Монгол Улс, Европын холбооны “Хүний эрхийн диалогийг дэмжих төсөл”-ийн зөвлөх, хуульч М.Ичинноровтой хүүхдийн эрхийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа Монгол Улс, Европын холбооны “Хүний эрхийн диалогийг дэмжих төсөл” хэрэгжээд нэг жил өнгөрч байна. Таны хувьд төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа. Төсөл хэрэгжсэн хугацаанд ямар ажлууд хийв?
-"Европын Холбоо Монгол Улсын хүний эрхийн диалогийг дэмжих төсөл" 2017 оны 10 дугаар сарын 1-ээс эхлэн амжилттай хэрэгжиж байна. Олон улсын хүний эрхийн гэрээ, хэлэлцээр, конвенци бусад механизмыг үр дүнтэй хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ахиц дэвшил гаргах зорилготйо төсөл.
Зорилтын хүрээнд хүний эрхийн цуврал семинаруудыг ГХЯ, ХЗДХЯ, УЕПГ-тай хамтран зохион байгууллаа. “Эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрх”, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нийгмийн шалтгаан нөхцөл” сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан. Мөн төслийн хүрээнд Европын Холбооны улсуудад хоёр удаагийн шинжээчийн түвшний аялал зохион байгуулахаар төлөвлөгдсөн. Энэхүү аялалын эхнийхийг 2017 оны 4 дүгээр сард Францын Страсбург хот, Герман улсын Триер хотуудад зохион байгуулсан. Шинжээчийн түвшний аялалд УЕПГ-ын удирдлага, прокурорууд хамрагдаад ирлээ. Түүнчлэн Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газартай хамтран Монгол Улсын нэгдэн орж, соёрхон баталсан олон улсын хүний эрхийн конвенцууд, олон улсын хүүхдийн байгууллагын гэрээний орчуулгын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг зохион байгуулж байна.
-Европын холбоо насанд хүрээгүй хүн буюу хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд анхаарал хандуулж, ач холбогдол өгч байна. Өнөөдрийн хурал ч мөн л хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж. Хурлын ач холбогдлын талаар тодруулахгүй юу?
-Төслийн хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа” сэдэвт хурал зохион байгуулж байна. Энэ удаагийн бага хурал өнгөрөгч нэгдүгээр сард болсон “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн тогтолцоо ба хүний эрхийн хэрэгжилт”, зургадугаар сард болсон “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл: нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” бага хурлын үргэлжлэл.
Брюссель хотноо 2018 оны 4 дүгээр сард болсон Монгол Улс, Европын холбооны хүний эрхийн хоёр дахь удаагийн диалогийн үеэр хоёр тал хүүхдийн эрхийг хамгаалах, хангах чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон. Өнөөдрийн хурал нь энэ тохиролцоог ажил хэрэг болгож буй алхам гэж ойлгож болно.
-
Хүүхдийн эсрэг хүний санаанд ч багтамгүй хэргүүд гарч байна. Мөн хүүхэд өөрөө гэмт хэрэгт холбогдох асуудал ч хурцаар тавигдах боллоо. Өнөөдөр хэрэгжиж буй хууль эрхзүйн орчин хүүхдийг гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэхэд чиглэж чадаж байна уу?
-Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хууль тогтоомжууд шинэчлэгдэн өөрчлөгдсөн хэдий ч гэмт хэргийн гаралт буурахгүй, тэр тусмаа хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа. Гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүмүүсийг нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, хохирсон хүүхэдтэй ажиллах эрүүгийн эрх зүйн тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна. Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах систем хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй хүний хэргийг шийдвэрлэхдээ насанд хүрсэн хүмүүсийн хэргийг хянан шийдвэрдэх бүтэц, системээрээ шийдвэрлэж, зохицуулсаар байна.
Хүүхдийн нас биеийн онцлог, төлөвшлийн түвшин, хувь хүний онцгой хэрэгцээ, гэмт хэргийн улмаас учирсан бие махбодь, оюун санааны хохирол, эмзэг байдал зэргийг нь харгалзан хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оролцох явцад нэмэлт таагүй явдал учруулахгүй байх, гэмтээхгүйн тулд онцгой анхаарал халамж тавих шаардлагатай байдаг. Түүнчлэн уруу татагдан гэмт хэрэг үйлдсэн, эсвэл гэрч, хохирогч хүүхдүүд тухайн гэмт хэргийн цорын ганц гэрч болох нь цөөнгүй байна. Хууль хяналтын байгууллагын чадавх, хандлага, сэтгэлгээ шинэчлэгдэн өөрчлөгдөх шаардлагатай гэдгийг амьдрал харуулж байна.
-Та Тахарын албаны Гэрч, хохирогчийг хамгаалах газрын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч, гэрч нарт зориулсан тусгай өрөө санаачлан тохижуулж байсан. Одоо тэр өрөөг ашиглаж байна уу?
