Зэрлэг баавгай суурьшлын бүсэд нэвтэрч хүн рүү халдах тохиолдол ОХУ-д эрс ихэсчээ. Зөвхөн сүүлийн хоёр сарын дотор баавгай хүн барьсан 20 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь бараг бүгд Сибирь, Алс Дорнодод болсон байна.
Хүмүүст харагдсан, ойртож очсон тохиолдол Сибирь, Магадан, Новгород, Камчаткаас хальж, хүн ам шигүү суурьшсан баруун мужууд руу тэлсээр байгаа бөгөөд Хар тэнгис, Сочигийн ойролцоох Роза Хутор сувиллын хотод үзэгдсэн тохиолдол ч бүртгэгджээ.
Хойд хөршид сүүлийн хоёр сарын дотор гарсан энэ төрлийн хэргийн талаарх мэдээллийг хүргэе.
Красноярскийн хязгаар (Хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн)
-Есдүгээр сарын 25: Вознесенк хотод 51 настай эмэгтэй эзэмшлийнхээ хашаан дотор явж байхад нь баавгай дайрч, гэмтээсэн. Эмэгтэйг гарч ирэхэд баавгай гэрийн тэжээмэл амьтдын хашаа руу орохыг оролдож байсан бөгөөд эмэгтэй чимээ өгөхөд эргэн дайрсан аж. Эмэгтэй гэмтлээ даалгүй нас барсан. Харин баавгайг хөрш айлын хүн буудаж хөнөөсөн гэсэн мэдээлэл байна.
-Есдүгээр сарын 23-ны шөнө: Потапово тосгоны ойролцоох мод бэлтгэлийн баазын ажилтан 39 настай эрэгтэй машин техникээ манаж хонож байхдаа шөнө баавгайд бариулсан. Баазын ажилтнууд хэрэг явдлыг мэдсэн даруйдаа эрэлд гарч, баавгайг шархдуулсан ч зугтаалгаж алджээ.
-Есдүгээр сарын 16: Дээд Кебеж тосгонд 66 настай эмэгтэй гэрийнхээ үүдэн дээр баавгайд бариулсан. Араатныг анчид эрэн хайж, олж устгасан байна.
-Есдүгээр сарын 6: Южно-Енисейский тосгоны ойролцоох ойд баавгай 40 настай эрэгтэйг барьжээ. Баавгайг олж устгасан.
-Наймдугаар сарын 31: Подтесово тосгоны ойролцоох ойд мөөг түүж явсан хоёр эмэгтэй баавгайд бариулсан байдалтай олжээ.
Буриадын БНУ, Эрхүү муж
-Аравдугаар сарын 2. Усть Илимск дүүрэг, Илим голын ойролцоо 71 настай анчин баавгайд бариулсан. Халдагч баавгайг хохирогчтой хамт явж байсан анчид цааш харуулжээ.
-Есдүгээр сарын 16 (Эрхүү муж): Киренскийн дүүрэгт баавгай ойд мөөг түүж явсан хүмүүс рүү дайрч, хэсэг бүлэг хүмүүс рүү дайрч, хоёр хүний аминд хүрчээ.
-Есдүгээр сарын 12: Мөн дүүрэгт, ойролцоо байршилд хөгшин настай мөөг түүгч баавгайн дайралтад өртөж нас барсан.
-Есдүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө (Буриад улс): Хуртаг улусын ойролцоо нэгэн эрэгтэй рүү баавгай дайрч, хохирогч эмнэлэгт нас баржээ.
-Баргузинскийн дүүргээс амьтны дайралтын шинж тэмдэгтэй өөр нэг цогцос олджээ.
Алтайн Бүгд Найрамдах Улс
-Наймдугаар сарын 19: ОХУ-д хамгийн дуулиан тарьсан тохиолдлуудын нэг нь Артыбаш тосгоны ойролцоох амралтын газарт гарчээ. Зэрлэг баавгай 29 настай дотоодын жуулчин бүсгүйг майхнаас нь чирч гаргаад, ой руу чирч аваачин хөнөөсөн.

Гэрчүүдийн ярьснаар, махчин араатан эмэгтэйг зуугаад жижиг голыг хөндлөн гарч, өөрт тухтай газраа аваасан. Дуу чимээнээр хөдөлгөөнд орсон хүмүүс, цагдаагийн ажилтнууд хойноос нь дагаж, буудсан ч баавгай огт тоохгүй байсан гэжээ.
Талийгаач нь Новосибирск хотоос нөхрийн хамт тус амралтын газарт ирж амарч байсан бөгөөд гадаа майханд хоносон нь алдаа болжээ. Нөхөр нь юу ч хийж чадаагүй, шооконд орсон байдалтай байсан аж. Тэрбээр эмэгтэйдээ дөнгөж гэрлэх санал тавиад байсан гэж нэгэн гэрч ярьсан талаар хойд хөршийн хэвлэлд бичсэн байна.
Хамгийн харамсалтай нь, эмэгтэйг зэрлэг араатанд идүүлж байхад цагдаа нар галт зэвсэгтэй хэр нь баавгайг онилолгүй, дээшээ л буудаад байсан гэж гэрчүүд ярьсан бөгөөд дуулиан шуугиан тарих гол үндэслэл нь энэ байсан байна.
Камчаткийн хязгаар
-Есдүгээр сарын 29. Устьевое тосгоны ойролцоо жимс түүж явсан 23 настай залуу баавгайд бариулсан. Эрлийн баг араатныг хайж олон, газар дээр нь устгажээ.
-Есдүгээр сарын 20: Усть-Камчатскийн дүүрэгт (Варгановка хороолол) баавгай албан байгууллагын төмөр хашааг нураан орж, эрэгтэй ажилтныг нь барьжээ.
Тувагийн БНУ
-Есдүгээр сарын 24. Хойд Америкийн ҮХЛ-ийн “Питтсбург Пингвинз” багийн тоглогч Андрей Кузьменкогийн эцэг Алексей Кузьменко Их Енисейд загасчилж яваад баавгайн халдагад өртөн нүүрэндээ хүнд гэмтэл авч, эмнэлэгт очоод нас баржээ.

Дээрх бол зөвхөн хүний амь нас хохирсон тохиолдлууд бөгөөд гэмтэж бэртсэн, сэглүүлж, зэрэмдэглүүлсэн тохиолдлууд үүнээс хэд дахин олон гарч байгаа аж. Баавгайн дайралттай холбоотой хүнд нөхцөл байдал үүссэний улмаас Сибирийн зарим хотууд (Тухайлбал Байкалск, Закаменск) сургуулиудыг хааж, сурагчдыг зайны сургалтад шилжүүлэх, оройн цагаар "Баавгайн хөл хорио" зарлах зэрэг онцгой байдлын үед авдаг арга хэмжээ авч байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна