Энэ онд улс төрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
НЭГ. МАН ба төрийн хямрал
МУ-ын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилогдох үеэс хоёр хуваагдсан эрх баригч МАН-ын УИХ дахь 65 гишүүний хуваагдал 2018 оны эцэс гэхэд Монгол төрийг хямраах хүртлээ хурцдав.
Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Хотын дарга Су.Батболд нарыг огцруулах шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргаснаар МАН-ын зодоон ил болж, 64-ийн бүлэг 37 ба 27-гоороо хуваагдсан. Улмаар 27-ийн бүлэг Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулсан ч амжилтыг эс олж, У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ-ын 40 гишүүний дэмжлэгээр тогтож үлдлээ.
ЖДҮХС ба “60 тэрбум”-ын хэрэгтэй холбогдсон хоёр талын зодоон өнөөдрийг хүртэл үргэлжилж, УИХ-ын нэгдсэн чуулганыг найман удаа хойшлуулаад байна.
ХОЁР. Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн хэрэг нийгэмд дуулиан дэгдээв
ЖДҮ-ийн сангаас нийт 65 тэрбум төгрөгийн зээл гарсан бөгөөд үүний ихэнхийг УИХ-ын гишүүд ,нэр бүхий сайд нар, албан тушаалтнууд “халаалсан” нь илэрч олон нийтийн дургүйцлийг хүргэж, улс төрчдөөс хариуцлага нэхэхэд хүргэв.
Тодруулбал, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын ХХААХҮ-ийн яамны харъяанд байдаг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сандаа шалгалт оруулсан хийсэн. Гэтэл шалгалтын дүн эргээд Засгийн газрыг хүнд байдалд оруулав.
Учир нь тус сангаас Засгийн газрын зарим гишүүд болон УИХ-ын нэр бүхий гишүүд их хэмжээний зээл авсан болох нь тогтоогдож салбарын сайд болон тус сангийн албан хаагчдыг хуулийн байгууллага шалгаж байна.
Гэвч албан тушаалаа урвуулан ашигласан, төрд ажиллаж байгаа давуу байдлаа гэр бүл, танил талдаа ашигласан эдгээр улстөрчдөд хариуцлага тооцох мехианизм төрд бий ч, одоогоор ЖДҮ-чдэд хариуцлага тооцоогүй хэвээр байгаа учраас жинхэнэ эзэддээ очих ёстой зээлийг дээрэмдсэн сайд нар, УИХ-ын гишүүдийн дуулиан одоо ч намжаагүй үргэлжилсээр..
ГУРАВ. Авлигын хэрэгт сэжиглэн экс ҮАБЗ-ийн гишүүдийг баривчлав
УИХ-ын гишүүн, сайдаар ажиллаж байсан хүмүүст 2018 он тайван суух боломжийг олгосонгүй. Тодруулбал, энэ онд ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хоёр Ерөнхий сайд, экс ЗГХЭГ-ын дарга, экс ТЕГ-ын дарга, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нар авлигын хэргээр саатуулагдлаа.
Дөрөвдүгээр сарын 9-нд Ерөнхий сайд асан С.Баяр “Оюу толгой”-н гэрээ, офшор данс, Ч.Сайханбилэгийг “Дубайн гэрээ”-ний асуудлаар саатуулагдаж, гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь нийтийн анхаарлын төвд орсон сэдэв боллоо.
ДӨРӨВ.Төрийн яаманд хүний амины хэрэг гарав
Улирч буй оны хамгийн харамсалтай хэрэг бол төрийн яамны хариуцлагатай ажилтнууд нэгнийхээ аминд хүрсэн явдал байв.
Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар ажлын байрандаа архидан согтуурч нэгнийхээ аминд хүрсэн хэрэг наймдугаар сард гарсан билээ.
Үүний дараагаар салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ёс зүйн хариуцлага хүлээн албан тушаалаасаа нь чөлөөлөгдсөн юм. Өдгөө тус хэргийг хуулийн байгууллага шалгаж байна.
ТАВ. Засгийн газар хүн хулгайлсан хэрэгт сэрдэгдэв
Энэ оны долоодугаар сарын 27-нд Монгол Туркийн хамтарсан сургуулийн захирал Вэйсел Акчайг үл таних этгээдүүд гэрийнх нь гаднаас хулгайлахыг завдсан хэрэг гарсан нь нийтийн төдийгүй олон улсын анхаарлыг татсан үйл явдал байлаа. Туркийн талаас түүнийг террорист байгууллагыг санхүүжүүлэгч хэмээн үзсэн байдаг.
ЗУРГАА. УИХ-ын даргыг огцорохыг шаардаж, олон мянган хүн жагсав
Энэ оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын тодорхой гишүүд болон бусад иргэний хөдөлгөөнүүд “МАНАН бүлэглэлийн эсрэг Монгол түмний нэгдэл” гэх олон иргэн оролцсон жагсаал зохион байгуулагдав. Энэ нь сүүлийн хэдэн жилд болоогүй томоохон цуглаан байлаа.
Тус жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага барьсан байв. Цагдаа, тусгай хүчний байгууллагаас тус жагсаалд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байв.
ДОЛОО. Н.Гантулга ба Муратын ёс зүйгүй үйлдэл
Энэ онд болсон томоохон улс төрийн дуулиан бол УИХ-ын хоёр гишүүн хүчин, бэлгийн дарамт, танхайн хэрэгт холбогдсон хэрэг байлаа.
Хамгийн залуугаараа УИХ-ын гишүүний сэнтийд заларсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, дотуур хувцсаа өмссөн, өмсөөгүй байсан тухайгаа ярьсан ч эцэст нь өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхөд хүрсэн билээ.
НАЙМ. Төр төмөр нүүрээ үзүүлж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөв
Төр эзэнтэй гэдгээ харуулж, даварсан аж ахуйн нэгж компаниудыг дарж, өөрийн эзэмшлийн газраа буюу явган зорчигч явах газар дээр хууль бусаар барилга байгууламж барьсан газруудыг хүчээр албадан чөлөөлсөн нь онцлох үйл явдал байв.
Тухайлбал, хууль зөрчин явган хүний замыг хааж, нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүйгээр шат, авто машины орц, гарц барьсан "Туушин" зочид буудал ХХК-ийн өмнөх газрыг албадан чөлөөлсөн. Гаргасан зөрчлөө арилгахыг удаа дараа сануулсан ч арилгаагүй учир ийнхүү хүчээр албадан нураасан юм.
Үүнээс хойш нийтийн эзэмшлийн талбайг хумслаж хувийн эзэмшил болгосон аж ахуйн нэгжүүдийн барилга байгууламжийг албадан чөлөөлөв.
ЕС. Цахилгаан автобус үйлдвэрлэж, үйлчилгээнд туршиж байна
Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр монгол инженерүүдийн бүтээсэн “Мон-30” автобус нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд туршиж эхэлсэн билээ. Хотын нийтийн тээврийн салбарт Мон-30 автобусаар шинэчлэл хийх боломжтой эсэх талаар судалж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэгдэв.
Энэ нь байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай цахилгаан автобус нэвтрүүлэх, туршилт хийх тухай Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 22-ны 122 тоот тогтоолын хүрээнд хийж буй ажил юм. “Мон-30” загварын автобус нь жилд 6.6 сая төгрөгийн эрчим хүч худалдан авч, тус салбарын зардлыг 30-40 хувиар буулгах боломжтой юм.
АРАВ.Хотын дарга ажлаа өглөө
Монгол Улсын Ерөнхий сайд энэ сард захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна