АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ дахь бүлгийн даргаа хавсарч хийж “давхар” дээлтэй жил гаруй болоод саяхнаас бүлгээ гишүүддээ өгье хэмээн дуугарч эхэлсэн. Өөрөө ч бүлгээ зангидах асар өндөр сонирхолтой байсан учраас сандал суудал, Төрийн ордны том өрөө тасалгаагаа суллаж өгөх сонирхолгүй байсан. Гэсэн ч гишүүдийнхээ шахалтаар ийм шийдвэр гаргасан ч өчигдөр УИХ дахь бүлгийнх нь ирц хангалтгүй байв. Бүлгийн дарга ирц, оролцоог бүрдүүлэх ёстой ч тэрбээр нэг л хайнга ханджээ. Ингээд бүлгийн даргыг сонгох асуудлыг ирэх даваа гараг хүртэл хойшлуулсан байна.
Бүлгийн даргад Х.Тэмүүжин, Б.Түвшин нар нэр дэвшихээ илэрхийлж, гишүүд нь санал нэгдэж чадаагүй аж. Улмаар хурал тарах үед УИХ-ын гишүүн, Сүхбаатар дүүргээс сонгогдсон Ц.Баатархүү бүлгийнхээ тамгыг авч гарчээ. Үүнийг харсан зарим гишүүн бүлгийн даргыг сонготол тамгыг Ажлын албанд үлдээгээрэй гэхэд үл тоон авч гарч, орой болтол өгөхгүй “зугтсан” байна. Удаа дараа шаардуулсны эцэст өчигдөр орой тамгаа буцааж өгчээ.
Ц.Баатархүүгийн хувьд бүлгийн даргад Б.Түвшинг дэмжиж байгаа аж. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. Нэр дэвшиж буй Б.Түвшинг УИХ-д нэг удаа сонгогдсон бүлэг удирдах, зангидах зангараг, туршлага дутна гэж гишүүдийнх нь олонх үзэж буй учир дэмжихгүй байгаа аж. Өчигдрийн бүлгийн хурлын уур амьсгал ч тийм байсан учир ирц хангалтгүй гэх шалтгаанаар асуудлыг долоо хоногоор хойшлуулах зуур тамга тэмдэг “хулгайлах” асуудал ийн гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна