Худалдаа хөгжлийн банкны олон улсаас бонд босгох ажил саадтай тулгарсан уу

С.Батзаяа
1 цаг 12 минутын өмнө

УИХ-ын өнгөрсөн долдугаар сарын 1-ний чуулганы хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Монголын нэр бүхий хоёр банк дайныг санхүүжүүлэхэд зориулж мөнгө угаасан, гүйлгээ хийсэн, бэлэн мөнгө гаргасан гэх мэдээлэл олон улсад цацагдсан. Үүнээс болж Европын холбоо Монголын банкуудад хязгаарлалт тавина гэж мэдэгдсэн байна.

Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт: Энэ мэдээлэл гарсан даруйд Европын холбоо руу хандсан. Тэд ОХУ-тай хийсэн 2022 оноос хойших гүйлгээг шалгаж байгаа юм билээ. Мөнгө угаасан, дайныг санхүүжүүлсэн гэх асуудалд Монголын арилжааны нэг банк холбогдсон тодорхой асуудал гарсан гэж хариулж байв.

Саяхан Оросын талаас “Манайх шатахуунаа нийлүүлье. Харин танайх нэг зүйлд анхаарал хандуулахыг хүсье” гээд 2026 оны есдүгээр сарын 4-ний өдөр Монголын Худалдаа, хөгжлийн банкнаас “Газпромбанк”-нд цахим шуудангаар мэдэгдэл ирүүлж, “Газпромбанк”-ны корреспондент дансны статусыг нэг талын шийдвэрээр өөрчилж, хаах хүртэл нь царцаах, бас ХХБ-ны “Газпромбанк” дахь харилцан тооцооны дансуудыг хаах тухай мэдэгдсэн. Төлбөр тооцооны асуудалд анхаарал хандуулж өгөөрэй” гэжээ.

Гэтэл албаны төлөөлөл “Худалдаа, хөгжлийн банкнаас авсан мэдээллээр, АНУ болон Европын Холбооны холбогдох байгууллагуудын хяналт, шалгалт Худалдаа хөгжлийн банк болон Монголын томоохон арилжааны банкуудад явагдаж байгаа.

“Газпромбанк” АНУ болон Европын Холбооны хориг арга хэмжээнд хамрагдсан банкуудын нэг тул уг шалгалт дуусах хүртэл тус банктай холбоотой дансны ажиллагааг түр хугацаанд хязгаарласан байна. Худалдаа, хөгжлийн банкны зүгээс шалгалтын ажиллагаа дууссаны дараа “Газпромбанк”-тай холбоотой корреспондент дансны ажиллагааг сэргээх боломжтой гэсэн байна. 

Тэгвэл Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд Голланд явсан гэх мэдээлэл байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус банк Голландаас 850 орчим сая ам.долларын бонд босгохоор хөөцөлдөж байгаа аж.   

Олон улсын байгууллагуудаас мөнгө “босгож” байгаа бол олон улсын хориг арга хэмжээг дагаж мөрдөх ёстой гэдэг. Дагаж мөрдөхгүй бол мөнгөө буцаагаад татчихдаг. Бондтой холбоотой ХХБ-ны мэдээллийг зээл өгөх Голландын банк шалгаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ.

Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээл дээрээс хэд хэдэн удаа амжилттай бонд босгож байжээ.  

Голлох бондуудын түүхээс дурдвал:

-Анхны олон улсын бонд (2007 он): ХХБ нь олон улсын санхүүгийн зах зээлд 75 сая ам.долларын бондыг жилийн 8.625 хувийн хүүтэй гаргаж, 2010 онд бүрэн төлж дуусгасан.

-500 сая ам.долларын бонд (2015 он): Олон улсын зах зээл дээр 5 жилийн хугацаатай, 9.3 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бондыг амжилттай арилжаалж байсан, 2020 онд өөрийн эх үүсвэрээр 100 хувь бүрэн төлсөн.

-Ногоон болон Нийгмийн бонд (2024 оны 11-12 сар): Австри улсын Венийн хөрөнгийн бирж дээр хаалттай хэлбэрээр гаргасан. Уг бондоор 200 сая ам.доллар босгосон.

-Бондын хэмжээг нэмэгдүүлсэн нь (2025 оны 2 сар): Дээрх 2024 оны сүүлээр гаргасан "TDBM 8 1/2 12/23/27 USD" бондын хэмжээг дахин 100 сая ам.доллароор нэмэгдүүлж, нийт дүнг нь 300 сая ам.доллар болгосон байна.

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна