Аравдугаар сарын 07-08-нд шилжих шөнө баавгай суурьшлын бүс рүү халдаж 40 настай эрэгтэйг хэдэн хэсэг болгон тасчиж, 55 настай эмэгтэйг хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Баавгайд бариулж нас барсан 40 настай эрэгтэй нь тухайн айлын хадланд туслахаар очсон байсныг бид өмнө нь мэдээлсэн.
ГССҮТ-д хүргэгдсэн эмэгтэйн биеийн байдал хүнд бөгөөд дагзны арын арьс хууларсан, гавлын яс цөмөрсөн, чамархай, зулай, эрүүний яс гэмтсэн гэх зэрэг маш олон гэмтэлтэй байсан юм. Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 35-р хороо "Бурхант хошуу" гэх газар очиж нутгийн иргэд болон хөршүүдээс нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа.
Биднийг очиход халдлагад өртөж нурсан гэр орон, хашаа хороо, цусны мөр, бүх зүйлс ундуй сундуй нөхцөл байдал угтав. Хөршүүд нь айдастай, албаныхан баавгайг дрон ашиглаж эрэн хайж байлаа.
Хөрш: "Хэзээ баавгай орж ирэх бол гэдэг айдастай байна. Баавгай дайрсан айл манайхаас ойрхон шүү дээ, ердөө 300-400 метрийн зайтай. Тэр том амьтан руу хашгирвал үргэхгүй юм шиг байгаа юм. Аргаа ядахад амиа хамгаалах юм болов уу гээд сүх орныхоо хажууд тавиад унтах гэж байна. Сүхэндээ л найдаж байна даа. Цохиж амждаг юм уу үгүй юу бүү мэд. Арга барсан л ажил шүү дээ.
Баавгай ирвэл зугтахыг л бодно шүү дээ. Машиныхаа хаалгыг түгжихгүй унтъя гэж бодож байна. Гэр дээрээ гарахаар араас харайгаад гараад ирэх юм болов уу гэж бодох юм. Хурдхан барьж аваад устгалд оруулаасай гэж бодож байна" гэлээ.
Нутгийн иргэн: “Баавгай айл руу дайрсан хэргийг өглөө сонссон. Энд байгаа хүмүүст нэмэр, тус болъё гээд найзуудтайгаа ирлээ. Хүмүүсийн айдас түгшүүр их байна. Өмнө нь нэг сарын өмнө баавгай орж ирсэн гэх мэдээлэл байсан. Ойн цагдаа нь хайгаад явж байсан. Энэ бол хоёр дахь тохиолдол. Гэхдээ хүн барьчихлаа. Хүний амь гэдэг хамгийн чухал зүйл. Гэтэл манайхан алим, жимс, тавьж өгөөд тэжээж тэтгээд явуул гэж байна. Тэр чинь араатан шүү дээ. Хүний хэл мэдэхгүй. Нэг л энэрэнгүй юм ярьсан хүмүүс. Эцсийн эцэст ийм л зүйл болж байж ойлгох гээд байсан юм байлгүй дээ.
Талийгаачийг мэддэг байсан. Хүн бүрт очоод тусалдаг тусархаг залуу байсан юм. Нэг айлд очиж тусалж байхад нь л ийм зүйл болчихсон юм шиг байна.
Баавгай суурин газар руу орж ирээд айлын мал хуй, цаашлаад хүний аминд хүрч байна гэдэг ноцтой хэмжээнд хүрсэн байна гэсэн үг шүү дээ. Тиймээс хууль баталдаг хүмүүс нь анхаараасай. Хамгийн үнэгүй зүйл Монгол хүний амь байна шүү дээ, яг үнэндээ. Баавгай ирээд идэж л байдаг гэдэг зүйл яриад сууж боломгүй байна.
Нэг удаа хязгаар давчихсан амьтан дахиад л давна гэсэн үг. Одоо дараагийнхаха "бай"-г хараад л байж байгаа шүү дээ. Хүмүүс малдаа явна. Хөдөөд ихэнх ажлыг гадаа ганцаараа хийдэг. Бүгд буутай явна гэж байхгүй. Тэгэхээр маш осолтой. Араатан амьтан шөнө л идэш тэжээлдээ гардаг шүү дээ. Энэ шөнө дахиад хаашаа ч анд гарах юм билээ. Мэдэхгүй шүү дээ” гэв.
Нийслэлийн байгаль орчны газрын амьтан, ургамал хамгаалах хэлтсийн дарга О.Тэмүүжин: “Аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө баавгай суурьшлын бүсэд хүн рүү халдлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын шуурхай баг тухайн газарт ирж ажилласан. Бид шөнийн 02.00 цагаас өглөөний 06 цаг хүртэл баавгайг эрэн хайж ажилласан.
Үргэлжлүүлэн Нийслэлээс нэмэлтээр дулаан мэдрэгч дрон авчруулж, дөрвөн байршилд 3-5км радиуст хайж байна. Баавгай шөнийн цагаар идэвхтэй амьтан. Тиймээс орой болоход эргэн суурьшлын бүс рүү орж ирэх эрсдэлтэй тул мэргэжлийн анчид болон холбогдох байгууллагууд ажиллаж байна.
Баавгай дайрсан тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Шаардлагатай бол тухайн байршлаас хэсэг хугацаанд өөр газар шилжүүлнэ.
Баавгай арваннэгдүгээр сарын сүүлээр ичдэг. Тиймээс иргэд энэ хугацаанд ой руу зорчихгүй байх, ил задгай хог хаяхгүй байх хэрэгтэй.
Нийслэлд наймдугаар сараас хойш баавгай орж ирсэн гэх мэдээлэл бүртгэгдсэн. Нийт 28 дуудлага мэдээлэл бүртгэгдсэний 5-6 нь нас бие гүйцсэн баавгай байсан нь батлагдсан. Яг л идэш тэжээлтэй холбоотойгоор суурьшлын бүсүүд рүү орж ирсэн байна” гэлээ.
М.Мягмар-Очир: "БЗД-ийн Онцгой байдлын албанаас 13, цагдаагаас 10, нийслэлийн Байгаль орчны газраас 10 хүн ажиллаж байна. Эрлийн ажиллагаанд дулаан мэдрэгч дрон ашиглаж байгаа. Дулаан мэдрэгчтэй дронд буга, согоо гэх амьтад орж ирж байна. Уулын ам болгоныг самнаж эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Алба хаагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нэг ч хүнийг явган явуулахгүй байгаа. Дандаа машинтай, морьтой явуулж байна. Зэрлэг амьтан учраас машин техник хүнээс дайжаад л явж байгаа. Тиймээс дроноор холоос хайж байгаа. Баавгайд дайруулж гэмтсэн эмэгтэй шархадчихаад хөршийнх рүүгээ гүйж тусламж дуудсан байсан" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
162.4.128.40
ESZusheerliig tsutslaa biz dee Yuun Agnatha too togtooj ve? Bas bie guitssen Er baavgaig shud Agnatha donit, arising Ulsiin orlogoos bolgoh anchind uramshuulal ugch bolohgui gej uu?
Хариулах