-Баянзүрх дүүргийн шүүх дээр гэрч, хохиорогчид туслалцаа үзүүлдэг тусгай өрөө байгуулах санаачлага гарган тохижуулж өгсөн. Гэрч, хохирогч нар шүүхийн коридорт өөрийг нь хохироосон хүмүүстэй нүүр тулан айдастай хүлээдэг байдлыг өөрчлөх зорилготой хийсэн. Гэрч, хохирогчид тухтай өрөөнд цай, кофе уугаад, өмгөөлөгч, сэтгэл зүйчтэйгээ суугаад зөвлөлдөж, амрангаа шүүх хуралд оролцох орчин бүрдүүлсэн.
Хүчингийн, гэр бүлийн хүчирхийллийн, хүний наймааны хэргийн хохирогч, бага насны хохирогчид тусгай тоног төхөөрөмжийн тусламжаар шүүх хуралд биечлэн оролцох боломжтой болсон. Айж сүрдэж буй хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхдөө шүүхийн танхимд нүүр тулахгүйгээр тусдаа өрөөнөөс оролцохоор шийдсэн. Энэ бол олон улсын стандартаас ч давсан дэвшилтэт зохицууулалт. Харамсалтай нь тэр өрөөг огт ашиглахгүй байгаа талаар өмгөөлөгчид надад гомдол ирүүлсэн. Энэ бол хохирогчийг хайрлах сэтгэл зүй, хүний эрхийг хамгаалах сэтгэлгээ, мэдлэг, туршлага дутагдаж байгаатай л холбоотой гэж би үздэг.
-Хүүхдийн эрхийн асуудалд хууль эрхзүйн болон практик талаасаа ямар бодлого шийдвэр, хандлага хэрэгтэй гэж үзэж байна вэ?
-Хүний эрх бол итгэл үнэмшлийн асуудал. Хүний эрх хүүхдийн эрхээс эхэлдэг. Хүүхдийнхээ эрхийг хамгаалж чадаагүй нийгэм хүний эрхийг хамгаалж чадахгүй. Бодлого, шийдэл, шийдвэр, үйл ажиллагаа, хөтөлбөр, хууль эрх зүйн орчин, тогтолцоо, механизм гээд бүгдийг хүн бүрдүүлдэг. Тиймээс хүний эрхийн боловсрол, мэдлэг, сэтгэлгээ сайтай, бэлтгэгдсэн боловсон хүчин улс төр, нийгэм, хууль эрх зүйн бүх салбарт гол бодлогыг барьж ажиллах ёстой.
Манайд ер нь үеийн шинэчлэл, боловсон хүчний шинэчлэл, сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй байгаа юм. Хүний эрх өөрөө олон улсын хэм хэмжээ, стандартаар хэрэгждэг. Тиймээс бэлэн гаргасан стандарт, зөвлөмж, конвенцийг хэрэгжүүлэх нь өөрөө бодлого. Үүнийг хэрэгжүүлэхэд чадвартай боловсон хүчний асуудал яригдана.
-НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр зөвлөмж өгсөн байдаг. Зөвлөмжийн хэрэгжилтийг та хэрхэн дүгнэх вэ?
-Европын хүний эрхийн систем хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Энэ хэрээрээ улс орнуудад сайн туршлага, жишиг тогтоож өгсөн байдаг. Мөн НҮБ-аас хүүхдийн эрхийн хамгаалал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцогч хүүхдүүдэд ихээхэн анхаарал тавьж байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Засгийн газарт нэгдүгээрт, насанд хүрээгүй хүнд зориулсан тусгай шүүхтэй болох, шүүгч, прокурор, хуулийн байгууллагын мэргэжилтнийг сургах, мэргэшүүлэх, сургалтын тусгай хөтөлбөр бий болгох, хоёрдугаарт, хүүхдүүдэд үнэ төлбөргүй хуулийн зөвлөлгөө өгөх зэргээр хууль зөрчсөн хүүхдэд хууль зүйн мэргэжлийн, бие даасан, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх, гуравдугаарт, насанд хүрээгүй хүний хэргийг шүүхийн бус аргаар хянан шийдвэрлэх, хэрвээ ял шийтгэл оногдуулах бол аль болохоор хорихоос өөр хувилбарыг ашиглах, хорих ялыг хамгийн сүүлчийн арга хэмжээ болгож байж болох хамгийн бага хугацаагаар хорих гэсэн хувилбарыг ашиглах, ийм ял өгсөн бол ялыг цуцлах боломжтой юу гэсэн үндэслэлээр хэргийг тогтмол магадлангаар оруулж байх.
Дөрөвдүгээрт, хорих ялыг оноохоос өөр аргагүй үед хүүхдийг насанд хүрэгчидтэй хамт хорихгүй, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй байх гэх мэт хорих газрын нөхцлийг олон улсын стандартад нийцүүлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэхийг тус тус зөвлөсөн.Тодорхой ахиц дэвшил гарч байгаа. Гэхдээ бүрэн дүүрэн хэрэгжиж хараахан чадахгүй байна. Цаашдаа илүү бодитой үр дүн гарна гэж итгэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна