтгэлд ундны усны хомсдолыг “2025 оноос эхлэнэ” гэж тооцсон байсан билээ. Гэвч ердөө нэг жилийн дараа Номхон далайд орших арлын улсууд ундны усны нөөцгүй болсноо зарлаж эхэлсэн байдаг. Шинэ Зеландын ойролцоо орших Тувалу, Токелау хэмээх хоёр улс 2011 оны аравдугаар сард, Токелау улс ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарласан юм. ийнхүү арал улсаар эхэлсэн ундны усны хямрал цаашдаа томоохон хотуудаар үргэлжилж, хотууд эзгүйдэх төлөв ажиглагдаж эхэллээ.
ӨАБНУ-ын нийслэлийн ундны усыг хангадаг далангийн усны түвшинг мэдээлэх нь тогтмол болж, ихдээ 80 хувийн дүүргэлттэй байгаа гэсэн мэдээ гарч буй бол Ираны нийслэл Тегераны байдал бүр хүнд.
Хотын ундны усны дөрөвний нэгийг хангадаг Каражийн далангийн дүүргэлт ердөө 8%-тай, зарим газарт усны хязгаарлалт эхэлсэн ч цоргоноос гарах урсгал буурч, шөнөдөө бүтэн тасардаг болжээ.

Тегераны ундны усны хэрэглээний 25 хувийг хангадаг Каражийн далан 64 жилийнхээ хамгийн доод түвшинд хүрэв /2025 оны долдугаар сарын 30/
Ерөнхийлөгч Масуд Пезешкиан нь нэгэн цагт Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес иргэдэдээ уриалдаг байсан шиг усыг арвич хямгатай хэрэглэхийг иргэдэдээ уриалж, эс тэгвээс хотыг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болох талаар сануулж байна. Угаас ундны усгүй болбол хүмүүс өөрсдөө хотыг орхиж явах нь тов тодорхой юм. Товчхондоо Ираны нийслэл "тэг өдөр" буюу ус дуусч, цорго ширгэх өдрийг хүлээсэн байдалд байна.
Манай дэлхийн гадаргуугийн 70 хувийг ус эзэлдэг ч ууж болохуйц цэнгэг ус нь дөнгөж 2,5 хувийг эзэлдэг. Гэвч үүний ихэнх нь мөс, цас хэлбэрээр оршиж 0,25 хувь нь л шууд ашиглах боломжтой байдалд байдаг юм.
Усны хомсдол, түүнээс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүдийг аль хэдийнэ амсаад эхэлсэн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн дөрвөн оронд явуулсан судалгаагаар, зохих арга хэмжээ авсан нөхцөлд эдгээр орон 2030 он хүртэл усны хэрэгцээгээ хангахад жилд нийтдээ тус бүр 19 тэрбум ам. доллар, өөрөөр хэлбэл тэдгээрийн хүлээгдэж буй дотоодын нийт бүтээгдэхүүний тус бүр 0,06 хувийг зарцуулах тооцоо гарч байгаа юм.
Хэрвээ ундны усны хэрэглээг дорвитой бууруулахгүй, харин "Нийлүүлэлтийн салбарын уламжлалт арга хэмжээгээр" л хязгаарлах юм бол, дөрөв дахин их зардал буюу жилд 200 тэрбум хүртэл ам. доллар шаардагдана гэдгийг илтгэл зохиогчид анхааруулж байна.
Төв Азийн хуурай, сэрүүн бүс нутагт оршдог манай улсын хувьд ч энэ гамшиг нөлөөгөө үзүүлээд эхэлчихсэн билээ. Тодорхой давтамжийн дагуу гардаг гэдэсний хижиг, булчин задрах тахал зэрэг өвчний дэгдэлт үүний нотолгоо юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна