Ирэх жилийн төсвийн онцлог гадаадад сурсан дипломын хуулбар уу?

2018/10/03
Сангийн сайд Ч. Хүрэлбаатар өнгөрсөн өдрүүдэд гадаадад сурч, галуу тахианы мах идсэн хүмүүсээр багаа бүрдүүлсэн гэж нэг их сүрхий зураг тавьж байгаад сошиалаар рекламдлаа. Хийсэн бүтээсэн зүйлээ олон нийтэд тайлагнах нь юу нь буруу байхав. Гэтэл эрхэм сайд маань уг сурталчилгаандаа хийсэн төсвийнхөө талаар ганц үг дайсангүй. Тиймээс 2019 оны төсвийн гол онцлог нь гадаадад сурч боловсорсон хүмүүс оролцсон гэдэгт л байгаа юм байна гэж ойлголоо.

Сайд маань “эдийн засаг, санхүүгийн өндөр боловсролыг гадаадын нэр хүндтэй сургуулиудад эзэмшсэн боловсон хүчин манай яаманд ажилладаг юм” хэмээн бахархаж болно л доо. Гэхдээ тэр бахархал нь төсвийн үндсэн зорилгыг бүдгэрүүлсэн “бахархал” байна гэхээр нэг тиймэрхүү. Хамгийн гол нь тэр бахархалынх нь цаана үндэсний боловсролыг “үгүйсгэсэн”, эх орондоо боловсрол эзэмшинэ гэдэг нэг их олигтой зүйл биш юм байна гэсэн ойлголтыг нийгэмд, ялангуяа залуучуудад өгөх “мессэж” байгаа нь бүр ч харамсалтай.



Манай боловсролын систем дампуурсан уу гэвэл дампуурсан. Бүх салбар дээрээ дампуурсан. Энэ дампууралд үр хүүхдээ сургууль, соёлтой болгох гэж байдгаа бараад гүйсэн эгэл олон лав буруугүй. Хуруу, хумсаа хугалах шахам байж олсон хэдэн цаасаа төрийн болон хувийн сургуулийн төлбөрт өгснөөрөө л жирийн олон бурууддаггүй юм бол өөр буруу гэж юу байхав. Боловсролын салбарын дампууралд сүүлийн 28 жил Монголын төрийг дангаараа болон хамтран засагласан МАН, АН-ын эрх баригчид л буруутай. Тэд сургуулийг бизнес болгосон. Өнөөдөр хувийн болон хувьчлагдсан сургуулийн дийлэнх эзэд нь энэ хоёр намд өндөр алба эрхэлж байсан нөхдүүд л байдаг. Үр дүн нь тэгээд өнөөгийн энэ бодит байдал. Өнөөдөр дотоодын их, дээд сургууль төгссөн хүнийг үнэлэх үнэлэмж энэ улсад шалан дээр унасан. Сангийн сайдын маань сошиалд тавьсан постийн гол агуулга нь ердөө л “гадаадад төгссөн хүмүүс төсөв хийсэн шүү, тийм болохоор та нар олон юм ярих хэрэггүй шүү” гэсэн санааг л цухалзуулж байна лээ. Энэ янзаараа цаашдаа гадаадын сургууль соёл төгссөн хүмүүс мэргэжлийн ямар нэгэн салбар дээр “үг дуугарч, үйлдэл гаргахад” олон нийт дуугүй хүлээн авч байх жишиг тогтох юм байна л даа.

Дэлхий дахины өндөр төвшний сургууль төгсөж боловсрол эзэмшсэн боловсон хүчнүүдийг төрийн үйл хэрэгт оролцуулах шиг сайн юм гэж хаа байхав. Гэхдээ тэр нь үндэсний боловсролоос үргэлж дээр нь байдаг гэсэн ойлголтыг хавтгайруулах нь сайн юм биш. Ер нь улс орныхоо хөгжил, үр хойчийнхоо төлөө зөв үйлдэл хийе гэвэл бид нэн тэргүүнд боловсролын салбараа дампуурлаас яаралтай гаргах хэрэгтэй байгаа юм. Энэ тал дээр эрх баригчдын зүгээс ямар ч бодитой алхам хийхгүй байгаа гэхэд хилсдэхгүй. Тэгсэн хэрнээ эрх баригчид маань өөрсдийн үр хүүхдүүд, ах дүүсээ гадаадад сурч боловсруулахад ямар их анхаарал халамж тавьдаг гэж бодно оо. Төрийн зээлийн жагсаалтыг хараарай. Дандаа дарга нарын хүүхдүүд л гадагшаа сургуульд явсан байгаа. Эрх ашгийн зөрчил, ёс зүй гээч юм хаа байна. Хаа ч байхгүй. Одоо тэгээд сайд дарга нараасаа эхлээд гол ажлаа мэдээлээгүй байж, гадаадад сургуульд төгссөн удирдах ажилтнуудынхаа нэрийг жагсааж бичээд сошиалд постолж суудаг нь өнгөц бодоход жижигхэн асуудал хэрнээ уг чанартаа ихээхэн хор уршигтай л зүйл дээ. Гадаадад сургуульд төгсөх нь давуу боломж юм бол нөгөө ядарсан ард түмэн чинь үр хүүхэддээ гадаадын сургуулийн диплом олж өгөхийн тулд юу байдгаа л барна шүү дээ.

17 дугаар зууны үед монголчууд Төвдөд хүүхдээ сургах гэж хичнээн их хөрөнгө, мөнгө зарсан байдгийг ном, сударт бишгүй л бичсэн байдаг даа. Тэр хандлага одоо дахиад нүүрлэчихээд байгаа шүү. Зөвхөн Өмнөд Солонгост гэхэд д гадаадын оюутны тоогоороо азийн улсуудаас Монгол толгойд нь цохиж явдаг гэж байгаа шүү. Тэр хүмүүс сургалтынхаа төлбөрийг ихэвчлэн өөрсдийн халааснаасаа л гаргаж байгаа гэж бод доо. Аливаа улс үндэстний боловсролын цөм нь үндэсний боловсрол байдаг. Санхүү, эдийн засаг, гадаад хэл, технологи, хууль зүй, уран зохиол... гээд дийлэнх мэргэжлээр бид дотооддоо өндөр боловсролтой боловсон хүчин бэлтгэх боломжтой. Хэрвээ чин сэтгэлээрээ хүсч, зорьж чадвал шүү дээ. Харин цөөн тооны нарийн мэргэжил, ялангуяа орчин үеийн техник технологи, нийгмийн салбарын зайлшгүй шаардлагатай мэргэжлүүдэд боловсон хүчнээ төр бодлогоор сургах хэрэгтэй. Мэдээж зарим нэг хүмүүс хувиараа гадаадад сурч боловсрох, элдэв сан, тэтгэлэгт хөтөлбөрийн дэмжлэг авах зэрэг нь цаг ямагт л нээлттэй байна шүү дээ. Улс даяараа, эгэл иргэдээсээ эхлээд эрх баригчид нь хүртэл харин гадаадын боловсролыг хэт шүтэж болохгүй. Үндэсний боловсрол бол үндэстэн оршихуйн үндэс юм.

Ингэхэд удирдлагын баг нь улс дамнаж сурсан сүрхий боловсон хүчинтэй гэгдээд байгаа Сангийн сайдын маань баг тэр чигээрээ мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн баг уу гэж үзвэл бас тийм биш юм байна. Санхүүгийн үнэт цаасны хадгаламж, арилжааны төв нь лав мэргэжлийн бус хүнээр удирдуулдаг юм гэсэн. Эрдэнэс таван толгойн данс нээлгэх гэсэн иргэдийг маш их чирэгдүүлдэг л юм билээ. Цааш гүнзгийрүүлээд харвал энэ мэт мэргэжлийн хандлагыг үл ойшоон тохоон томилсон, нам, бүлэглэлийн шахааны нөхдүүд цөөнгүй л байгаа байх. Энэ бүхэн нь нөгөө еэвэнгийн нэг тал гэдэг шиг хүнд харагдуулдаг нэг тал нь гэдэг шиг юм биш байгаасай л гэж бодож байна. Ингэхэд төсөв гээч юмыг хаана, хэн, ямар сургууль төгссөнөөр нь биш хэр зэрэг амьдралд ойрхон, үр ашигтай төсөв бэ гэдгээр нь л хэмжих нь зөв санагдах юм. Сангийн яам 2019 оны төсвөө зохиочихсон байдаг.  Гэтэл Хөрөнгийн бирж, Арилжааны төлбөр тооцоо, үнэт цаасны хадгаламжийн төв гэх мэт харьяа байгууллагууд нь 2018 оны төсвөө хэрэгжүүлж чадаагүй гэж байгаа. Ирэх жилийн төсвөө сайд маань энэ мэтийг эрхбиш тооцон зохиосон байгаа. Нөгөө сүрхий гадаадад мэргэшсэн мундаг боловсон хүчин нь урьд өмнө байгаагүй үр ашигтай, зөв тооцоо судалгаатай төсөв хийгээ байлгүй дээ. Гадаад дипломын чанарыг “шалгах”-ын тулд жил хүлээгээд л үзье.

Ц.Заяа

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна