-Япон улс ОХУ-д 27 дахь удаагийн багц хоригоо тавихаар болсноо өчигдөр зарлалаа-
Аливаа үндэстэнд цээртэй тоо гэж бий. Солонгосчууд “18”-ын тооноос эвгүйцэж, энэ тоог нэг, найм буюу “Шиб паль” хэмээн хараал болгож хэрэглэдэг. Үүний адил Япончууд дөрвийн тооноос цээрлэж, аль болох зайлсхийдэг учиртай аж. “Дөрөв” гэдэг тоо “Үхэл” гэдэг үгтэй адилхан дуудагддаг учраас ингэдэг ажээ. Нэгэн цагт дайн дажиндаа хүрч ялж ялагдаж явсан, гол дайснуудын нэг (хоёр улс одоо ч энхийн гэрээ байгуулаагүй) ОХУ-тай харилцах харилцаанд нь энэ тоо байнга холбоотой явдаг нь хачин. Итуруп, Кунашир, Шикотан арал, Хабомай ольтриг хэмээх дөрвөн газар хоёр улсын харилцааны эмзэг цэг болсоор 80 гаруй жилийг үдэж байгаа юм.

Ерөнхий сайд агсан Шинзо Абэ өөрийн цаг үедээ энэ олон жилийн үйл ойлголцол, дайсагналцлыг шийдэх гарцыг “2+2” буюу хоёр талаас “Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд” гэсэн форматаар уулзах явдал гэж томъёолсон нь ч дөрвийн тоотой холбоотой түүхийг үргэлжлүүлсэн хэрэг болсон нь сонин.
ОХУ-аас Гадаад хэргийн сайд С.Лавров, Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Батлан хамгаалахын сайд Томоми Инада нар тухайн үед Токио хотноо уулзаж, асуудал шийдэгдэх нь үү гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Гэсэн ч байдал одоо ч шийдэгдээгүй хэвээр байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Итуруп аралд ажиллаж, Япон зөрүүлээд өчигдөр ОХУ-д хариу арга хэмжээ буюу 27 дахь удаагийн багц хоригоо тавихаар болсноо зарлалаа.
Курил Сахалины арлуудын талаар хоёр улс цөөнгүй гэрээг байгуулж байсан бөгөөд Япончууд 1855 онд байгуулагдсан анхны гэрээг мөрдлөг болгодог. Ингээд Курилын арлуудын хувь заяаг шийдэж байсан гэрээнүүдийг харцгаая.
1855 он. Симадскийн гэрээгээр Орос, Япон хоёр дипломат харилцаа тогтоов. Энэ гэрээгээр Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арал Японд харьяалагдаж, Курилын бусад арал Оросын харьяанд үлдсэн юм. Харин Сахалиныг хоёр орны хамтын эзэмшил хэмээн зарлажээ.
1875 он. Петербургийн хэлэлцээрээр Курилын арлууд бүхлээрээ Оросын мэдэлд ирж, Сахалиныг мөн Оросын нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн Япон зарлав.

ЗХУ, Японы дипломат уулзалт. 1955 он
1905 он. Орос-Японы дайн дэгдэв. Портсмутын хэлэлцээрээр Япон Сахалины өмнөд хэсгийг орхин гарав.
1945 он. Дэлхийн хоёрдугаар дайн. ЗХУ Японы эсрэг дайны явцад Курилын арлууд болон Сахалины өмнөд хэсгийг /Хойд өргөрөгийн 50 градусаас урагш/ эзлэн авчээ.
1951 он. Сан-Франциско хотод холбоотнуудтай энхийн гэрээ байгуулсан ч Япон Курилын арлуудын асуудлыг оруулахаас татгалзсан. Энд ЗХУ ч бас оролцоогүй юм. Үүнээс хойно Япон Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай дөрвөн арлыг угаасаа манай нутаг хэмээн мэдэгдсэн билээ.
1956 он. ЗХУ, Японы удирдагчид хоёр улсын хоорондох цэргийн ажиллагааг албан ёсоор дуусгаж энхийн хэлэлцээр байгуулсны дараа Москва Шикотан, Хабомай арлыг Японы талд эргүүлэн өгөх зөвшөөрлийг олгосон юм. Гэвч Японы тал дээрх дөрвөн арлыг бүгдийг нь эргүүлэн өгөх шаардлага тавьснаар энэ гэрээ байгуулагдаагvй билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна