Баавгайд самардуулсан эмэгтэй гарч зугатаад дараагийн айлд очиж сэрэмжлүүлэг хүргэжээ

Zuv.mn
1 цаг 11 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бурхант хошуу” гэдэг газар өнгөрсөн шөнө баавгай  айл руу орж, хүний аминд хүрсэн харамсалтай явдал гарсан.

Энэ асуудлаар холбогдох төрийн албаныхан мэдээлэл хийлээ. НОБГ-ын албаны төлөөлөл “Тухайн айлд хоёр хүн байсан нэг эрэгтэй амиа алдаж,  55 настай эмэгтэй нь баавгайд самардуулж, гарч зугатаад дараагийн айлд очиж сэрэмжлүүлэг хүргэсэн байдаг. Баавгайг эрэн хайх ажиллагааг явуулж байна. Байгаль хамгаалагчид эхний дуудлага очиж, Шуурхай баг шөнийн 02.00 цагаас хойш ажиллаж байна” гэлээ.

БОУАӨ-ийн яамны газрын дарга Т.Балжинням “Байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр зэрлэг ан амьтан суурьшлын бүсэд нэвтэрч, хүний амь насанд халдсанд гүнээ харамсаж байна. 2026 он гарсаар 11 аймаг, нийслэлд 754 тохиолдол баавгай үзэгдсэн дуудлага мэдээлэл ирсэн. Баавгайн 80-иад хувьд нь бамбаруушаа дагуулж, суурьшлын бүс рүү нэвтэрч байгааг тогтоосон. Баавгай хашаа хороо буулгасан 80 гаруй, мал идсэн 30 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Мөн баавгай нэг дайрсан айл руугаа эргэж очих тохиолдол цөөнгүй байна. Одоогоор суурьшлын бүс рүү ойртсон 6 баавгайг агнасан. Манай улс 1986 онд баавгайн тоолж байсан. Одоо тоолох ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Буу, эм унтуулгын бодисыг хэрхэн ашиглах талаар төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаад, үүрэгжүүлээд явна. Засгийн газрын тогтоолоор 1.8 тэрбум төгрөгийг баавгайн эсрэг арга хэмжээ авахад зарцуулахаар болсон. Үүнийг булчин сулруулах унтуулгатай буу, барих тор, орон нутаг дахь тусгай хамгаалалттай газруудын тээврийн хэрэгслийн шатахуунд зарцуулна. Баавгай давтамжтай орж ирсэн газруудад анхааруулга, зөвлөмж хүргүүлсэн. Баавгай агнах зөвшөөрлийг найман аймагт өгсний дагуу зургаан баавгайг агнаад байна.  
Баавгай ямар шалтгаанаар суурьшлын бүс рүү ойртож байгааг судалж байна. Хэнтий аймагт буудуулсан баавгайг задлан шинжлэхэд ходоодонд нь хоол гэхээр зүйл байгаагүй. Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн орж ирж байгаа гэж таамаглаж байна. Тиймээс хууль бусаар самар түүх, мод бэлтгэлийн ажлыг таслан зогсоох, жимс түүхээр уул руу орохыг хориглож байна” гэлээ.  

НЭМГ-ын дарга “Баавгайд самардуулсан эмэгтэйн биеийн байдалд хүнд байгаа. Гэхдээ амин үзүүлэлтүүд тогтворжиж, ухаан орсон. Цаг тухай бүрт мэдээлэл өгөөд явна” гэлээ.

Ард, иргэдийг баавгай харсан тохиолдолд аюулгүй байдлыг сахиж, тухайн газраас нэн даруй холдон холбогдох байгууллагад мэдээлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна