Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр өнөөдөр тохиож байна. Өнөөдөр нийслэлийн боловсролын салбарын шилдэг байгууллага, багш гэр бүл, удирдах ажилтан, шилдэг бүтээлээр түүчээлэгч багш, боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтнуудыг шалгаруулан шагнаж урамшуулах, тэдний тэргүүн туршлага, ололт амжилтыг олон нийтэд сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээ боллоо.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 994 байгууллагад 44 мянган багш, ажилтан ажиллаж, 546 мянган хүүхэд суралцаж байна. Нийслэлийн удирдлагын багийн бодлогын гол цөм нь боловсрол юм. Боловсролын хөрөнгө оруулалтын үр дүнг шинэ барилга, нэмсэн суудлын тоогоор хязгаарлах боломжгүй. Хамгийн орчин үеийн барилга ч дотор нь сэтгэл гарган ажилладаг багшгүй бол хана, дээвэр төдий л зүйл юм. Цаашид бид багш нарын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана. “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө” гэлээ.
Энэ үеэр 2025-2026 оны хичээлийн жилд сургалтын үйл ажиллагааны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэж, хүүхэд бүрийн суралцахуйн хөгжлийг хангахад зөвлөн тусалж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэн мэдлэг оюун, эрдэм чадвараараа бусдыгаа манлайлан ажиллаж, амжилтаа үнэлүүлсэн багш, ажилтнуудыг шагналаа.
Мөн есөн “Багш гэр бүл”-д түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа.







ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна