Э.Батшугар: 0-5 настай хүүхдүүд нь томуугаар өвдсөн бол эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

С.Гандэлгэр
1 цаг 50 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарт дараах шийдвэрүүдийг гаргасан талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээллээ.

Тэрбээр “Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор зургаа хүртэлх насны хүүхэдтэй эцэх эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор боллоо. Хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг, эх, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгож, шаардлагатай нөхцөлд цахимаар ажиллуулах зохицуулалт юм. Энэ нь зөвхөн төрийн албан хаагчдад үйлчлэх ч хувийн хэвшлийн байгууллагуудыг энэхүү зохицуулалтад нэгдэхийг уриалж байна.

Одоогийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 46.5 хувийг томуу болон томуу төст өвчний тохиолдол эзэлж байна. Энэ жилийн хувьд өвчлөл өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр түвшинд байна. Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор салбарын хэмжээнд авах арга хэмжээний төлөвлөгөө баталсан. Түүнчлэн томууг оношлох лабораторийн шинжилгээний хэрэгсэл, урвалжийн дөрвөн сарын нөөцийг бүрдүүлээд байна. Эмнэлгийн орны хүрэлцээний асуудлыг жил бүр хөндөж ирсэн. Өнгөрсөн онд томуугийн дэгдэлтийн оргил үед 1200 ор ашиглаж байсан бол энэ жил эрсдэлийг тооцон хүчин чадлаа нэмэгдүүлж, 4000 хүртэлх орыг бэлтгээд байна.

Томуугаас сэргийлэх хамгийн үр дүнтэй, шинжлэх ухаанаар нотлогдсон арга бол вакцинжуулалт. Өнгөрсөн онд 300 мянган тун вакцин татан авсан бол энэ жил 500 мянган тун вакцин бэлтгэсэн. Эхний ээлжийн 330 мянган тун вакциныг хэрэглээнд гаргаад байгаа бөгөөд есдүгээр сарын 30-нд нэмэлтээр 170 мянган тун вакцин оруулж ирсэн. Одоо орон нутаг болон эрүүл мэндийн байгууллагуудад түгээж эхэлсэн тул зорилтот бүлгийн иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна