“Хүрээ цам-Даншиг” наадмаар сур харваа болон морь уралдуулахгүй

2017/08/01

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүрээ цам-Даншиг” наадам ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5, 6-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж. Наадмыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд болон нийслэлийн Соёл урлагийн газраас хамтран зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн.

“Хүрээ цам-Даншиг” наадмын хурал номын ёслолын ажил ирэх пүрэв гаригт /08.03/ 15.00 цагт Гандантэгчинлэн хийд дээр Жахар цамын балин тахил, баг, хувцас адислах ёслол, бясалгал хурлаар эхлэх юм байна. Наадмын үеэр нийт таван өдрийн хуралдай болох аж.

Мөн наадмын өдрүүдэд Монголын өнцөг булан бүрээс 1000 орчим лам хуварга цуглаж, унзад хаялцах, тахилч нарын тэмцээн болох аж. Ням гаригт Хүрээ их цамыг Гандантэгчинлэн хийдийн 120 хүний бүрэлдэхүүнтэй лам хуврагууд үйлдэж, сүсэгтэн олонд хүргэхээр хөтөлбөрт тусгажээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх барилдах юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил сур харваа болон морь уралдуулахгүй аж.

“Даншиг наадам-Хүрээ цам гэдэг бол нэг өдөр ургаад гараад ирсэн зүйл биш. Эртний уламжлалтай, ёс заншилтай. Ёс заншил, номонд барилдсан, төгс төгөлдөр болсон ийм зүйлийн нэг хэсгийг толилуулж байгаа гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Наадмын үеэр бид 3-4 мянган гадны жуулчдыг хүлээн авна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна